Thursday, February 19, 2009

Англид А.Аршавиныг эхнэрээс нь болж хавчиж байна


Оросын хөлбөмбөгчин Андрей Аршавиныг гэр бүлээ Лондонд авчирмагц Английн хэвлэлүүд гэр бүлийг нь хорон үгээр “утаж” эхэлжээ. Хэвлэлүүд анх орон нутгийн нэгэн сонинд өгсөн эхнэрийнх нь ярилцлагаас болж боорлож эхэлсэн тухай “Life” сэтгүүлд өгүүлжээ. Өнгөцхөн харахад түүний өгсөн ярилцлага огт гэмгүй аж. Уг ярилцлагад хөлбөмбөгчний эхнэр гэр бүл нь Испанид очсон бол хавьгүй дээр байсан хэмээн ярьжээ. Ингэхдээ Английн хоол, уламжлал түүнд таалагддаггүй тухай ярьсан байна.



“Надад Англи тийм ч их таалагддаггүй. Эндхийн хүмүүс биеэ хэт их барих юм. Энэ чинь дэндүү уйтгартай шүү дээ! Тэгээд ч нүүж очих үед бидний хоолны хувьд жинхэнэ хүндрэл гарч магадгүй. Бид ер нь Испанид очих юмуу Оростоо үлдсэн бол дээр байсан юм…” гэжээ. Түүний хэлсэн үг Англид жинхэнэ шуурга үүсгэжээ. Үүнээс нь болж английн сэтгүүлчид өнгөрсөн оны тавдугаар сард Юлия Манчестерт ирэхдээ англи хоолонд дургүйгээ харуулсныг нь сануулаад авчээ.
“Өөрийнхөө исгэлэн ногоотой шөл, аарцтай боовоо идэцгээ!” хэмээн английн сонинууд А.Аршавины гэр бүлийнхнийг уриалан илт доромжлохоос ч буцахгүй байгаа аж.
“Тэр англи соёл, бидний хоолыг үзэн яддагаа харуулсан” хэмээн нэгэн сонинд өгүүлжээ. Тэхдээ Орос хоолоороо хэзээ ч гайхуулж байгаагүй. Хуучин ЗХУ-д хамгийн их нэртэй хоолонд “окрошка” буюу гашилсан сүүтэй шөл байсан. Түүнийгээ тэгээд хүйтэн ногоо, мах юмуу загастай хольсон байдаг юм. Амттай юм шиг сонсогдож байна уу? Төсөөлж чадахгүй байгаа бол оросуудын хамгийн дуртай бас нэгэн хоолыг төсөөлөх гээд үзье л дээ. “Ши” нэртэй байцааны шөл шүү! Эсвэл оронд нь “рассольник” буюу давсалсан, исгэлэн жигнэсэн мах.
Харин гол тансаг хоол нь “студень” хэмээх цавчиж царцаасан гахайн махыг төсөөлж үзье! Тэгээд энэ бүхнээ чанасан өтгөн овьёос, давсалсан байцаагаар даруулвал ямар вэ? Энэ бүх тансаглалын дараа та дессертэнд нь “матрушка” гэх аарцаар голыг нь дүүргэсэн хөөмөл гурилан боов хүртэнэ дээ. Сайхан хооллоорой!” гэжээ.

Загвар

Британийн сэтгүүлчид А.Аршавины эхнэрийг “хорсолтой, сэтгэл татам гичий” хэмээн тодорхойлсон аж. “А.Аршавины эхнэр хорсох сэтгэлээ зөвхөн англичуудад хүртээгээд зогсохгүй нөхөртөө ч гэсэн хүртээдэг хэмээн английн сэтгүүлчид бичсэн байна. Тухайлбал тэрбээр хувцас сонгохдоо нөхрөө байнга яншдаг гэнэ. “Би Андрейд юу өмсөх ёстойг нь байнга хэлдэг” гэсэн үгийг нь иш татжээ. “Би түүнд байнга л олон зүйл худалдан авч өгдөг. Авсан бүхэн минь түүний бусад хувцастай хосолдог. Гэхдээ түүнийг өглөө явмагц л би Андрей дахиад л андуураад өмсчихснийг нь мэдэрдэг. Бурхан минь хүмүүс лав эхнэр нь түүнийг тийм төрхтэй явуулсан гэж бодох байх даа! Нөхөр маань хоорондоо ямар ч зохицолдоогүй хувцас өмсөөд байхад хүмүүс надад чи юундаа сандраад байгаа юм гэдэг. Гэтэл энэ нь ч улаан нөгөөдөх нь ч улаан байдаг. Үүнийг нь хараад л толгойтой үс минь арзайчих юм” гэжээ.
Британийн соёлын дутагдалтай талуудад таагүй ханддаг ч алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхэмын эхнэр түүнд таалагддаг тухай ярьсан байна. “Тэр надад их таалагддаг. Би түүний хувцасны стиль, биеэ авч явах байдлаар нь бахархдаг. Олонд хүргэдэг түүний дүр төрх надад таалагддаг юм. Вики хэзээ ч нөхрийнхөө ард нуугдаж байгаагүй. Түүнийг нисэх онгоцны буудалд хүүхдээ тэврээд явж байхыг нь зурагтаар харснаа огт мартдаггүй шүү. Тун гайхалтай байсан” гэжээ.

0 Сэтгэгдэл: