Monday, February 2, 2009

Л.Гүндалай өөрийгөө Обаматай зүйрлэв.


-Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших хүсэлтээ гаргалаа-

Ерөнхийлөгчийн сонгууль болоход цөөхөн cap үлдээд байгаа билээ. Гэсэн хэдий ч одоог хүртэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хүмүүсийн нэр тодорхой бус байгаа. Харин УИХ-ын гишүүн Л.Гүндалай Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ өнгөрсөн баасан гарагт АН-ын ерөнхий нарийн бичгийн даргад өглөө. Л.Гүндалай гишүүний хүсэлтэд “Ардчилсан намын гишүүн Л.Гүндалай би 2009 оны тавдугаар сарын 24-нд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихийг хүсч байна.
Миний бие 45 нас хүрсэн бөгөөд агуу их Монголын ард түмэн Чингисийн Монгол Улсын сайн сайхан өөрчлөлт, шударга ёсыг тогтоохын төлөө ардчилсан, энэрэнгүй Ерөнхийлөгч байх бөгөөд сонгуульд өрсөлдөн ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг нэг бүрчлэн их хурлаараа авч хэлэлцэхийг хүсч байна…” гэжээ.

Хөвсгөл аймгийн Хатгал суманд иргэн Ламжавын 11 хүүхдийн найм дахь хүүхэд болон төрсөн тэрбээр Хатгалын арван жилийн сургуулийг онц дүнтэй төгсчээ. Улмаар ХБНГУ-д мөн онц дипломтойгоор Хүний их эмч мэргэжил эзэмшсэн аж. Англи, Герман, Орос хэлтэй тэрбээр эхнэр, таван хүүхэдтэй. УИХ-д тасралтгүй гурван удаа сонгогдож Эрүүл мэндийн сайд байхдаа Эрүүл Монгол хүн хөтөлбөрийг боловсруулжээ.
Мөн хүүхдийн мөнгийг санаачилж Монголын нэг сая хүүхэд, олон зуун мянган өрхөд дэм болж байгаа гэнэ. 2000 онд АН-ын дэд дарга болж Ардчилалын төлөө тууштай тэмцэж, 2003 онд баригдаж, хоригдож явсан нэгэн юм байна. 2002 оноос “Сант-Марал” болон бусад судалгаагаар топ 10 улстөрчийн айргийн тавд тасралтгүй орж байгаа гэдгээ Л.Гүндалай гишүүн онцолж байлаа. Тэрбээр муу хэлүүлэх тусам үнэн ялж Робин Гүүд, Чингис хаан, Цахиур Төмөр, Обама шиг удирдагч, ерөнхийлөгч болно гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна гэсэн. Түүнчлэн Л.Гүндалай гишүүн, “Өнөөдрийн байдлаар над шиг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн хүн нэг ч байхгүй. Нэр дэвшихийг хүсч байгаа хүн олон байна гэж би сонссон.
Миний ойлгосноор Э.Бат-Үүл гишүүн байгаа юм шиг байна лээ. Өөр цаана нь нууц бодолтой ганц нэг хүн байгаа байх. Гэхдээ нэр дэвших хүсэлтэй олон хүн байгаагаас хамгийн ялж чадах боломжтой хүн нь би л байна. Би өөртөө 100 хувь итгэлтэй байгаа. Яагаад гэвэл би Монголын ард түмэндээ зүрх сэтгэлээрээ хандана. Энэ ядуурал, хямралаас гаргаж чадна” гэж байсан.
Түүнийг тойрсон хэл амыг “энэ бол миний нэр төрд халдах, намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх оролдлого байсан. Зориудаар ингэж улс төрийн зорилгоор гэмт хэрэгт холбогдуулж байгаа. Энэ нь удахгүй бүтэхгүй болох байх” гэлээ. Дашрамд дурдахад, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Л.Гүндалайг нэр дэвшүүлэх эсэхийг АН шийдэх юм.

1 Сэтгэгдэл:

Н.Мөнхбат said...

Энэ Гүндалай одоо болиосой би бүр инээд хүрээд энэ мэдээг зориуд өөрийнхөө блогт оруулчихлаа. Ийм утгагүй зүйлийг ярихаа ичээсэй. хэзээ ч Гүндалай Обама шиг байж чадахгүй шүү дээ.Үнэн л энэ