Thursday, February 19, 2009

Тэглэх хувилбарын тухай тэрслүү үг

Монголчууд юмыг өсгөхдөө гаргуун. “Амны билгээс ашдын билэг” гээд л өсгөөд эхэлнэ шүү дээ. Өсгөсөн юмаа буцааж бууруулна гэж байхгүй. ” Дээшээ, дээшээ, бүр дээшээ” гэж дуулаад л дэгдээд өгнө шүү дээ. Хямралын үед энэ араншин бүр илүү үзэгдэх боллоо. Хямралын үед хөгжингүй орнууд юм юмаа хямдруулж, үнэ өртгөө багасгаж байхад манайд бүх юм эсрэгээрээ. 
Зарим улс орон эдийн засагтаа “Тэглэх хувилбар”-ыг ашигладаг гэдэг. Энэ “тэглэх” гэдэг нь эдийн засагчдийн мэргэжлийн үг хэллэг боловч, юм бүхнийг “Тэг”-тэй тэнцүүлэх ч гэсэн үг бас биш. Хатуу бодлогыг зөөлрүүлэх, татварын бодлогыг эерэгээр шийдвэрлэхэд хэрэглэдэг шиг байгаа юм.
Харин монголчууд “Тэг”-ийн тоонд их дургүй. Тэнэг, мулгуу маягийн хүнээ “Ноолийн ногоон тэг” гээд доош нь жийчихнэ. “Нооль” гэдэг нь Оросуудыг дуурайж байхдаа сурсан ‘Тэг” гэсэн үг.



“Ногоон” гэдэг нь орос хүндээ дургүйцэхээрээ “Ногоон” нүдийг нь шоолсон хэрэг. Ингээд л их муугийн жишээг “Ноолийн ногоон тэг” гэж авах юмгүй доромжилж буй нь тэр. Бас архи мэтэд автахыг “Ногоорох” гэнэ. Ингэхээр “Ногоорох”, “Тэглэх” гэсэн санаа монголчуудад тийм сайнаар тусах нь үгүй. Гэвч энэ удаа “Тэглэх хувилбарын тухай” тэрслүү үгээр сөрье.

Алтны “68″-ыг тэглэе

Энэхүү алтны “68″ монголыг аварсан нь үнэн, авраад дараа нь “алж” байгаа нь ч үнэн. Амины нэхэлтэй алт гэдэг аль ч үед аврал дагуулдаг нь ховор. Ер нь түр зуурын л ашиг хонжооны, альбин шуналын “Диваажин”-д дууддаг ад шидийн эд л дээ.
Дэлхийн зах зээлийн хэмжүүрийг “Алтаар” нэг их дэнслээд байдаггүй ч, эдийн засгийн дэнслүүрийг бас хэмжээд байх нь үгүй мэт. Багцаа, жишиг авахдаа л “Алт”-тай дүйцүүлдэг юм биш үү?
Гэхдээ манайд зах зээлийг эхэлж, хөл тэнцэхийн тулд “Алт” хөтөлбөр үр ашгаа өгсөн. Алт дагасан бүхний амьдрал дээшилж, алтны жижигхэн үрэл ч гэлээ алга тэнийлгэсэн. Гэвч алтыг буруу эдэлснээс газар дэлхийгээ сэндийлж, гай дагуулах нь их боллоо.
Авсан алтаа улсдаа тушаалгүй, гадаад руу гаргах нь дэндлээ. Алтны татвараас зайлсхийж, амин хувиа бодож, улс эх орныхоо уут савыг хоослох нь ч гаарлаа. Ийнхүү “68″ эерэг ч сөрөг ч дагаврыг дагуулав. Татвар хураагчид ч муу ажиллалаа.
УИХ “68″-ийн тухай дахин нухацтай ярих нь ч зүйтэй болов. Тэгэхдээ эдийн засгийн үеийн хямралт байдалтай дасан зохицсон арга хэмжээ яаралтай авахад “68″ зайлшгүй хөндөгдөж таарна. УИХ “Ганц удаагийн хууль” гаргахдаа гаршсан тул “68-ийн тухай” дахин хууль сөхөхөд гэмгүй.
Засгийн газрын хямралаас гаргах төлөвлөгөөнд дурдагдаад байгаа 1,5 их наяд төгрөгийн асуудал ярихад биднийг аврагч алтаа барьцаалах нь яавч буруугүй мэт. Одоо алт олборлогч бүх компани, хувь хүмүүсийн алтыг барьцаалж, их наядын өрөнд тавья. Тэрхүү их наядаар тоологдсон, даруй бидэнд хэрэгтэй байгаа 1,5 их наяд бол 40 тонн алттай тэнцсэн л мөнгө. Тиймээс энэхүү 40 тонн алтыг олж авахын тулд алт олборлогчдоо гар өргөн дэмжие л дээ. Алт барьцаалан амь зуугч Монгол банк ч дампуурахад хүрч байна. Энэ бүхнийг бодолцоод ойрын нэг юм уу, хоёр жилд алтны “68″-ийг шууд тэглэе.

Архины татварыг тэглэе

Алтнаас дутуугүй аминд халтай архины татварыг бас л тэглэе. Тэгж тэглэж байж архи үйлдвэрлэгчдээс ахиухан ашиг татаас олж авья. Нэгэнт архичдаар дүүрчихсэн манай улсад архийг хаах юмуу, архины татварыг өндөрсгөөд ашиг олохгүй нь тодорхой боллоо. Харин ч баяр ёслолын үеэр архийы худалдааг өргөжүүлж, үнийг нь хямдруулж, нэр төрлийг олшруулж, зөв хэрэглээг дэмжсэн бодлого барья.
Түүнээс бус архийг хорьж чаддаггүй шигээ архины тэмцлийг хатууруулаад нэмэргүй. Улам ч хортой хүнс нэмэгдэж, хордогчид олширч улс орон бүр туйлдаж мэднэ. Гэхдээ импортоор оруулж ирдэг архины татварыг тэглэж болохгүй.
Үндэсний аюулгүй байдлыг гадны “Усан буу” алдагдуулж болзошгүй тул гадаадын хатуу ундаанд хатуу бодлого барих учиртай. Архины татвар тэглэхэд түр зуурын тэглэх хувилбар барихаас бус бүр тэглэчихвэл “Согтуу монгол” солиорох аюултай. Архины татварыг онцгой үед хөнгөлөөд, онц бус усд чангалах нь чухал. Тэгэхгүй бол архи гэдэг алтнаас дутуугүй аюултай тийрэн шүү дээ.

Автомашины албан татварыг тэглэе

Морьгүй монгол хүнийг олоход бэрх шиг машингүй монгол хүнийг тоолоход хэцүү болсон цаг. Нэгэн үе Энхсайханы Засгийн үед автомашины албан татварыг тэглэснээс сайн ч, муу ч юм зэрэг л болсон. Явган монгол унаажсан сайн талтай. Доройжсон эдийн засаг улам дордсон ч талтай. Машин хэрэглэгчид олширсноор давхар эдийн засгийн гарлагад нэрвэгдсээр өнөөг хүрлээ.
Шатахуун импортлогчид олширсон ч монопольжсон үнийг хөөрөгдөл гарч ирсэн. Эргээд харахад гадны шатахуун, гадны машин биднийг дотроос маань ёстой хоосортол мөлжиж байна. Шатахууны үнэ дагаад машины үнэ өснө. Энэ бүхнийг дагаад өргөн хэрэглээний юмны үнэ задартлаа өснө. Ийм урвуу хамааралтай шатахуун, машины сүлжээ монголыг бас л доройтуулж байгаа нь нууц биш.
Машингүй амьдарч болно. Шатахуунгүй ч амьдарч болно. Гэхдээ ямар ашиг унагаж энэ хоёргүйгээр байх боломжтой вэ? Хямралын сүүдрийг дагаж энэ хоёрын хэрэглээний хямрал бас л үүслээ. Машины борлуулалт шалдаа болтол унав. Машин авах хүн олдохоо болив. Аргагүй. Өөрийгөө яаж тэжээх вэ гэж байгаа хүмүүс машинаа яаж “тэжээх “вэ дээ?
Гэвч хямралын өвчний нэгийг ч бол илааршуулахад автомашины гаалийн албан татварыг “тэглэхэд” буруугүй мэт. Ганц анхаарах нь гадаадын хуучин машинд бол гаалийн татварыг эрс өндөрсгөж, шинэд нь “Тэглэх” саналыг дэвшүүлье. Эдийн засгийн гарлагатай муу машиныг шахан зайлуулж, сайн чанарын сайхан машиныг чөлөөтэй оруулж ирэн, морь мэддэг монгол гэдгээ үзүүлэн гангарахад яагаад болохгүй гэж?

Үйлдвэржсэн импортын “Хураамж”-ийг тэглэе

Дотооддоо зүү ч үйлдвэрлэдэггүй манайх шиг орон гадаадын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг бол үнэгүй л оруулаад баймаар байна. Алтны үйлдвэрийн болон уул уурхай, барилгын хүнд машин мехнизмыг бүгдийг нь үнэгүй оруулах хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын бүх техник, технологийг үнэгүй оруулцгаая. ХАА-н машин механизмыг ч үүдээрээ оруулаад л байя.
ДОХ-ыг үнэгүй импортолсон хэрнээ энэ мэт хэрэг тустай юмыг бол нээлттэй хаалгаар нэвтрүүлэх нь доройтсон эдийн засагтай бидэнд ам руу зүгээр орсон шар тос гэсэн л үг шүү дээ.

Валютыг бас тэглэе

Монгол мөнгийг бүх гүйлгээнд оруулаад гадаад валютыг хязгаарлаахдаа бодох нэгэн зүйл байх шиг. Гаднаас орж ирэх бүх валютыг бол гадуурхах хэрэггүй. Зөвхөн ам, долларт л тодорхой хэмжүүрээр хатуурхах нь зүй. Түүнээс бус бусад гадны валютыг гарын салаа бүхнээр оруулж ирмээр байна.
Гадагшаа бол ганц ч ширхэгийг гоожуулж болохгүй. Долларыг хэдий их оруулж ирнэ төдийчинээ сайн. Юанийг бол саагаад л баймаар байна шүү. Рублийг ч гэсэн өөд уруугүй наашлуулж, евро, фунт стерлингийг даллаад баймаар байна. Иймийн тулд арилжааны банкуудыг өрсөлдүүлэн уралдуулах хэрэгтэй байна. Монгол банк үүний төлөө үхэлдэн тэмцээсэй. Алт, валют нөөцөлсөн арилжааны банкуудыг төр дэмжиж, алган дээрээ бөмбөрүүлмээр байна санж.

Хэрэггүй их, дээд сургуулиудыг тэглэе

Монголд гарлагын үүдийг нээсэн бүх их, дээд сургуулиудыг хааж, цөөн, хэрэгтэй нэгнийг нь шалгаруулж үлдээе. Боловрол дампууруулсан бодлогогүй дээд боловсролыг тэглэе. “Тэг” сургалттай дээд сургуулиар яах вэ дээ?
Тэрний оронд Мэргэжлийн сургалттай төвүүдийг олноор нээж, суралцагсдад нь тэтгэлэг олгож, ажлын байраар хангая. Энэ тухайд олныг эс нуршин “Тэглэх хувилбарын тухай” тэрслүү үгээ цэглэе. Хямралд өртсөн бүхнийг тэглэн, зөв зүйтэй алхам бүхнээ харин “Тэгээс” эхэлье.

0 Сэтгэгдэл: