Saturday, February 21, 2009

Гишүүд төрийн албан хаагчдын цалинг бууруулахыг дэмжсэнгүй



УИХ-ын чуулган өчигдрийн хуралдаанаар Улсын төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр энэ оны төсвийн тодотголын төслийг УИХ-д танилцуулсан юм.



Монгол Улсын Ерөнхий сайд төсвийн тодотголын төслийн танилцуулгадаа, “Монгол улсын хувьд ч санхүү, эдийн засгийн хямралын сөрөг нөлөөлөл өргөжин тэлэх хандлагатай байгааг статистикийн тоо мэдээлэл болон иргэдийн өдөр тутмын амьдралаас мэдэрч болохоор байна.
Гадаад, дотоод олон хүчин зүйлийн улмаас Монгол Улсын 2009 оны төсвийн явц байдал, цаашдын хандлага нэлээд таагүй дүр зурагтай гарахаар байна. Он гарсаар төсвийн орлогын бүрдэлт тун тааруу буюу төлөвлөсөн орлогын дөнгөж 50 гаруйхан хувь нь бүрдсэн байна.
Үүний шалтгаан нь зэс, молибдений болон цайрын хүдрийн баяжмал зэрэг экспортын гол нэрийн түүхий эдийн үнэ ханш өнгөрсөн жилүүдийн түвшнээс эрс буурсан, импортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 40.0 гаруй хувиар буурч байгаа, дотоодын зарим аж ахуйн нэгж баигууллагын үйл ажиллагаа саарч, борлуулалт буурч байгаа зэргээс хамаарч байна.
Монгол Улсын экспортын орлогын 35.0-38.0 хувийг бүрдүүлж ирсэн зэс, молибдений баяжмалын орлого үнэ ханшийн бууралтаас шалтгаалан оны эхний 1 дүгээр сарын байдлаар 26.0 хувийг бүрдүүлж, өнгөрсөн оны мөн үеэс 55.0 орчим хувиар буурсан байна.
Энэ байдал цаашид хэвээр үргэлжилбэл 2009 оны батлагдсан төсөвт нөхөгдөх ямар, нэгэн эх үүсвэргүй алдагдлын хэмжээ 500.0 гаруй тэрбум төгрөгт хүрэх хандлага гарч байна.
Гадаад эдийн засгийн орчин нөхцөл таагүй, дотоодод эдийн засгийн хямрал үргэлжилж байгаа ийм нөхцөлд улсын төсвийн тэнцлийн алдагдлыг аль болох бага хэмжээнд байлгах, тодорхой хэмжээний алдагдлыг нөхөх эх үүсвэртэй байх хэмжээнд төсвийн тэнцлийг хадгалахыг хичээж төсвийн тодотголыг боловсрууллаа. Олон улсын санхүүгийн зах зээл дээр бий болсон санхүүгийн хямралын улмаас дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ огцом буурсан нь манай улсын эдийн засагт нөлөөлж, улмаар төсвийн орлого ихээхэн хэмжээгээр буурч байгаатай холбогдуулан төсввөс санхүүжүүлэх урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах, хумих зайлшгүй шаардлага тулгараад байна.
Төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, өнөөгийн мөрдөж буй хууль эрх зүйн орчин, Засгийн газраас эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хөтөлбөр, арга хэмжээтэй уялдуулан, эдийн засгийн нөхцөл байдал, гадаад, дотоод орчны нөлөөлөл зэргийг тооцоход Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 259,1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 554.4 тэрбум төгрөгөөр буурч, нийт дүндээ төсвийн орлого 295.3 тэрбум төгрөгөөр буурахаар байна.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн даваа гаригт УИХ-д өргөн мэдүүлсэн төсиийн төсөлдөө бид төсвийн байгууллагын ажилтан, албан хаагчдын үндсэн цалинг 20 хувиар бууруулахаар тооцож тодотголыг боловсруулаад байсан билээ.
Нөхцөл байдал тааруу, бидэнд сонголт хийх боломж харьцангуй бага, хязгаарлагдмал байгаа боловч Засгийн газрын зүгээс төсвийн байгууллагын ажиллагсдын цалин хөлсийг өөрчлөх асуудалд болгоомжтой, нухацтай хандаж холбогдох талуудтай энэ асуудлаар санал солилцлоо.
Тухайлбал УИХ-ын даргын хамт бид МҮЭ-ийн холбоодын удирдлагуудтай уулзаж ярилцах явцдаа энэ асуудлаар санал солилцоход МҮЭ-ийн зүгээс цалин хөлсийг хорогдуулах шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд байна. Дээрх уулзалт, ярианы дараа Засгийн газрын зүгээс 2009 оны төсвийн тодотголд төсвийн ерөнхийлөн захирагчдын бараа, үйлчилгээний нийт зардлыг дүнгээр нь 20 хүртэл хувиар хорогдуулах зарчмыг баримтлах нь илүү зохимжтой, төсвийн байгууллагын ажилтан, албан хаагчдын эрх ашигт сөрөг нөлөө бага үзүүлэх хувилбар байж болох юм гэж үзсэн.
Төсвийн хөрөнгө оруулалт 2003-2005 онуудад жилд дунджаар 10 гаруй хувиар л нэмэгдэж ирсэн бол сүүлийн 3 жилд хөрөнгө оруулалтын хэмжээ эрс хурдацтай нэмэгдэж 2009 оны батлагдсан хөрөнгө оруулалтын хэмжээ 2005 оны түвшнээс даруй 8 дахин өссөн байна.
Төсвийн орлого буурч байгаагаас 2009 онд төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болж, төсвийн зарлагыг санхүүжүүлэх эх үүсвэр, боломж хязгаарлагдмал болж байгаа учир төсвийн хөрөнгө оруулалтыг хумих шаардлага тулгарч байна. Тодотголоор төсвийн төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт нийт дүнгээрээ 126.6 тэрбум төгрөгөөр буурч 362.4 тэрбум төгрөгт хүрэхээр төлөвлөгдөж байна.
Үүнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 127 гаруй тэрбум төгрөг, Монгол Улсын Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаас 4.5 тэрбум төгрөгийн, нийтдээ 131.5
тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хойшлуулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 46.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг Монгол Улсын Хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр зохицуулах, өмнөх оноос шилжиж буй улсын комисс ажиллаагүй 4.8 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээний санхүүжилтийг тусгах саналыг боловсрууллаа” гэсэн юм.
Энэ оны төсвийн тодотгол өмнөх онуудаасаа онцлогтой. Өнгөрсөн жилүүдэд бид эрдэс баялгийн салбараас олсон ашгаараа баяжиж, бүр сагаж, төсвөөс гадна хөгжлийн сан байгуулж, хүүхдүүддээ жил, сараар нь чихрийн мөнгө илүүчилж байлаа. Одоо харин энэ бүхнийг зохицуулах дээрээ тулаад байна.
Эдийн засаг өсөлттэй үед алт зэсийн үнэ олон улсын зах дээр өндөр байсан шигээ хямрахаар нь дагаад үнэ нь унадаг ажээ. Газрын баялгаараа бялхаж, баяжиж байсан бидэнд мөн л хүнд тусч, дагаж хямраад байгаа.
Жижиг эдийн засагтай манай орны хувьд хямралд бага зэрэг л өртөнө гэж олон улс орон үзэж байгаа ч өнөөдрийн тухайд дагаж хямраад байна уу, дагуулж хямраад байна уу гэдэг эргэлзээ зарим хүмүүст төрөөд байгаа юм. Учир нь төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг уул уурхайн компаниуд татвараа төлөх байтугай ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрээд байгаа гэж байна. Хямралын үе эхний шатандаа байна гэсэн хэрнээ манай улсын “саалийн үнээ” болсон Эрдэнэтээс эхлээд дээрх асуудал үүсгээд байгаа нь хүмүүсийг бүр ч гайхшруулаад байгаа юм.
Жил жилийн төсвийн тодотгол дээр хүмүүсийн цалин буурч, хөрөнгө оруулалтыг зогсоох байтугай харин ч нэмдэг байсан. Тухайлбал халамжийнхан, тэр дундаа тэтгэврийнхэн хэдэн хувиар тэтгэвэр нь нэмэгдэх бол гэж чих тавьж суудаг байлаа. Харин энэ удаад эсрэгээр, Засгийн газар өөрсдөөсөө эхлээд цалингаа бууруулаад эхэлсэн.
Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар хасах дээр нэг их асуудал үүссэнгүй. Тэртэй тэргүй өндөр албан тушаалынхаа хэмжээгээр өндөр цалин пүнлүү авч, хангамж эдэлж байгаа хүмүүс. Харин төрийн албан хаагчдын цалинг бууруулж байгаа нь нийгмийг ихээхэн эмзэглүүлж буй юм. Хэдийгээр Засгийн газраас дээрх төслийг боловсруулж, УИХ-д дөнгөж өчигдөр танилцуулж байгаа ч цалингийн асуудал хөндөгдсөн болохоор нийгэм тэр аяараа сэтгэлзүйн хямралд өртөөд байгаа билээ.
Гэхдээ гишүүд Улсын төсвийн тодотголын төслийг хэлэлцэхдээ хэмнэлт хийнэ гээд цалинг яаравчлан бууруулахын эсрэг байлаа. Гишүүд цалинг бууруулж хэмнэлт гаргаж байгааг эсэргүүцэж байсан ч төсвийн тодотголыг яаралтай батлая гэдэг дээр тэд санал нэгдэж байв. Төрийн албан хаагчдын цалинг хасахыг урьтал болгохгүй, төсвийн ерөнхийлөн захирагч нарыг 20 хувь хэмнэлт гаргах талаар АН-ын бүлгээс санал гаргаад байгаа юм. Ингээд гишүүд төсвийн тодотгол болон хэмнэлт хэрхэн гаргах талаар ямар саналтай байгааг сонирхуулъя.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: -Төрийн албан хаагчдын цалинг бууруулахын эсрэг байна би. Өнөөдөр УИХ орон тоогоо цөөлмөөр байна. Тамгын газрын ажиллагааг өргөтгөх, судалгааны төв байгуулах нэрийдлээр хүн хүч нэмж авч байна. Өөрсдөөсөө эхэлж хэмнэлтийг хийх хэрэгтэй юм. Гишүүд ч гэсэн таван туслахтай байх хэрэггүй.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар: -Төсвийн тодотгол дээр нэлээд асуудал оруулж иржээ. Энэ үе бол төсвийн алдагдлын хямрал биш. Бид өнөөдөр инфляц алдагдалтай байна, энэ тэр гэж ярьж хэрэггүй. Бидэнд итгэлийн хямрал нүүрлээд байна гэж бодож байна. Өнөөдөр бид хаана хаанаа эх оронч сэтгэлгээгээр ажиллах, зүтгэх хэрэгтэй байна.
Бие биедээ итгэх итгэл алтнаас ч үнэтэй юм шүү. Тийм ч учраас УИХ юуны түрүүнд хүмүүсийн итгэлийг сэргээх хэрэгтэй байна шүү. Цалинг 20-30 хувиар буурууллаа гээд хүмүүсийн итгэлийг олж авахгүй шүү дээ. УИХ-ын гишүүд цалингаа авахаа хойшлуулах санал гаргая. Цалингаасаа арван хувийг нь төрийн албан хаагчдад хадгаламж хэлбэрээр олгоё. Тэд хямрал дууссаны дараагаар тэр хадгаламжаараа орон сууц лизингээр авна уу, өөр зүйлд зарцуулна уу өөрсдийнх нь мэдэх хэрэг. “Оюу толгой”-н гэрээний төслөөс орж ирэх урьдчилгаа 125 сая ам.доллароос иргэддээ амласан 1.5 сая төгрөгийг олгож эхэлье. Ард түмэндээ урьдчилгаа мөнгө олгох ёстой.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: -Төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа нь чухал юм. Гэхдээ тодорхой зүйл дээр хэлэлцмээр байна. Оруулж ирж байгаа төслийн боловсруулалт тодорхой байх ёстой. “Оюу толгой”-н гэрээний төсөл дээр ашиг сонирхлын зөрчил байгаа шүү. Энэ төсөл дээр 11 сая хувьцаа эзэмшдэг компани зөвлөхөөр ороод ирсэн байна.
Агентлагуудын орлогч дарга нар машин унаатай байна. Дээр нь Шинэчлэл хөгжлийн агснтлаг гэж байгуулжээ. Энэ олон орлогч дарга, агентлагуудыг цөөлж, Засгийн газар бүтцээ цомхон болгомоор юм. Эндээс хэмнэлт гарна. Төрийн албан хаагчдын цалинг 20 хувиар бууруулна гэдэг буруу. Би үүнийг дэмжихгүй байгаа.

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж: -Хэмнэлт дээр хоёр зарчмыг барих хэрэгтэй байна. Хүнийг ажилтай бус ажлыг хүнтэй болгомоор. Иймд цалинг багасгах гэхээсээ илүү менежмент хийж чаддаг, чадварлаг хүнээ гаргаж ирмээр байна. Хямрал бол боломж юм. Энэ үед хөрөнгө оруулалт хангалттай байх ёстой. Хямралаас өсөлт гаргая л даа.

УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж: -Тэргүүн шадар сайдын мэдэлд төсвийн мөнгө байдаг, Төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд гэхээсээ илүү орон нутагт хөрөнгө оруулалтыг нэмэх шаардлагатай байна. Орон нутгийн хөрөнгө оруулалтыг хасч болохгүй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: -Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг 20хувиар хасах эсвэл төсвийн ерөнхийлөн захирагч нарын бараа үйлчилгээний зардлыг 20 хувиар багасгах санал оруулж ирж байна. Төсвийн тодотголд цалингийн асуудал хөндөгдөөд ирэхээр хүмүүс ч сандарч эхэлж байна. Ялангуяа тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүс их ярих юм.
Тэд төсвийг хэмнэж байгааг буруутгахгүй, ойлгож байна. Харин тэтгэврээ тогтооход бууруулсан хувиар биш цалинг бүтнээр нь тооцож бодуулах арга байна уу гэсэн хүсэлт гаргаж байна. Засгийн газар тогтоол гаргахдаа үүнийг бодолцмоор байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: -Албан тушаалтнуудын ажил дээр хяналт тавих хэрэгтэй байна. Тэд төсвийг хамаагүй зарцуулж байгаа. Дээр нь 20 хувийн хэмнэлт гаргах гэдэг дээр санаа зовж байна. Учир нь төсвийг хэмнэж байна гээд авилгад автагдах вий гэж айгаад байна.

УИХ-ын гишүүн Д.Энхбат: -Төсвийн тодотголыг яаж ч хийсэн нэг хэсгийг нь танаж, нөгөөд нь нөхнө. Хэмнэлт хийснээр бизнес хөгждөггүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Тарган хүн хоолоо хасаад турна гэдэг. Тэгээд хэдхэн хоногийн дараа хоолоо хассанаасаа илүү нэмэлт тэжээлийг нөхөж иддэг шүү дээ. Хэмнэлт хийхийн тулд эдийн засгийн тогтолцоондоо эргэлт хийх хэрэгтэй.
Эдийн засагтаа хувьсгал хийх шинэ реформыг эхлүүлмээр байна. Уул уурхайгаас ашиг олж ирнэ гэж солонгын араас хөөцөлдөөд хэрэггүй болов уу. Бидэнд долоогоос найман жилийн дараа ус хаанаас олж авах вэ гэдэг асуудал сөхөгдөнө шүү.

УИХ-ын гишүүн Д.Очирбат: -Төсөв хүндрэлтэй байгааг ойлгож байна. Төсвийг хурдан батлах нь зүйтэй. Үрэлгэн зардал болох хяналт, хариуцлагын тогтолцоог сайн ярих хэрэгтэй юм. Төрийн албан хаагчдын цалинг хасах нь буруу хувилбар. Цалингаа 20 хувиар хасуулах нь төрийн албан хаагчдад хүнд тусна. Тэд чинь цалингаас цалингийн хооронд амьдардаг. Цалингийн зээл авчихсан, бие биенээсээ зээлчихсэн байдаг.
Н.Энхлэн

0 Сэтгэгдэл: