Sunday, February 1, 2009

Хайрын таван хэл

Хайр. Хайр гэдэг нэгэн томоохон шинжлэх ухаан гэлтэй. Хүн бүхэн энэ шинжлэх ухааныг амьдралынхаа турш судалдаг. Хайрын таван хэл гэдэгт урмын үгс, хамтдаа байх, бэлэг, халамж, биеэр мэдрэх ордог аж. Эдгээр нь хосуудын хайр сэтгэлээ илэрхийлэх хэл ажээ. Хүмүүс хайраа өөр, өөрөөр илэрхийлдэг тул хүн бүрийн хайрын хэл адил байх албагүй гэнэ. Энэ бол Турк улсын нэрт сэтгэл зүйч, доктор Чапманы дүгнэлт. 

Хайрын таван хэлийг хэрхэн ашиглах вэ?
1.Урмын үгс
- Миний найз өнөөдөр ямар гоё харагдаж байна аа.
- Шинэ хувцас аваа юу. Ганган зохиж байна шүү. 
- Үсээ тайруулчихаж, хөөрхөн ч болчихсон юм уу
- Чамгүйгээр би яана даа
- Ямар азаар би чамтай учрав аа

Сэтгэлээс гарах энэ мэт үгсийг хайртдаа харамгүй хэлж бай. Мэдээж бүгдийг нь нэг дор биш л дээ. Хайртдаа зориулсан урмын ганц үг түүнийг тань хэчнээн их аз жаргалтай болгодгийг та мэдрэх болно. Бид ажил дээрээ, гадуур явж байхдаа хүмүүст баярласан талархсанаа байнга л хэлж байдаг. Тэр бүү хэл газар унагасан юмыг чинь аваад өгсөн хүнд ч “Баярлалаа” л гэдэг. Тийм хэрнээ амьдралыг тань үүрэлцээд, хань түшиг болоод, үр хүүхдээ өсгөлцөж байгаа ханьдаа баярладаг, үргэлж талархаж явдгаа байнга биш юм гэхэд ойр ойрхон хэлж байх нь харилцааг улам бэхжүүлж, амьдралыг улам сайн сайхан болгоход тустай гэж доктор зөвлөж байна. 

2. Хамтдаа байх
Ханьдаа зориуд зав гаргаж бай. Зөвхөн түүнтэйгээ хамт байхын тулд өдөр тутмын ажлаа зохицуулж аль болох цаг их гарга. Хамтдаа гадуур алхаж бай. Зурагтаа унтраачихаж байгаад ярилц. Ингэхдээ хайртынхаа нүд рүү нь харан ярьж байгаарай. Нүд худлаа хэлдэггүй юм гэж доктор Чапман захиж байна. Гэр бүлдээ цаг гаргана гэдэг нь заавал тусгайлан төлөвлөхийн нэр биш аж. Зүгээр л хоолоо хамт идэж, өдрийг хэрхэн өнгөрүүлсэн тухайгаа сонирхуулан ярьж хөгжилдөж бай. Ердөө тэгэхэд л хамтдаа байхын жаргалыг мэдэрнэ. Мөн дараах бяцхан зөвлөмжийг байнга санаж байхыг хүсчээ. 

- Хайртынхаа яриаг сонсож байхдаа өөр зүйл битгий хий.
- Сэтгэлийг нь ойлгохыг хичээ.
- Үгийг нь бүү тасал.
- Хоол хийхэд нь тусал.
- Гадуур хооллохыг санал болго
- Аялалд хамт яв


3.Бэлэг
Хүмүүс зөвхөн баяр тохиолдуулж юм уу, онцгой үйл явдлын үеэр бие биедээ бэлэг өгдөг гэсэн ойлголттой байх нь элбэг. Мэдээж ийм өдрүүдэд бэлэг авах аятайхан ч энэ нь бараг л энгийн үзэгдэл болчихсон. Харин хайртын, ханийн бэлэг гэдэг өөр, онцгой бөгөөд тэр нь хэзээд үнэтэй, хайраа илэрхийлэх бас нэгэн хэл аж. Нөхөртөө, эхнэртээ хааяа цэцэг аваад ор. Хэн хэнд тань ойрд мэдрээгүй сайхан мэдрэмж төрөх вий. 
Бэлэг авах гэдэг их мөнгө зарахын нэр биш, сэтгэлийн илэрхийлэл тул хямдхан байсан ч хайртад тань таалагдана. Бэлэг таны хүсэл мөрөөдлийг ч хэлээд өгнө. Хайртын тань өгсөн бэлэг таалагдахгүй байхыг үгүйсгэхгүй. Тэгсэн ч хэрэглэж байхыг бодоорой. Гэртээ их цэвэрлэгээ хийх үед хогон дотор өгсөн бэлэг нь явж байхыг нөхөр, эсвэл эхнэр тань харчихвал юу болохыг бодолцоорой.

4. Халамж
Энэ бол мөн л хайрын хэл. Түүнийг амьдралынхаа нэгэн хэсэг болгох хэрэгтэй. Гэхдээ мэдээж хүчээр биш, сэтгэлээсээ. Хайртыгаа хайрлах тусам аяндаа халамжилдаг ч ажил, бизнестээ түүртээд санаанаас цаашгүй болчих үе бий тул хичээх хэрэгтэй. Аливаа ажил хийхдээ үглэж янших хэрэггүй. Шинэхэн хосууд магадгүй халамжлах аргаа олохгүй байж болох юм. Тийм бол ханийнхаа өдөр тутмын ажилд нь туслахад л болно. Аяга угаах, юм индүүдэх, хүүхдээ сургууль, цэцэрлэгээс авахад нь тусал.

5. Биеэр мэдрэх
Ханийгаа тэвэрч, үнсэж байдаг юм шүү. Биед нь аль болох хүрч бай. Ялангуяа эхнэр тань хүүхэд төрүүлэх, өвдөх үед дэргэд нь байж түших хэрэгтэй. Уйлах үед нь тэвэрч, уйтгарлах үед нь гараас нь хөтлөх ч юм уу, сугадалцаж алх. Тэврээд явбал бүр л сайхан санагдаж тайвширна. 
Сэтгэл зүйч, доктор Чапманы зөвлөгөөг та мөрдөөд үзээрэй. Амьдралд тань хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

0 Сэтгэгдэл: