Thursday, February 19, 2009

Хүчирхэг Монголын сүр хүчийг илтгэх нүүр царайтай орчин үеийн монгол хотоо байгуулъя

Нийслэл хотын хөгжлийн үндсэн чиглэл

Өсөн нэмэгдэж байгаа нийслэлийн хүн ам үүнээс шалтгаалсан хотын нийгмийн хангамж болон хүртээмжийн хомсдол, оршин суугчдын амьдрах орчны доройтол, агаар хөрс болон гадрагын усны бохирдол, байгаль-хүрээлэн байгаа орчны дайсагнал, газрын наймаалцаанаас бий болсон орон зайн төлөвлөлтийн гажуудал зэрэг нь Улаанбаатар хотод тулгарч байгаа асуудлууд юм.

Энэ бүх нөхцөл байдлыг зөв дүгнэх, хөгжлийн баримтлалыг тогтооход яам, агентлаг, судалгааны байгууллага, мэргэжилтнүүдийн санал бодол, мэдлэг чадварыг нэгтгэн зангидах нь нэн чухал болоод байна.


Үндсэн хуулийн заалт болох “хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах” гэсэн үзэл санаа нэгэнт алдагдаж харин аюулыг хэрхэн багасгах, ирээдүйд нүүрлэх хохирлыг яаж саармагжуулах нь өнөөдрийн яригдах гол сэдэв болохын зэрэгцээ МУ-ын засгийн газар болон харъяа байгууллагуудын анхааралд ямагт байх ёстой.

Даяар Монгол Сонин

Бидний амьдарч байгаа УБ хотод амьдрах тааламжтай орчин, орон зай байна уу?, Хот тогтвортой хөгжиж ирээдүйд хүний гараар бүтээгдсэн баялаг, түүх, соёлоо хадгалан үлдэж чадах уу? гэсэн үндсэн асуудлууд гарч байна.

Нүүдэлчин уламжлалаасаа салж ядаж байгаа Монголчуудын хувьд хотыг зөвөөр хэлбэршүүлэн зохион байгуулж ажиллах, амьдрах, амрах орон зайг бий болгох нь наад зах нь ухамсар бөгөөд соёлыг дээшлүүлэх цаашилбал нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжих нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэхийн тулд Нийслэл хотын хөгжлийн чиглэлийг 3 үндсэн хүрээнд хуваан авч үзмээр санагдаж байна.

Томсгосон хүрээ:

Хотуудын хөгжил нь байгаль цаг уур, соёл, шашин шүтлэг, анги давхрага нийгмийн байдлаасаа хамааран хэлбэршин тогтож ирсэн ба бүтцийнхээ хувьд Е.В. Бургессийн 1923 дэвшүүлсэн “Цагирган төвт загвар”, 1939 онд Хомер Хоутын “Сектор загвар”, 1945 онд К.А.Харрис нарын боловсруулсан “Олон цөмт загвар”-ууд байсан. Үүнээс авч үзэхэд он цагийн явцад суурьшлын хэлбэр нь нэг цөмөөс олон болж салсан нь харагдана. УБ хотын өнөөгийн нөхцөлийг авч үзвэл хүн ам болон эдийн засгийн өсөлт улс орноо тэргүүлэх хүрээнд ирсэн ба хотын барилгажсан болон суурьшсан нутаг дэвсгэрийн даацыг нэмэгдүүлж, дэд бүтцийн хангамж бүхий төвийн хэсэг рүү шунан дайрсан давалгааг бий болгож байна. Өмнөх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан нөөц газрууд нь хэдийнэ үгүй болж ногоон байгууламж эсвэл барилга барих боломжгүй газрууд ч эзлэгдэн ашгийн төлөөх бизнесийн хүрээнийхэнд бүрэн захирагдаж аль ч шатны байгууллага хүчрэхгүй боллоо. Энэ их хөрөнгө, хүч, сонирхолыг өөрчлөн шинэ суурьшил, цөм бий болгоход чиглүүлье.

Шинжлэх Ухааны хот

Засгийн газраас оюутны хотхоныг хотын төвийн хэсгээс гаргах талаар яригдаж төслүүд нь хийгдэж байна. Үүн дээр ШУ-ы байгууллага, судалгаа туршилтыг нь нэмж хамтатгаад шаардагдах барилга, байгууламж, үзвэр үйлчилгээ, соёл амралт, унаа тээврийг нь нэгтгээд Шинжлэх Ухааны хот болгон томсгох боломжтой. Туршилт судалгааны хангалттай бааз дээр мэргэжлийн байгууллагууд нэгдэн ажиллах нь эрүүл өрсөлдөөнийг бий болгож нийгмийн хөгжилд нэмэр болно. Олон мянган оюутан, багш, судлаачдын ажиллах, сурах, амьдрах орчинг төлөвлөлтийн шатанд алсын хараатай бодож цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй юм. Энэ нь өөрөө нэг таталцал болох бөгөөд энд ашиг олох боломжтой олон зуун оюутны амьдрах түрээсийн байр, банк, үйлчилгээний барилга байгууламжууд хувийн хөрөнгө оруулалтаар бий болох боломжийг нь судлан бүсчлэн зохион байгуулж болно.

Бизнесийн хот (Шинэ УБ)

Дэлхийн хотуудын түүхэнд нийслэлээ нүүлгэсэн, шинэтгэн зохион байгуулсан, өргөтгөн томруулсан жишээ олон бий. Энэ нь тухайн хот, нийгэмд бий болсон асуудлуудыг ул үндэстэйгээр шийдвэрлэх гарц байсан. Үүний адилаар УБ хотын орон зайг тэлэх, шинэ суурьшил бий болгох нь олон мянган га газар эзлэн орших гэр хорооллыг эмхлэх гэж мунгинаж байснаас илүү алхам болно. Хотын барилгажсан орон зайг тэлж амьдрах орчныг нэмэгдүүлснээр хотын төв рүү чиглэсэн хандлага саармагжиж оршин суугчдын амьдралын чанар дээшилж бохирдол буурна. Ус + хүн ам = ХОТ гэсэн томъёоллоор хүчин чадал, байршил, зай, хилийн цэсийг тодорхойлон гаргах хэрэгтэй.

Энд дээд зэрэглэлийн оффис, зочид буудал, музей, театр, казино, цэцэрлэгт хүрээлэн, амюзмент парк, олон зэрэглэлтэй орон сууцны хороолол, худалдааны гудамж байх бөгөөд эрх зүйн хувьд нь сайн цэгцэлж чадвал дэд бүтэц, тохижолтыг нь хамтаар нь шийдүүлэх боломжтой. Төлөвлөлтийн сайн шийдэл, менежментийн уян хатан бодлогоор бүс нутагтаа тэргүүлж чадах үзвэр, тоглоом, цэнгээний газруудыг хамтатган хийснээр жуулчлалыг нэмэгдүүлэх боломж олдоно. Үүнд монголын бүх үзмэрүүдийг багтаасан музейнууд, диснейлэнд, хаалттай үйл ажиллагаа бүхий казино, дэлхийн эрээн мяраан бараа бүхий худалдааны гудамж, … гээд хүний сохирхолыг татах зүйлсийг багтаана.

Эрчим хүчний шинэ эх үүсвэр (атомын эрчим хүч)-ийн талаар талаар яригдаж байгаа энэ цаг үед Бизнесийн шинэ хотоо үүгээр хангах, илүүдэл бүтээгдэхүүнийг бусад цөмүүд рүү дамжуулах асар том боломж гарч ирж байна.

Хүчирхэг Монголын сүр хүчийг илтгэх нүүр царайтай орчин үеийн монгол хотоо байгуулъя.

Засаг захиргааны хот

Одоогийн хотын нутаг дэвсгэр нь засаг захиргааны төвөөр үлдэж шинэ хотуудтай нягт холбогдоно. Мэдээж өөр цөмүүд рүү шилжилт явагдах тул энд хүн ам багасч хэвийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Хотын захаас төв хүү чиглэсэн шилжин суурьшилт явагдана. Олон жилийн түүхтэй гэгддэг УБ хотын түүх, соёлыг хамгаалах талаар илүү анхаарч хүнд чиглэсэн орон зайг сайжруулах хэрэгтэй. Мөн уламжлалт болон социализмын үеийн архитектурыг хадгалан үлдээх, өнгө үзэмж муутай барилгуудыг засварлах, ашиглалт дууссан барилгуудыг буулгах гээд ихээхэн ажил хийгдэх ёстой. Цэвэр гоё сайхан хотыг бүтээн байгуулж байж хотоороо бахархах, цэвэр цэмцгэр байлгах ухамсрыг иргэдэд өгөх болно.

Дунд хүрээ:

Дунд хүрээнд хотыг хорооллоор нь хэсэгчлэн хөгжүүлэх хэрэгтэй. Гэр суурьшлын томоохон газар нутгийг хамарсан хороолол төлөвлөлтийг иргэдийн оролцоотой төлөвлөж, хэрэгжүүлэх шатанд хамтран ажиллах нь зүйтэй. Нэгэн хэвийн ижил барилгуудаар бус харин олон төрлийн сонголт бүхий өндөр, дунд, цөөн давхрын орон сууц нь таталцлыг гол объект болох дунд сургуулийн барилгаас ойролцоогоор 500-750 метр хүртэл алслагдсан 7,000-10,000 хүн амтай бичил хороолол байгуулах нь оршин суугчдын тав тухад нийцсэн олон улсад мөрдөгддөг жишиг юм. Хүүхдийн цэцэрлэг, олон нийтийн төв, соёл амралтын барилгууд нь хороолол дотор, зайн хувьд тэнцвэртэйгээр байрлах бол худалдаа үйлчилгээний барилга байгууламж нь авто болон явган хөдөлгөөний зангилаан дээр байрлаж хорооллын оршин суугчдын нийгмийн харилцаанд татан оролцуулах орчин байна. Бие даасан дэд бүтэцтэй байх хороолол нь ногоон байгууламжаар хүрэлцээтэй хучигдахын дээр нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт явганаар хүрэх боломжийг бүрдүүлнэ.

Хатуу болон хийн түлшээр хослон ажиллах дунд хүчин чадлын дулааны станц, бохир усыг өндөр түвшинд цэвэршүүлэх цэвэрлэх байгууламж нь төвийн шугманд холбогдоно гэлтгүй хотын аль хэсгийг тэнцвэртэй хөгжүүлэх боломж олгоно.

Хороолол төдийгүй хотын барилгуудын гадна фасад, экстерьерт өнгөний нэгдсэн код бий болгох, өнгө, материал, хэлбэрийн хувьд хооронд нь зохицуулах стандарт бий болгон баримтлах нь зүйтэй юм.

Бага хүрээ

Өөрсдийнхөө боломж, сонирхолоор хувийн сууц барьж байгаа иргэдийн барилгын талаарх мэдлэгийг дээшлүүлэх шаардлага гарч байна. 2007 онд гэр хороололд оршин сууж байгаа иргэдийн дунд хийсэн судалгаагаар маш цөөхөн буюу 9 хувь хүрэхгүй өрх мэргэжлийн хүмүүсийн зөвлөлгөөг авч сууцаа барьжээ. Барилгаа хэр дулаахан барих талаар төдийлөн боддоггүй, энэ талын мэдлэг бага байдаг нь барилгын дулааны алдагдлыг ихэсгэж, ингэснээр их хэмжээгээр нүүрс түлэх, агаарыг ихээр бохирдуулах нөхцлийг бүрдүүлж байна. Барилгын битүүмжлэл, эрчим хүчний хэмнэлтийн талаар зөвлөмж, гарын авлага бэлтгэн тараах, сургалт явуулах, мэдлэгийг нэмэгдүүлэх цаашлаад хөгжилтэй орны иргэд амьдрах орчноосоо олоод авчихдаг архитектур, хот байгуулалтын боловсролыг нийтэд өгөх хэрэгтэй байна.

Э.Пүрэв-Эрдэнэ
ШУТИС-ийн БИАС-ийн Архитектур-Зураг зүйн салбар

1 Сэтгэгдэл:

Unknown said...

Люблю Диснейленд ....ы.ы..ы
disneycloth.cwahi.net