Wednesday, February 11, 2009

Шатахууны үнэ дахиж буурахгүй нь...

Дэлхийн эдийн засгийн хямрал, ам.долларын ханшны өсөлтөөс хамааран өдгөө бүхий л бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдэх боллоо.Ялангуяа монгол түмний уламжлалт баяр цагаан cap дөхсөн энэ үед үнийн өсөлт ард иргэдийг давхар хямруулж байна. Харин нэг таатай мэдээ дуулдсан нь үнийн хөөрөгдлийг дандаа дагуулж явдаг шатахууны үнэ энэ удаа эсрэгээрээ байж дахиад буурлаа.
Өнгөрсөн сарын сүүлээр нэг литр авто бензин, дизель түлшний үнэ 110-170 төгрөгөөр буураад байсан. Энэ нь нэгдүгээр сард хойд хөршөөс импортлох нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэ буурсантай холбоотой байсан юм. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд автобензин, дизель түлшний үнэ дахин 20-70 төгрөгөөр буураад байна.



Тухайлбал А-80 шатахуун 20 төгрөгөөр хямдарч 930, Аи-92 шатахуун 50 төгрөгөөр хямдарч 1050, дизель түлшний үнэ 60-70 төгрөгөөр буурч 1180-1190 төгрөг
болоод байгаа юм. Ингэж буурах болсон шалтгааныг импортлогч компаниуд цагаан сарын баяр тохиож байгаа болохоор хэрэглэгчдэдээ барьж буй бэлэг ухааны юм ярьж тайлбарлах болов. Юу гэж тайлбарлах нь хамаагүй, хамгийн гол нь үнэ буурч буй нь хэрэглэгчдийн таашаалд нийцэж байна. “Болоо доо, дандаа л шатахууны үнэ нэмэгдэж, түүнийг дагаад бусад нь үнээ нэмж ард түмнийг зовоодог байсан. Муу нэртэй ч гэсэн ганц удаа урсгал сөрж байгааг нь үнэлэх хэрэгтэй” хэмээн иргэд ам сайтай байна. Гэвч хямдарсан шатахууны үнэ харамсалтай нь бусад бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөхгүй бололтой.
Шатахууны үнэ нэмэгдэж байна гэсэн шалтаг хэлж байсан худалдаачид одоо дэлхийн эдийн засгийн хямрал, ам.долларын чангаралт ярьж, ам таглах боллоо. Тийм болохоор өнөөдөр ширхэг тамхи, зүсэм талхны үнэ буурна гэж байхгүй биз. Хэрүүл уруул хийж байж 100 төгрөгөөр тасалбарынхаа үнийг буулгасан нийтийн тээврийн компаниуд ч энэ талаар ган хийхээ болилоо. Үнэ нь өсч байхдаа араасаа үнийн хөөрөгдлийг хуйлруулдаг байсан шатахуун өдгөө яаж ч буурсан үнийн өсөлтөд нөлөөлөхөө больжээ. Ямар ч байсан цагаан сараар хөгшид хөвөөгөө зорин хөдөө орон нутгийг зүглэх иргэд, ер нь унаатай болгоны нар бага ч болтугай гийж байна.
Гэхдээ шатахууны хямдарч байгаа энэ үнэ цаашид үргэлжлэх үү гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ. Харамсалтай нь үгүй байх гэсэн хариултыг АМГТХЭГ-ын мэргэжилтнүүд өгч байна. Учир нь энэ сард хойд хөршөөс импортлох авто бензин, шатахууны үнэ буураагүй, харин ч А-80, Аи-92 шатахууны хилийн үнэ 40 орчим ам.доллараар нэмэгдээд байгаа.
Дэлхийн зах зээл дээр ч нефтийн үнэ эргээд өсөх хандлага ажиглагдах болсон. Нэг баррель нь 36 ам.доллар хүртлээ унасан нефтийн үнэ одоо 40 гаруй долларт хэлбэлзэж байна. ОХУ ч цаашид нефть, нефтийн бүтээгдэхүүнийхээ үнэ, экспортын татварыг буулгах сонирхолгүй байгаа гэсэн сураг дуулдах боллоо. Энэ бүхний үндсэн дээр манай улсад цаашид шатахууны үнэ дахин буурах магадлал тун бага болоод байгаа аж. Харин ч хавраас үнэ нэмэгдэж магадгүй гэдгийг холбогдох албаны хүмүүс үгүйсгэхгүй байгаа юм.

0 Сэтгэгдэл: