Thursday, February 19, 2009

“Элгэн нутаг” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлье

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ дарга, Ерөнхий сайд, бүх түвшний хууль тогтоогчид, шийдвэр гаргагч нараа !
Монгол нутагтаа болон гадаад улс орнуудад амьдарч буй элэг нэгт Монголчуудаа!
Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэдээ ! Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нийт ажилтнуудаа!
Дэлхийн санхүүгийн хямралаас улбаалсан хямралт байдал Монголын эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг улам хурцатгаж үр нөлөө нь Монголын гийгмийн тогтвортой байдал, ард иргэдийн амьжиргаанд ноцтойгоор мэдрэгдэж, эхэллээ. Эдийн засгийн нийт идэвхжил саарч, бизнесийн сектор зогсонги байдалд орж, ажлын байр олноор хорогдож эхэллээ. Хүмүүсийн худалдан авах чадвар эрс муудаж, ядуурал, ажилгүйдэл өдөр хоногоор нэмэгдэж байна.



Хүмүүс маргаашдаа итгэх итгэл нь суларч цуу үг, дам яриа газар авч буруу хүлээлт, гутранги үзэл нэмэгдсээр байна. Бор төгрөг маань ноён долларын эрхэнд улам бүр орж хүмүүс бор төгрөгнөөсөө зугтаж эцсийн дүндээ өөрсдийгөө өөрсдийн гараар хорлох ганцхан буруу сонголт болох ноён долларын араас сүргийн сэтгэхгүйгээр хошуурч эхэллээ. Интервенц гэгчийг хийдэг валютын нөөц нь хорогдсоор, доллар гуай улам пээдэлзэж байна.
Яг ийм хүнд хямралын нөхцөлд тухайн үедээ Солонгосын ард түмэн яаж байсныг та бид бүгдээрээ мэддэг, шагшиж ярьдаг билээ! Гэтэл бид, “элгэн нутаг” хэмээн дуулах дуртай монголчууд яагаад тал тал тийшээ амиа бодон “зугтаж” байна?!. Яагаад бид нэгдмэл хүчээр хөдөлж “бор төгрөгөө”,”бор гэртээ” хаан байлгаж ноён “долларын” хандыг нь хаг дарж чадахгүй байна?! Эх оронч үзэл, элгэн нутагч үзэл одоо л гарч ирэх ёстой бус уу?!
Ноён долларын ханшийг галзууруулахгүй байлгах талаар одоо авч буй арга хэмжээ болох торгох, торгууль нэмэгдүүлэх, интервенц хийх арга явуур муутай байна. Иймээс стандарт бус арга хэмжээнүүдийг “стандарт бус” цаг үед яаралтай хэрэгжүүлцгээе! Долларын хадгаламжийн дээд хэмжээ, долларын зээлийн хүүгийн дээд хэмжээ зэргийг уялдуулан тогтооё.
Ханшийн зөрүүгээс болж хохирол амсч буй долларын зээл авсан аж ахуйн нэгжүүддээ бодлогын дэмжлэг үзүүлье. Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь муудсаар байгаа арилжааны банкууддаа мөнгөний дэмжлэг үзүүлье. Банк хоорондын зах зээл дээр тогтож Төв банк нь дунджийг нь зарладаг гээд байгаа валютын ханшийн энэ дэглэмийг өөрчилж ноён доллар 1600 төгрөгөөс цаашид даврахгүй байх бодлогын болон эрх зүйн үндсийг яаралтай бүрдүүлье, УИХ-ын эрхэм гишүүдээ! Гадаадад байршуулсан, гэртээ “гудсан дороо” хадгалж буй бүх доллараа эх орондоо, Монгол банкиндаа оруулж ирэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн “Элгэн нутгийн хөрөнгө оруулалтын” хуулийг санаачлан баталцгаая, УИХ эрхэм гишүүд ээ!
Энэ хуулиараа мөнгөө гаднаас, “гудсан дороосоо” банкууддаа оруулж байрлуулсан аж ахуйн нэгж, иргэдээ эх оронч гэж алдаршуулж мөнгөний эх үүсвэр, тоо хэмжээний нууцлалыг чанд сахих, хадгаламж нь төв банкны тусгай дансанд ашигтайгаар байрших, баталгаажих хууль зүйн үндсийг нь бүрдүүлцгээе!
Хүнд хэцүү үед эх орондоо бодит мөнгөөрөө, алт, үнэтэй зүйлсээрээ хөрөнгө оруулсан иргэдээ бүх түвшинд эх оронч санаачилгыг нь дэмжин урамшуулцгаая! Үүн лугаа адил аливаа эх оронч, элгэн нутагч санаа, санаачилгыг түгээн тархааж түмэн олондоо алдаршуулцгаая!
Энэ хөдөлгөөнийг дэмжигтун, сахигтун, санаачлахтун!

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

0 Сэтгэгдэл: