Thursday, February 5, 2009

Цахилгаан дулааны нэмэгдсэн төлбөрийг төлөхгүй

Бүр бухимдаж үхэх нь. Өнгөрсөн жил санхүүгээс эхтэй эдийн засгийн хямрал дэлхий дахинаа нүүрлэж тэр нь Монгол Улсад ширүүхэн ташуурдуулсан дайтай тусахад ингэтлээ уурлаж байсангүй.
Уур хүрлээ гээд ямар гудамжинд гараад хашгиралтай нь биш. Эдийн засгийн хямрал нүүрлэлээ гэхэд нь хэн хүнгүй л хэмнэлтэд шилжин өмсөх зүүх, идэх уухаа танан бүсээ чангалж эхэлсэн. Улстөрчдийн хэлж буй олон зовлон бэрхшээлийг дуулгавартай сонсч хүнд байдлаас гарах гарц олно гэдэгт нь найдан уужуу ухаанаар хандаж байна, монголчууд.
Гэтэл энэ байдлыг нь хүлцэнгүй байна гэж ойлгосон хэсэг нөхдүүд даврах нь. Тэд бол дулааны цахилгаан станг цынхан. 2009 он гарангуут эрчим хүч, дулаан үйлдвэрлэгчид үнэ тарифаа нэмэх саналаа Эрчим хүчний зохицуулах газарт өгсөн байх юм. Компаниудаас ирүүлж буй санал тооцооноос харахад валютын ханшны өөрчлөлтөөс хамааран гадаадын урт хугацаат зээл, зээлийн хүүгийн төлбөр, гадаадаас худалдан авч буй тоног төхөөрөмж, сэлбэг, материалын үнэ, импортын цахилгааны төлбөр зэрэг нь их хэмжээгээр нэмэгдсэн.
Эрчим хүчний салбар 2008 оны эхний есөн сард 15,3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Уг салбарынхны бусдад өгөх өглөг 49.8 тэрбум төгрөг байгаагийн дотор дулааны цахилгаан станцуудаас нүүрсний уурхайд төлөх өр төлбөр 19.6 тэрбум төгрөгт хүрчээ. 2009 он гарсаар эрчим хүчний салбарын санхүүгийн чадавхи эрс доройтож өдөр тутмын үйл ажиллагааны зардлаа ч санхүүжүүлж чадахгүй дотоодын банкнаас их хэмжээний зээл авч нүүрсний төлбөрөө төлөхийн зэрэгцээ зарим үед ажиллагсдынхаа цалинг ч өгч чадахгүй хойшлуулах болсон байна. Дэлхий нийтийг хамраад буй санхүүгийн хямралын энэ үед эрчим хүчний салбар өөрсдийн үйл ажиллагаанаас үл хамаарах гадны хүчин зүйлсийн нөлөөллөөр хамгийн хүнд цохилтод өртөх нь хэмээн салбарын томоохон компаниудын удирдлага, мэргэжлийн хүмүүс үзэж байна гэсэн тайлбарыг дурджээ.

Алдагдал нэмэгдэж байна гэх юм. Миний мэдэж байгаагаар өнгөрсөн долдугаар сард болохоо байлаа, станцууд минь бараг зогсох нь. Одоо л үнээ нэмчихвэл эрчим хүчний салбар аврагдана гэсээр байгаад цахилгаан, дулааны үнийг нэмсэн. Тэгсэн атлаа нөгөөх алдагдал нь улам л нэмэгдсээр байгаа гэх. Тэгвэл тухайн үед яахаараа ийм үндэслэлгүй тооцоо судалгаа хийж үнэ тарифаа нэмж байдаг байна.
Одоо болохоор эдийн засгийн хямралд хамгийн хүнд цохилтод орно гэсэн сүрдүүлгийн утгатай тайлбар тавиад дахин тарифаа нэмэхээр сууж байдаг. Хатуухан хэлэхэд ажлаа мэддэггүй, техникийн шинэчлэл гэж мэдэхгүй урагшгүй хэдэн даргыг хариуцлагаас мултлахын тулд бид хэдэн сарын зайтай халаасаа нимгэлээд байхыг хүсэхгүй байна. Хямралын үед иргэд хэмнэлтэд шилжин бүсээ чангална гэсэн болохоос хэсэг дарга нарын хариуцлагаас үүрэлцэнэ гээгүй. Тиймээс ирэх сараас дулааны 35, цахилгааны 25 хувийн нэмэгдлийг төлмөөргүй байна.
Нэг квт цахилгааны төлбөр хоёр төгрөгөөр нэмэгдэхэд л иргэдийн амьдралд хүндхэн тусдаг гэдгийг дээрх эрхмүүд мэдсэн ч мэдэхийг хүсэхгүй байх шиг. Тэдний ингэж авирлаж байгааг харахаар мөнгөгүй иргэдээс нэмэгдэл төлбөр нэхээд байгаа нь басамжлаад байна уу даа гэх сэтгэгдэл төрж байна.

Цахилгаан станцуудын удирдлагыг огцруулья

Шинийг сэтгэдэггүй, зээл тусламжийг шүтэн алдагдалдаа ашигладаг удирдлагуудыг өнөө цаг үед суудалд нь суулгаад байх шаардлага байна уу. Тэдний удирдлага, менежментийн алдаанаас үүдсэн алдагдлыг иргэд нуруун дээрээ үүрээд байх нь зөв үү гэдгийг эрх баригчид эргээд нэг хараасай. Үргэлж л үнэ тарифаа нэмэх аргаар хүндрэлийг шийдвэрлэхгүй гэдгийг ойлгодоггүй эрхмүүдийг төр тэжээсээр байх уу. Гэтэл дэлхийн улс орнууд аль болох өртгөө багасгах шинэ техник технологийг нэвтрүүлж иргэдийнхээ үүрэх ачааг бууруулдаг. Тэр тусмаа эдийн засгийн хямралын үед ард түмнийхээ нуруун дээрхи ачааг хөнгөрүүлэх бодлого барьж байгаа.
Харин манай улсад энэ бодлого эсрэгээрээ үйлчилж мөнгөгүй, ажилгүй, ядууралд орсон иргэдээ дээрэлхээд байдаг. Өнөөдөр захын нэг дэлгүүрт ороход л мах, килограмм масло, ургамлын тос авч байгаа хүн та олж харахгүй. Цахилгаан дулааныхаа мөнгийг хамгийн үнэнчээр төлдөг жирийн иргэд байгаа бэнчиндээ тааруулан тэр бүхнээс бага хэмжээгээр авч байна. Хүүхдүүдээ олигтойхон баярлуулчих чихэр жимс авч өгөх мөнгөө хугаслан байж хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрийг төлдөг. Харин эрчим хүчний салбарт танил талтай, хэрүүл хийгээд ирсэн байцаагчид хэдэн төгрөг атгуулаад явуулах чадалтай нэг хэсэг нь хэрэглэсэн хэмжээгээрээ төлбөрөө төлдөг билүү.
Үүнийгээ тэд аргална гэдэг юм билээ. Тэр үгийн цаана ямар ч булхай нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Нийтийн тээврийнхэн хэцүүдлээ, үйлчилгээний тарифаа нэмнэ гэхэд төрөөс хатуу нударгаа үзүүлж үнийн зохицуулалт хийдэг. Үүн шиг эрчим хүч үйлдвэрлэгчдэд хандаж яагаад болохгүй гэж. Харин ч энэ даварсан нөхдүүд их хэмжээний зээл тусламжийг авдаг.
Бүр аргаа барахаараа амандаа орсон хэмжээгээрээ үнийг нь нэмчихдэг. Ёстой л дургүйд хүчгүй гэдэг шиг ажиллаж байгаа дарга нарыг нь өөрчлөөд үзэх хэрэгтэй. Ийм шударга бусаар үнэ тарифаа нэмж байхад хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага, Эрчим хүчний зохицуулах газар, Засгийн газар чимээгүй л “толгой дохиод” суугаад байдаг.
Ингэж байтал цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэн гэх шалтгаанаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч зовлон дээр зовлон нэмнэ. Энэ нь тэднийг өнөөдрийн даврах хэмжээнд хүргэсэн хэрэг. Тиймээс гуравдугаар сарын нэгнээс эхлэн нэмж авах гэж байгаа 25-35 хувийн нэмэгдэл төлбөрийг төлмөөргүй байна. Энэ саналыг минь олон мянган энгийн хэрэглэгч хоёр гараа өргөн дэмжих байх.



Өнөөдрийн Монгол Сонин

0 Сэтгэгдэл: