Харүмафүжи шүдээ хугалуулжээ
Озеки Харүмафүжи мягмар гаригт цол ижил Котоошюүтэй хамтарсан бэлтгэл хийж байгаад үүдэн шүдээ хугалуулжээ. Тачиай хийхдээ халз мөргөлдсөний улмаас Харүмафүжигийн шүд нь хугарч, уруул нь язарсан байна. Тэрбээр буйландаа гурав, уруулдаа хоёр оёдол тавиулсан гэнэ.
Асашёорюү рекордыг давтахаа амлав
Гуравдугаар сарын 10-нд Харү башёгийн өмнө уламжлал болон явагддаг бөхчүүд болон сүмо сонирхогчдын уулзалт болов. Үүнд хоёр ёкозүна, таван озэки оролцжээ. Үзэгчид аварга, арслангуудтай чөлөөт ярилцлага өрнүүлэхэд ихэнх нь ёкозүна Асашёорюүд асуулт тавьж байсан гэнэ.
Аварга фэнүүдийнхээ асуултын хариуд “Би Осакад ирэх дуртай, энэ хотод хайртай. Тиймээс ирэх тэмцээнд түрүүлж, Харү башёд тав дахиа магнайлан түүхийн дээд амжилттай зэрэгцэхийг хүсч байна” хэмээн өгүүлжээ.
Сонирхуулахад ёкозүна Асашёорюү гуравдугаар сарын 8-нд Токиод болсон загварын шоунд ахлах сургуулийн сурагчийн дүрэмт хувцас өмсөн оролцсон байна.
Хакухо хоёр озекитэй бэлтгэл хийв
Xару башёгийн өмнөх бэлтгэлээ өдөр алгасахгүй өөр дэвжээнд очин хийж буй ёкозуна Хакухо гуравдугаар сарын 9-нд ”Дэваноүми”-д айлчлахдаа ”Садо-гатакэ”-гийн хоёр арслантай мөргөлджээ. Бэлтгэл дээр аварга Котоошюү, Котомицүки нартай 15 удаа барилдаж, аравт нь ялсан байна. Дашрамд өгүүлэхэд тэрбээр өчигдөр (3.11) 24 нас хүрсэн юм. Хаврын тэмцээнд бэлтгэн Осакад дэвжээгээрээ нүүн очиход, туслах нь мавашиг нь Токиод мартчихсан байсан учир эхний өдрийн бэлтгэлдээ гарч чадаагүй гэнэ. Харин маргаашаас нь өдөр бүр бэлтгэлдээ шамдаж буй ажээ.
Ялалт хамгаас чухал
Японы сумочдоос озеки, цаашлаад ёкозуна цол хүртэх хамгийн өндөр магадлалтай хэмээн мэргэжилтнүүд болон сумо сонирхогчдын үнэлдэг бөх бол Кисэносато. Тэрбээр комүсүбигээс ахихгүй явсаар энэ башёд анх удаа сэкивакэ цол дээр бичигдсэн. Озеки цолны төлөөх эхний алхмаа хийсэн гэгдэж буй Кисэносатод багш нь ”Өрсөлдөгч чинь ёкозуна, маэгашира цолтон аль нь ч бай, дайчин уран барилдаан үзүүлэхдээ гол биш, ялах нь чухал” хэмээн сургах болжээ. Залуу сумочийн хувьд учраагаа илүүрхэж ялах гэж улайрч, үүндээ шатан унадаг дутагдалтай. Шавийнхаа энэ алдааг залруулахаар Нарүто ояката дээрх зөвлөгөөг өгсөн байна.
0 Сэтгэгдэл:
Post a Comment