Монголын оюутны эрхийн өдрөөр МУИС-ийн оюутны холбоо, оюутны конгрессийн дэд тэргүүн, МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн эх бичиг судлалын гуравдугаар дамжааны оюутан Х.Гансүхтэй уулзаж ярилцлаа.
-Өнөөдөр Монголын оюутны эрхийн өдөр. Энэ өдрөөр ямар ажлууд зохион байгуулж байна вэ?
-Монголын нийт оюутан залуусын хувьд энэ өдөр сургуулийнхаа удирдлага болоод нийгэмд дуу хоолойгоо хүргэх боломжтой өдөр байдаг. Манай сургуулийн оюутны холбоо оюутнуудынхаа сурч боловсрох, соён гэгээрэх, таатай орчныг бүрдүүлэх зорилготойгоор байгуулагдсан. Харин энэ жилийн оюутны эрхийн өдрөөр нийт оюутнуудыг хамарсан ажил зохион байгуулсангүй. Энэ нь оюутнуудын амралт таарсантай холбоотой л доо. Монголын оюутны холбоо ч гэсэн энэ өдрөөр тодорхой ажил зохиогоогүй.
Бид 2008 оны 11 дүгээр сарын 17-нд нийт оюутнуудынхаа бодол санааг дээд газар болон сургуулийнхаа удирдлагуудад хүргүүлсэн. Ер нь энэ өдөр оюутныхаа эрх ашгийг хамгаалсан ажил нэлээд их зохион байгуулдаг уламжлалтай.
-Оюутнуудын өмнө нэн тулгамдсан ямар асуудал байна вэ?
-Юуны өмнө автобусны хөнгөлөлтийн билет, багш нарын ёс суртахуун, сурталтын орчныг сайжруулан, гадаадын нэр хүндтэй сургуулиудын түвшинд хүрэхүйц болгож өгөөч гэсэн хүсэлтийг Монголын оюутны холбоо байгуулагдсан цагаасаа л дээд шатны байгууллагууддаа уламжилсаар ирсэн. Гэсэн хэдий ч энэ асуудлыг тийм таатай хүлээж авдаггүй.
Өнгөрсөн жилээс оюутны сургалт мөхөх шатандаа явж байна гэж яригдаж эхэлсэн. Энэ нь дээд боловсролын тогтолцоо сургалт чанартай биш бизнес төвтэй болчихоод байгаатай холбоотой. Угтаа оюутнууд төлсөн мөнгөнийхөө хэмжээгээр мэдлэг боловсрол эзэмших ёстой. Харамсалтай нь энэ мэдлэгийг зарим оюутан авч чадахгүй байна. Үүнд хувь хүнээс гадна сурч боловсрох орчин нөлөөлж байгаа.
-Тэгвэл сурч боловсроход хүндрэлтэй тал нь юу байдаг вэ?
-Хэдийгээр МУИС Монголдоо том сургууль ч гэлээ дутагдалтай зүйл бий. Тухайлбал анги танхимын хүрэлцээ муу байдаг. Түүнчлэн цагийн багш нар өөрсдийнхөө номыг мөнгөөр шахах явдал түгээмэл байдаг. Зөвхөн манай сургууль ч гэлтгүй бусад сургуулиуд дээр ч ийм асуудал их бий гэдгийг үгүйсгэх аргагүй. Мөн давхар сурдаг оюутнууд хичээлийнхээ хуваарийг зөрүүлэх боломж муу.
Бас оюутнуудын автобусны билетний үнэ нэмэгдээд байгаа хэрнээ захиалсан тоогоор ирдэггүй. Үүнийг боломжтой оюутнууд овжноор ашиглаж илүү билет авч түүнийгээ шаглаж зардаг. За тэгээд дотуур байрны хүрэлцээ муу гээд яриад байвал тулгамдаж буй олон бэрхшээлтэй асуудал байна даа.
-Сургалтын таатай орчин хэр бүрдэж байгаа вэ?
-Манай сургуулийн хувьд энэ тал дээр өөлөх юм байхгүй боломжийн. Харин номын сан болон бие даах төвүүд нь ном хоногоор авсан тохиолдолд үнэлж өгдөг. Энэ нь халаас нимгэн оюутнуудад хүнд. Үүнийг ч бид сургуулийн захиргаандаа уламжилсан.
МУИС Монгол Японы төв хоёрын хоорондын хамтран ажиллах гэрээт хугацаа энэ онд дуусна. Энэ гэрээнд долоон давхар номын сан баригдах асуудал яригдаж байгаа. Мөн оюутны дотуур байр барих ажил ойрын үед биш юмаа гэхэд дараа дараагийн шатандаа хэрэгжүүлэхээр сургуулийн захиргаатайгаа хөөцөлдөж байгаа.
-Оюутнууд багш нараа голдог гэсэн яриа гардаг. Энэ талаар?
-Ер нь манай оюутнууд их чанга болчихсон шүү дээ. Цагийн багш эсвэл мэдлэг боловсрол тааруухан багш байх юм бол шууд сургуулийнхаа захиргаа болон оюутны зөвлөлд ханддаг. Бид мөнгөндөө таарсан мэдлэг боловсрол зэмшиж улс нийгэмдээ хэрэгтэй боловсон хүчин болмоор байна гэсэн хүсэлтийг оюутан болгон тавьдаг. Дээр нь багш нар тийм мөнгө нэхэж тийм дүн тавих гээд байна гэсэн яриа их байдаг.
Ингэж оюутнууд өөрсдийнхөө төлөө гүйдэг болсон цаг үед сургуулийн захиргаа төдийгүй багш нар хичээж ажиллах хэрэгтэй. Энэ ч үүднээс багш нар зөв зүйтэй боловсон байсан нөхцөлд оюутнууд тэдний арга барилаас сайн эзэмшинэ гэсэн үг. Оюутнуудаас санал хүсэлт ирлээ гээд багш нарыг ажлаас нь халах тохиолдол ч багагүй гардаг.
-Оюутан байхын сайхныг хүн болгон бахдан ярьдаг. Сурч мэдэхийн хажуугаар хөгжилтэй зугаатай явдлууд ч олон тохиодддог?
-Тийм шүү. Ялангуяа оюутны байранд хөгжилтэй явдлууд их тохиолддог юм. Хамгийн наад зах нь автобусны мөнгөгүй болчихоод хэчнээн буудал газар алхах нь бий. Хэдийгээр энэ нь тухайн үедээ бэрхшээл ч хожим нь хөгжилтэй дурсамж болдог.
Бас ангиараа шалгалтандаа уначихаад багшийгаа гуйж дахин шалгалт өгөх, эсвэл кредитээ цуглуулж чадаагүй үедээ мөнгө олох гэж ажил хийх энэ бүхэн л оюутан байх үеийн дурсамжтай мөч юм даа.
-Өнөөдөр оюутнууд гэмт хэрэгт өртөх нь ихэссэн?
-Энэ нь хувь хүний ухамсартай холбоотой. Мөнгө төгрөгийн хомсдлоос болж дээрэм тонуул хийх, баар цэнгээний газар ажиллах зэрэг сэтгэл зовнисон асуудал байдаг. Харин бидний хувьд оюутнуудынхаа сурч боловсрох соён гэгээрэх өөрийгөө хөгжүүлэх тал дээр нь тулж ажиллахыг хичээдэг.
Хичээлээс гадуур сургалт дамжаанд суралцуулах, сурлага сайтай оюутныг тэтгэлэгт хамруулах, бусад уралдаан тэмцээнд оролцуулах тал дээр нь анхаарч дэмжиж ажилладаг. Энэ утгаар оюутны зөвлөл маш их үүрэг гүйцэтгэдэг гэж хэлж болно.
-Багцаагаар танай сургуулийн хичнээн оюутан ажил хийдэг вэ?
-МУИС-ийн оюутны холбоо оюутан конгрессын дэргэд оюутны хөдөлмөр зуучлалын төв байдаг. Энэ төв манай оюутны холбоонд харьяалагддаггүй байснаа өнгөрсөн оны 11дүгээр сараас харьяалагддаг болсон. Тэр үед 800 гаруй оюутныг ажилд зуучилж 1000 гаруй оюутнууд ажлын байртай боллоо гэж мэдээлж байсан. Бараг манай сургуулийн 13000 оюутны тавин хувь нь ажил хийж байгаа гэхэд хол зөрөхгүй байх
.
-Сургалтын төлбөр нэмэгдэж байгаад оюутнууд бухимддаг юм билээ? Энэ тал дээр оюутнуудаа төлөөлж саналаа нэмэрлэдэг биз?
-Тэгэлгүй яахав. Сургалтын төлбөр ирэх жил нэмэгдэнэ үү гэхээс буухгүй. Яагаад гэвэл МУИС-ийн бүх захирлуудын хурал болдог юм. Тэр хуралд оюутны холбооны тэргүүн оюутнуудаа төлөөлж оролцон санаа бодлоо хэлдэг. Энэ хурал тавдугаар сарын эхээр болж дараа жилийн сургалтын төлбөрийн асуудал
шийдэгдэнэ. Аав ээжээсээ санхүүждэг оюутнуудын хувъд санхүүгийн хямрал багагүй нөлөөлж байна.
-Нийгмийн алхааг оюутан залуусаар хэмждэг. Цаашид ямар зорилго өвөрлөж явна вэ?
-Миний бодлоор их дээд сургуулиудын сургалтын тогтолцоог сайжруулж бизнес төвтэй биш, сургалтын төвтэй баймаар байна. Дээд боловсролын тогтолцооноос чанарт шилжих гэж МУИС-ийн оюутны холбооноос өнгөрсөн жил оюутнуудын хооронд хэлэлцүүлэг зарласан. Энэ хэлэлцүүлэгт БСШУ-ны сайд оролцож бидэнтэй санал бодлоо солилцсон.
Бизнес төвтэй болохлоор төлсөн мөнгөнийхээ оронд авах соёл боловсролоо бүрэн дүүрэн эзэмшиж чадахгүй гэж яриад байгаа юм. Угаасаа дээд боловсролын тогтолцоо мөхөх шатандаа явж байна шүү дээ.
Өнөөдөр хоёр сая хүн амтай Монголд 150 гаруй чанартай чанаргүй их дээд сургууль байна. Гэтэл Тайвань хэдэн зуун сая хүн амтай мөртлөө 75 их сургуультай байх жишээтэй.
Манай ихэнх оюутнууд ШУТИС, МУИС-д орох сонирхолтой байдаг. Үнэхээр сурч чадаж байгаа бол улсынх, хувийнх гэж ялгах шаардлагагүй. Хэр боловсон хүчин болох нь тухайн оюутны чадвараас шалтгаалж ирээдүй нь тодорхойлогддог. Тиймээс сонгосон мэргэжлээ сайн эзэмшээд нийгэмдээ ухаалаг зөв амьдрах нь чухал юм.
Д.Гэрэлт
Wednesday, March 4, 2009
Home »
Бусад
,
Мэдээ
,
Нийгмийн Амьдрал
,
ШУ ба Боловсрол
» Дээд боловсролын тогтолцоо мөхөх шатандаа явна
Дээд боловсролын тогтолцоо мөхөх шатандаа явна
Related Posts:
Тэглэх хувилбарын тухай тэрслүү үг Монголчууд юмыг өсгөхдөө гаргуун. “Амны билгээс ашдын билэг” гээд л өсгөөд эхэлнэ шүү дээ. Өсгөсөн юмаа буцааж бууруулна гэж байхгүй. ” Дээшээ, дээшээ, бүр дээшээ” гэж дуулаад л дэгдээд өгнө шүү дээ. Хямралын үед энэ аранши… Read More
Шатахууны үнэ дахиж буурахгүй нь... Дэлхийн эдийн засгийн хямрал, ам.долларын ханшны өсөлтөөс хамааран өдгөө бүхий л бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдэх боллоо.Ялангуяа монгол түмний уламжлалт баяр цагаан cap дөхсөн энэ үед үнийн өсөлт ард иргэдийг … Read More
ХААДУУД ОДОЖ, АРД ТҮМЭН ҮЛДДЭГ… Энэ гайхамшигт үгийг В.Гюго хэлжээ. Тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Уг нь аль эртнээс яриад цуураад, ил далд реклам хийгээд давхиад байдагсан бус уу. Энэ удаад хөшиг нэг л сайн нээгдэж өгөхгүй байна. Эн… Read More
Англид А.Аршавиныг эхнэрээс нь болж хавчиж байна Оросын хөлбөмбөгчин Андрей Аршавиныг гэр бүлээ Лондонд авчирмагц Английн хэвлэлүүд гэр бүлийг нь хорон үгээр “утаж” эхэлжээ. Хэвлэлүүд анх орон нутгийн нэгэн сонинд өгсөн эхнэрийнх нь ярилцлагаас болж боорлож эхэлсэн тухай… Read More
“Элгэн нутаг” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлье Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ дарга, Ерөнхий сайд, бүх түвшний хууль тогтоогчид, шийдвэр гаргагч нараа ! Монгол нутагтаа болон гадаад улс орнуудад амьдарч буй элэг нэгт Монголчуудаа! Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллаг… Read More
0 Сэтгэгдэл:
Post a Comment