Sunday, March 15, 2009

Хүүхэд чинь халуурч байвал эцэг эх нар яах ёстой вэ?

Өндөр халууралтын талаархи 7 ташаа ойлголт

Хүн бүхэн хэн нэг нь өндөр халуурвал айдаг гэвч зарим нэг нь түүнийг бууруулах гэж яарсны хэрэггүй гэж үздэг. Энэ нь үнэн юм уу худал юм уу?

-Хүүхэд чинь халуурч байвал эцэг эх нар яах ёстой вэ?
-Ямар халууныг өндөр гэж үзэх вэ?
-Яагаад халуун ихэсдэг вэ?
-Ямар эмээр бууруулах вэ? Эдгээр асуудлуудад хариу өгөө.

1-р буруу ойлголт. Халуун нь вирусийг устгадаг, иймд түүнийг бууруулах гэж яарсны хэрэггүй.


Тийм ээ, зарим нянгууд, тухайлбал пневмококк, менингококк, гонококк, спирохет зэрэг нь +40 С -өөс дээш халууныг муу даадаг. Энэ бол 100%-ийн зөв биш юмаа. Эдгээр нянгуудыг үхүүлэхийн тулд 36 цаг байлгах хэрэгтэй, өөрөөр хэлбэл хүүхэд халууныг бүтэн өдөр агас тэвчих болж байна. Томуу болон амьсгалын замын улайралтын өвчнүүдийг үүсгэгч вирусууд хүний биеийн температур 39-41С хүрсэн ч хамар залгиурын салст бүрхүүл дээр үхдэггүй, яагаад гэвэл хамар ба амаар амьсгалж байгаа агаар нь хэсэг газрын халууныг 37-38 С хүртэл бууруулдаг байна.

Иймд халуурах нь ашигтай гэж хэлж тэр болгон болохгүй. Харин халуун нь жаахан хүүхдэд хор хөнөөлтэй болох нь тодорхой. Өндөр халуун нь төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг дарангуйлдаг тул хүүхэд ямар нэгэн өвчний үед өндөр халуурсаны дараа нэг хэсэгтээ улбагар сул байдаг нь үүгээр тайлбарлагдах ба түүгээр ч барахгүй халуун нь шингэн алдалт, дотоод эрхтэнгүүдийн цусан хангамжийн өөрчлөлт, зүрх судас ба амьсгалын дутагдал, даралтыг буурахад хүргэдгээс гадна цусны өтгөрөлт болон цусны бүлэгнэх үйл ажиллагаа идэвхжсэнээс цусан хангамжийн хямралд хүртэл хүргэж болдог байна. 

Иймд хүнд явцтай байсан өвчний үед үүсэх хүндрэлүүд нь вирусийн үйлчлэлээс биш, харин цусан хангамжийн өөрчлөлт болон дотоод эрхтэнгүүдийн үйл ажиллагаа алдагдсанаас үүсдэг байна.

Харин халуун бага зэрэг ихсэх буюу 38 С хүртэл байвал өөр хэрэг юм. Энэ нь аливаа өвчний үед хүний бие халдвартай тэмцэж байгааг илтгэдэг. Вирус болон өвчин үүсгэгч нянгууд хүний биед нэвтрэн ороход хүний биеийн бодисын солилцоо идэвхжиж, эсрэг биеийн үүсэлт хэвийнхээс 11 дахин түргэсэн, гэмтсэн эс ба эрхтэнд цусыг хүргэхийн тулд цусны эргэлт 2 дахин түргэсдэг байна. Иймд халуун нь амин чухал эрхтэнг гэмтээснээс эсрэг биеийн үүсэлт нь арай удаан явагдах нь илүү дээр байдаг талтай.

2-р буруу ойлголт. Хэрвээ халууны шил 39,5 С-ыг зааж байвал түргэн тусламжийг яаралтай дуудаарай.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шинжээчид хүүхдийн халууны дээд хэмжээг 39-39,5 С гэж заасан байдаг. Эдгээр тоонууд нь “эмнэлгийн байгууллагын дундаж халуун” юм. 

Хүүхдийн нас бага байх тусам түүний бие нь амархан хэт их халдаг тул өндөр халуун нь түүнд маш их аюултай. Иймд жаахан хүүхдийн халуун нь 38 С-аас дээш болдог л юм бол аль болох богино хугацаанд бууруулах шаардлагатай. 

Иймд дараах тохиолдлуудад халууныг бууруулах хэрэгтэй:
-хүүхэд татаж байвал
-мэдрэлийн системийн ямар нэгэн өвчинтэй байх
-уушиг ба зүрхний архаг өвчинтэй байх
-сахарын шижин ба бамбай булчирхайн ямар нэгэн удамшлын өвчинтэй байх.

Богино хугацаанд халууныг нь бууруулах асуудлыг хувь хүн болгон дээр биеийн байдлыг нь харгалзан шийдэх ёстой. Зарим хүүхэд 39 С-ын халууныг хөнгөн даадаг бол нөгөө хэсэг нь 38 С-ыг ч тэсэж чаддаггүй байна. Нэг жишээ дурьдая:

Зуны дулаан өдрүүдэд нэгэн зусланд салхин цэцэг өвчний дэгдэлт гарсан байна. 10 хүүхэд болон нэг 18 настай залуу өвчилжээ. Бүх хүүхдүүдийн халуун нь 39,5-40 С хүртэл ихэссэн байна. Тэдгээр өвчтөнгүүдийн дотроос хамгийн жаахан нь болох 2 настай хүүхэд ба залуу хоёрт л таталт өгөгдсөн байна. Тэр хоёрт хоёуланд нь түр зуурын мэдрэлийн өөрчлөлт илэрсэн нь жаахан хүүхэд ярьж чадахаа больж, хэсэг зуур болхи болсон бол залуу нь сонсгол нь муудаж, амтны мэдрэхүйд нь хоосон үзэгдэл мэдрэгдээд байна гэсэн зовиур хэлж байжээ. 

Жаахан хүүхдийн халууныг зохицуулах механизм нь бүрэн гүйцэд хөгжөөгүй байсан бол залуугийн хувьд “хүүхдийн” өвчнөөр өвдөх нь давашгүй даваа болсон байна. Аз таарахад хэдэн хоногийн дараа тэр хоёрын хүндрэлүүд бүрэн арилжээ.

3-р буруу ойлголт. Өвчин хүнд байх тусмаа халуун өндөр байдаг

Амьсгалын замын өвчний үед халуун бага зэрэг ихэсдэг бол томуу, ангина, улаан эсэргэнэ зэрэг өвчнүүдийн үед нилээд өндөр байна. Халуун ихсэж хир зэрэг өндөр байх нь өвчин үүсгэгчээс хамаарахгүй, харин тухайн өвчтөний өөрийнх нь бие махбодын хариу урвалаас шалтгаалдаг. 

Анхаарал сайтай эцэг эхчүүд хүүхдээ яаж өвддөгийг сайн мэддэг. Зарим нэгэн хүнд халдварын үед хариу урвал сул байж болдог бол нөгөөхөд нь бие махбодь нь шууд хүчтэйгээр өгөж эхэлдэг байна. Хагас цагийн өмнө гүйж, тоглож явсан хүүхэд гэнэт 38 С хүртэл халуурах жишээтэй. Хүүхдийн бие сул байвал халуун ихсэхгүй байж болно. Жишээ хэлэхэд нэгэн удаа аав ээж нь хүүтэйгээ цанаар өдөржингөө гулгажээ. Хүү нь ядраад, даараад байхад нь түүнийг дэмий зоригжуулаад байжээ. Гэтэл хүү нь уушигны хатгаагаар өвдсөн бөгөөд түүний халуун нь ер ихсээгүй байсан байна.

4-р буруу ойлголт. Хэрвээ хүүхэд даарж хөрөөд өндөр халуурвал амархан эдгэрдэг, бага зэрэг халуурвал өвчин нь удаан үргэлжилдэг.

Халууралтын түвшин ба өвчний эдгэрэлтийн хугацаа хоёрын хооронд шууд хамаарал байдаггүй. Өвчний эхлэлийн үе шатанд халуун гэнэт ихсэх нь тухайн хүний бие махбодь өвчин үүсгэгчийг таньж, түүнтэй тэмцэх хариу урвал үүсэж байгаатай холбоотой. Энэ бол хэвийн үзэгдэл. 5-15 насны хүүхдүүдийн арван хүн дутмын нэг нь халдварт өвчнөөр өвдөхдөө эгэл бусаар өвчилдөг, өөрөөр хэлбэл шинж тэмдэг нь тэр болгон тод илэрдэггүй гэсэн үг. 

Эдгээр хүүхдүүд нь гол төлөв буруу эмчилгээ хийлгэсэн, эмчилгээг нь оройтуулсан, зарим нэг нь дархлалын хариу урвалын онцлогтой байх тохиолдлууд байдаг. Гэвч өвчний явц эрчимтэй явагдах нь сайн талтай гэж үзэх нь буруу ойлголт юм. 

Өвчин шинж тэмдгийн илрэл багатай, удаан үргэлжлэх явдал нь тухайн хүний дархлалын системийн хүчин чадал сайн, бие мах бодийн дасан зохицох боломж ихтэй, хамгийн бага зардлаар эмгэгийг даван туулж чадах зэрэг шинжүүдийг харуулдаг. Айлын хоёр хүүхэд томуугаар өвджээ. Охины нь халуун 40 С хүрч байсан бол хүүгийнх 37,6 С-аас хэтрээгүй байна.

Охин 2 долоо хоног орчим өвдсөн бол ах нь 1 долоо хоногийн дотор өвдсөн боловч түүний тунгалгийн булчирхайнууд, элэг, дэлүү нь томорсон байна. Энэ нь 2 хүүхдийн дархлалын системийн хариу урвал хүчтэй, янз бүрээр илэрснийг харуулж, зарим тохиолдолд хүний эрүүл мэнд, амийг нь хүртэл авардгийг илтгэн харуулжээ. Хамгийн гол нь өвчин хүндрэл өгөөгүй байх нь чухал байдаг.

5-р буруу ойлголт. Халууныг эм тариагаар бууруулах нь зөв, ардын эмнэлгийн арга хэрэггүй.Эм болон халууныг бууруулахгүй. Нэг өвчтэй хүүхэд дээр ирсэн чинь хажуу талаараа хэвтчихсэн, маш их зовиуртай амьсгалсан, уруул нь омголтоод хатчихсан, хацар нь улайсан, нүдээ анисан ийм өрөвдөлтэй байдалтай байлаа. Юу ч уухгүй, улайх ч үгүй. Тэр хүүхэд халуурч байсан, өрөө тасалгаа нь их бүгчим, зузаан цамц өмсгөсөн байлаа. Тэр хүүхэд өвдөж байна шүү дээ!

Хүүхдийг нимгэн хувцасла, илүүдэл халууныг ууршихад нь тусла. Хүүхдээс памперсыг нь тайлж ав, тэр нь хүүхдийн биеийн гадаргуугийн 30%-ийг таглаж байдаг тул халуун бигнүүр л гэсэн үг. Хамгийн их халууныг бууруулах зам бол арьсаар усыг ууршуулах явдал юм. Хагас цаг дутамд хүүхдийн биеийг нойтон алчуураар арчиж өг. Гол нь усны халуун нь хүүхдийн биеийн халуунтай тэнцүү байвал сайн байна. 

Хүйтэн ус нь дааруулж цочроодог тул хүүхэд дургүй байдаг. Хүүхдэд аль болох шингэн юм сайн уулга: цай, компот, жимсний ба ногооны (улаан манжин, шар лууван, улаан лоольных байвал илүү дээр) жүүс, балжингарма (ромашки) ба далдуу модны цэцгийн хандыг цайны халбагыг 1 стакан усанд найруулан өгөх.

Халуун бууруулдаг эмүүд нь эмчилдэггүй, зөвхөн халууныг багасгах үйлчилгээ үзүүлдэг. 

Хүүхдэд парацетамол буюу ибупрофенийг насанд нь тохирсон тунгаар эмчийн зөвлөлгөөнгүй өгөх үед 2 удаагаас хэтрүүлэлгүй уулгаж болно. Эдгээр эмүүд нь халууныг 0,5-1,5 -аар бууруулдаг. Халуун нь буурахгүй тохиолдолд дахин эм өгөх шаардлага гарвал 4-5 цагийн дараа өгнө. Хэрвээ хүүхэд ууж чадахгүй, бөөлжиж байвал лаа маягаар шулуун гэдсэнд нь хийж өгч болно.

6-р буруу ойлголт. Вакцин хийлгэсний дараа өндөр халуурах нь сайн тэмдэг, дархлаа нь сайн удаан хугацаагаар тогтоно гэсэн үг

Энэ нь тийм бишээ. Вакцин хийлгэсний дараа хүүхэд 3 шалтгааны улмаас халуурдаг:
-вакцин нь муу байвал (хадгалах горим алдагдсан, хугацаа нь хэтэрсэн) -тохиолдлын 30%-д
-вакцинд тухайн бие махбодь хэт хүчтэй хариу урвал өгч байвал-тохиолдлын 50%-д
-харшлын урвал- тохиолдлын 20%-д

Судалгаагаар вакцин хийлгэсний дараа өндөр халуурч хариуурвалөгчбайсанба халуураагүй хүүхдүүдийн дархлаа ижил түвшинд үүсэж байсныг нотолсон байна.

7-р буруу ойлголт. Халуурна гэдэг нь өвдөхийн шинж
Үгүй, худлаа. Жаахан хүүхэд хоолоо идэж байхдаа хөлөрдөг. Энэ үед түүний суган доор халууны шил тавьбал 37,5 С байна. Яг энэ халуун 2 настай хүүхдэд уурлаад, тийчигнээд, 15 минут уйлсан тохиолдолд мөн адил байна. 1 хоног баагаагүй бол хүүхдийн халуун 1-2-аар нэмэгдэж болно. Хүүхдийн нас бага байх тусам янз бүрийн шалтгаанаар түүний халуун ихсэж болдог. Ийм тохиолдолд энэ нь өвчний шинж биш шүү.

Түргэн тусламжийг ямар ч эргэлзээгүй
-жаахан хүүхдийн халуун 38С -аас их байвал
-3 хүртэлхи насны хүүхдийн халуун 38,5-аас их байвал
-сургуулийн насны хүүхдийн халуун 40-аас их байвал дуудаарай.

0 Сэтгэгдэл: