С.Баярын тэргүүлж байгаа Засгийн газар “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын гэрээний төслийг бэлэн болгоод УИХ-д өргөн барих гэж байна. “Айвенхоу майнз Монголиа Инк”, “Рио Тинто”-гийн итгэмжлэгдсэн багийнхантай хэд хэдэн удаа хэлэлцээрийн ширээний ард сууж болзол нөхцөлөө тохиролцон хоёр тал нэгдсэн шийдвэрт хүрчээ.
Эхний үед хөрөнгө оруулагч тал зэсийн үнэ навс унасан дээр дөрөөлөн хатуурхаж байсан хэдий ч 28 сая тонн зэс, 1000 гаруй тонн алтны нөөцтэй орд тэднийг удаан гэдийлгэсэнгүй зөөлрүүлжээ.
Энэхүү гэрээний төслийг өмнө хоёр ч удаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байсан ч дахин нягтлах, өөр санал тусгах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах, зарим асуудлаар хөрөнгө оруулагч талтай дахин яриа хэлэлцээ хийх шаардлагатай гээд буцааж байсан юм.
Харин өнгөрсөн даваа гарагт С.Баярын танхимынхан 18 цагаас хуралдан хэлэлцээд бага зэрэг засвар оруулаад УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх эрхийг Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт олгох тухай Засгийн газрын тогтоол гаргахаар болжээ.
Олон жил дуншиж, хардалт сэрдэлтийн бай болж байсан энэхүү ордыг эргэлтэд оруулах зам шуудрах шатандаа орж байна. Гэхдээ эцсийн шийдвэрийг эрхэм гишүүд гаргах болохоор өмнөх шигээ түүхий болж, учир дутагдалтай байна гээд буцаахыг ч үгүйсгэх аргагүй.
Хямралд сөхөрч, гарах гарцаа хайж байгаа үед улстөрчид хатуурхаж, хоёр толгойг ашиглалтад оруулах хугацааг хойш татаад байхгүй биз гэж зарим ажиглагчид үзэж байна. М.Энхболдыг Засгийн газар толгойлж байхад одоогийн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулаад УИХ-д өргөн барьж байсан юм.
Гэвч УИХ дахь АН-ын гишүүд шүүмжилж, гадаадынханд хэт тал зассан, гэнэтийн ашгийн татвараас чөлөөлөх заалт орсон, монголчуудын эрх ашигт үл нийцэх гэрзэ гэж баалсаар буцааж байлаа.
Харин энэ удаагийн гэрээ өмнөхөөсөө юугаараа ялгаатайг сонирхсон юм. С.Баярын тэргүүлж Засгийн газраас өргөн барих гэж байгаа төсөл нь 16 зүйл,160 гаруй заалттай аж. Эдгээр олон зүйл, заалттай гэрээний төслийн гол гэснийг нь онцлон авч хоёр жилийн өмнө боловсруулан УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсантай харьцуулсан нь.
С.Баярын Засгийн газрын үед өргөн барих гэж байгаа төсөлд
-Ордод ашиглалт явуулах “Айвенхоу майнз Монголиа инк” ХХК-ийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар шууд эзэмших, гэрээг сунгаснаас хойш нэг жилийн дотор Монголын талд нэмэлт 16 хувийг шилжүүлэн 50 хувьд хүргэх
-Монголын талын хөрөнгө оруулалтын зардлыг хүүгийн хамт ирээдүйд манай талд ногдох ногдол ашгаас тооцох
-Манай тал 125 сая ам.долларыг урьдчилгаа төлбөрт тооцон авах
-”Айвенхоу майнз Монголиа инк” ХХК нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн дагуу татвар, төлбөр, хураамжуудыг төлөх
-Ордоос олборлосон алтыг Монголбанкинд тухайн үеийн зах зээлийн үнээр худалдах
-Зэс хайлуулах үйлдвэр байгуулах, түүнийг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллуулах
-Эрчим хүчний хэрэглээг эхний дөрвөн жилд БНХАУ-аас хангах, үүнээс хойш
-Эрчим хүчний хэрэглээг эхний дөрвөн жилд БНХАУ-аас хангах, үүнээс хойш Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах, эрчим хүч үйлдвэрлэх барилга байгууламжийг Монголд ашигтай байршлыг сонгох, хөрөнгө оруулагч Оюутолгой орд болон Гашуун сухайтын хилийн боомтын хооронд олон улсын стандартын авто зам барих, төсөл хэрэгжих орчинд нисэхийн хөөрөх, буух зурвас байгуулах
-Төсөл ашиглалтад орсны дараа нийт ажиллагсдын 90 хувь нь монгол ажилчид байна.
М.Энхболдын Засгийн газрын үед өргөн бариад буцаагдсан төсөлд
-Монголын төр хувьцааны 34 хувийг эзэмшинэ.
-Монголын талын хөрөнгө оруулалтын зардлыг хөрөнгө оруулагч гаргаж ирээдүйд манай талд ногдох ногдол ашгаас тооцох
-Ямар нэгэн урьдчилгаа төлбөр авах асуудал тусгагдаагүй
-Гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас чөлөөлнө
-Оюу толгой төслийн үйлдвэрлэсэн нийт алтыг олон улсын зах зээлд өрсөлдөхүйц үнээр Монгол Улсын Төв банкинд худалдахаар санал болгосон тохиолдолд Оюу толгой төслийн үйлдвэрлэсэн алтыг үнийн өсөлтийн албан татвараас чөлөөлнө
-Зэс хайлуулах үйлдвэр барьбал гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас чөлөөлнө
-Оюу толгой төслийн богино болон урт хугацааны цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын хугацаанд шийдвэрлэнэ. Цахилгаан эрчим хүчний хэрэгцээг Монгол улсын эрчим хүчний системээс хангах бодлого баримтлана. Хөрөнгө оруулагч Монгол улсад төслийн бүтээн байгуулалтад хамгийн тохиромжтой байршилд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх барилга байгууламж барих, ажиллуулах эрхтэй. Оюу толгойгоос Гашуун сухайтын хилийн боомт хүртэл хөрөнгө оруулагч олон улсын чанартай зам барина.
-Барилгын ажлын явцад ажиллагсадын 75-аас доошгүй хувь нь Монгол улсын иргэн байна.Харин уурхай ашиглалтад орсны дараа нийт ажиллагсадын 90-ээс доошгүй хувь нь Монголд Улсын иргэн байна.
Ийнхүү хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах сургаар Канадын “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны ханш нэмэгдсээр байгаа аж. Тус компанийн хувьцаа өнгөрсөн оны аравдугаар сараас хойш унаж 2,15 канад доллар болсон бол одоо 5,65 болтлоо өсчээ.
Д.Доржпагма
0 Сэтгэгдэл:
Post a Comment