Thursday, January 29, 2009

Асашёорюү Монголын Ерөнхийлөгч болно гэжээ

 Токио. /АФП/. Японы мэргэжлийн сумо бөхийн тэмцээний их аварга Асашёорюү Дагвадорж их спортоо орхисны дараа эх нутагтаа эргэн ирж, улс төрд хүч сорин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж АФП мэдээллийн агентлагаас даваа гарагт мэдээлжээ.

“Би Монгол Улсын Ерөнхийлөгч болно гэж ёкозуна Асашёорюү хэлсэн” хэмээн одоо тэтгэвэртээ гарсан сумо бөхийн үсчин Такажу Хинахата Японы “Никкан Спорт” сонинд өгсөн ярилцлагандаа дурьджээ. Энэ жил 28 настай Их аварга сумогийн спортод 30 нас хүртэл барилдан зодог тайлсны дараа 2012 оны Монгол Улсын парламентын сонгуульд өрсөлдөж, Ерөнхийлөгч болох гараагаа эхлэхээр төлөвлөж байна гэж тус сонинд нийтэлжээ. Энэ жил 65 нас зооглосон Хинахата гуай өнгөрсөн жил тэтгэвэртээ гарах хүртлээ их аваргын үсчин байжээ. Түүнийг Их аварга аавтайгаа адилтган үздэг байна. Асашёорюү өнгөрсөн ням гарагт дууссан тэмцээнд түрүүлэн 23 дахь удаагаа Японы эзэн хааны цом хүртсэн билээ. Энэ амжилтаараа тэрээр сумогийн түүхэнд хамгийн их түрүү авсан бөхчүүдийн эхний дөрөвдүгээрт бичигдэх болсон.
Асашёорюү буюу бүтэн нэр нь Долгорсүрэнгийн Дагвадорж шинэ оны эхний тэмцээний сүүлийн өдөр залуу өрсөлдөгч, ёкозуна Хакухог ялсан гэж тус мэдээнд дурьдсан байна. 11 дүгээр сарын тэмцээн болон үүнээс өмнөх хоёр тэмцээнийг бэртлийн улмаас өнжөөд байсан Асашёорюүгийн талаар зодог тайлах асуудал яригдаж байсан ч тэрээр эргэн ялалтын эзэн болсон юм. Сумогийн ёс жаягийн дагуу Их аварга болон ёкозуна нар хэзээ ч цолоо хураалгадаггүй боловч амжилттай барилдахгүй бол зодог тайлдаг уламжлалтай.
Асашёорюү эргэн ирснээр их аваргын ялалтын мөчийн гэрэл зургууд даваа гарагт Японы хэвлэлүүдийн эхний нүүрийг дүүргэх болжээ. Их аваргын багш Такасаго түүнд анхаарал сэрэмжтэй байхыг сануулсан байна. Учир нь Японы уламжлалт ёс заншил баримтлагчдын хувьд их аварга үргэлж сөрөг тал болдог юм.
“Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Асашёорюү эргэн ирсэн тухай шуугих болно. Гэсэн хэдий ч чи бардамнан хийрхэх хэрэггүй. Хүмүүс чиний хийж буй үйлдэл, хэлсэн үг болгоныг ажиглаж байгаа. Тиймээс ялалт байгуулсан ч даруу төлөв байх нь зүйтэй” гэжТакасого гуай “Никкан Спорт” сонинд өгсөн мэдэгдэлдээ хэлжээ.
Асашёорюү XIII зууны үед Монголын эзэнт гүрнийг байгуулсан Чингис хааны нэгэн адил их омголон сэтгэлийн хөөрөлтэй гэж Их аваргатай дотно нөхөрлөдөг сумочийн хэлсэн үгийг тус сонин иш татжээ. Үүнээс гадна их аварга яагаад төрөлх улсынхаа төрийн өндөрлөг болох хүсэлтэй байгааг нэр нь үл мэдэгдэх эх сурвалж сонирхсоныг сонинд нийтэлжээ.
Монгол улс 1990 онд 70 гаруй жил оршин тогтносон коммунист дэглэмийг арилган ардчилсан тогтолцоог сэргээн босгожээ. Гэвч өнгөрсөн онд тус улсын парламентын сонгууль будлиантай боллоо хэмээн хүний амь эрсэдсэн үймээн самуун дэгдсэн юм гэж мэдээний төгсгөлд дурьдсан байна.

1 Сэтгэгдэл:

Н.Мөнхбат said...

Энэ арай худлаа байхөө...залж байгаа байлгүй дээ