Thursday, January 29, 2009

“Сүү” компанийн үйл ажиллагааг зогсоолоо

-Ямар ч стандартгүй тоног төхөөрөмж, баталгаагүй сүүгээр үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээс нь энтеровирусын бактери илэрчээ-

Том үйлдвэр гэхээр л сайн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдэг ойлголт хэдийнэ өнгөрчихжээ. Ялангуяа хүн амын гол хэрэгцээ хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон үйлдвэрүүдийн талаар сүүлийн үед багагүй хэл ам гарах боллоо.
Оны өмнөхөн “Талх чихэр” компанийн бялуу, нарийн боовны цехийн ажилчид аммиакинд хордож нас барлаа гээд л шуугисан. Гэтэл аммиак биш суурь өвчнөөсөө болж “Талх чихэр”-ийн ажилтан амиа алдсан гэсэн онош тавигдсан билээ. Магадгүй “Талх чихэр” химийн бодистой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч юм бил үү гэсэн хардлага гарах болсон.
Харин өчигдөр Монголын сүү сүүн бүтээгдэхүүний зах зээлийн дийлэнх хувийг хангадаг ганц үйлдвэр болох “Сүү” хувьцаат компанийн үйл ажиллагааг зогсоолоо. НМХГ-ын Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус үйлдвэрт шалгалт хийжээ. Шалгалтаар ноцтой олон зөрчил илэрсэн байна. Гол түүхий эд болох сүү нь стандартын шаардлага хангадаггүй, гарал үүслийн гэрчилгээгүй, хаанаас хэзээ оруулж ирсэн нь тодорхойгүй сүүгээ лабораторийн шинжилгээнд хамруулж, баталгаажуулдаггүй байжээ.
Мөн тус компани 35 нэр төрлийн тоног төхөөрөмж ашигладаг байна. Тэдгээр нь аюулгүй ажиллагааны гэрчилгээгүй, 22 нь стандартын гэрчилгээ байхгүй, аль улсын ямар үйлдвэрийн техник гэдэг нь тодорхойгүй байсан аж. Энэ нь ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажилладаггүй гэсэн үг юм.
Дээрх зөрчлүүдээс гадна хамгийн ноцтой зүйл тус компанийн хуванцар савтай цөцгийтэй тарагны савнаас нь энтеровирусын бактери илэрсэн гэнэ. Савнаас нь илэрч байгаа юм чинь таргандаа ч мөн адил бактери нь агуулагдаж байгаа хэмээн Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж ярьж байна.
Дээрх таргийг идсэн хүмүүс, хүүхэд багачууд маань ямар нэгэн хордлого болох, халдварт өвчин ч тусч болзошгүй юм. Мөн үйлдвэрлэлдээ ашигладаг амт, үнэр, өнгө оруулах 15 нэмэлт бүтээгдэхүүний долоогийнх нь хадгалах хугацаа дууссан, аль улсаас импортолсон зэрэг нь тодорхойгүй байжээ.
Энэ мэт Монголын хамгийн том хүнсний үйлдвэрээс зөрчил дутагдал бөөн бөөнөөр илэрч байна. Мэргэжлийн хяналтынхан “Сүү” компанийнханд 19 чиглэлээр зөрчил дутагдлаа арилгах албан шаардлага өгсөн байна. Зөрчлөө арилгатал үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо. Харин зах зээл дээр гарсан бүтээгдэхүүнийг эргүүлэн татах боломжгүй байгаа аж. Учир нь сүү, сүүн бүтээгдэхүүн 48 цагийн дотор борлогддог гэнэ.

0 Сэтгэгдэл: