Wednesday, May 27, 2009

Оюутны хотхоныг тойрсон цэнгээний газруудыг хэзээ цэгцлэх вэ?


Оюутны “А”, “В”, “С” хотхоныг тойрсон 400 орчим баар цэнгээний газар, 30 саун байдаг гэдэгт та лав эргэлзэх байх.

Үнэндээ манайхан шиг оюутны хотхондоо цэнгээний газар олноор нь байгуулсан улс орон ховор биз ээ. Энэ байдал наад зах нь оюутнуудын тав тухыг алдагдуулах, цаашлаад бор дарсанд дурлах, хэрэг зөрчилд орооцолдох эх үүсвэрийг тавьж байна гэхэд нэг их хэлсдэхгүй байх. Энэ онд л гэхэд 20 гаруй оюутан архидан согтуурсны улмаас гэмт хэрэгт холбогдож, шийтгэл хүлээсэн байх юм.
Манайд боловсролын байгууллагын ойр орчинд баар цэнгээний газруудыг ажиллуулахгүй гэсэн “мөрдөгддөггүй” нэг журам бий. Үүнийг мөрдөх нь байтугай оюутныхаа байранд саун, зочид буудал ажиллуулдаг нь Монголын оюутны холбоонынхны шалгалтаар илэрсэн. Хэдэн жилийн өмнө Орхон Их сургуулийн оюутны дотуур байранд баар ажиллуулж байсан нь мэргэжлийн байгууллагуудын шалгалтаар тогтоогдож хаагдаж байсныг нь мэдэх юм. Зарим газар нь “нүглийн нүдийг гурилаар хуурав” гэгчээр хаасан ч өөр нэрээр эргээд үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Оюутны хотхонд амьдардаг оюутнуудтай уулзахад, “Оюутны хотхонд юу л байна, баар, зочид буудал саун л байна шүү дээ. Ят үнэнийг хэлэхэд орой үдэш явахад хэцүү. Согтуу хүмүүс хөлхөлдөж зарим нэгэн эмэгтэй оюутнуудыг татаж чангаах бол энүүхэнд ер нь байнга л хэрэг зөрчил гарлаа гэж дуулддаг. Шөнө дунд бол баарны хөгжим, согтуу хүмүүсийн дуу чимээ тасардаггүй. Нөгөөтэйгүүр энэ байдал нь оюутнуудыг бааранд орох нөхцлийг бүрдүүлж байна. Тэр ч бүү хэл оюутны байранд буудал хүртэл байдаг шүү дээ. Энэ бүхнийг цэгцэлмээр л байх юм. Харин хэн хариуцдаг юм бол бүү мэд” гэлээ.
Оюутны хотхоны ойр орчим тусгай зөвшөөрлийн хугацаа хэтэрсэн, цагтаа хаадаггүй, үйлчилгээний чанар хангаагүй зэрэг зөрчил мэргэжлийн байгууллагуудынхны хараанд байнга өртдөг байна. Үнэндээ манай оюутны хотхонд баар, 24 цагийн үйлчилгээтэй хүнсний дэлгүүр, кафе, саун гээд байхгүй юм алга. Хэдэн жилийн өмнө МОХ-ноос дээрх оюутны хотхонд шалгалт хийсэн ч өнөөдөр бахь байдгаараа л байна. Оюутны хотхоныг тойрсон цэнгээний газруудыг цэгцэлнэ гэдэг амьдрал дээр “зангууны үлгэр” бололтой.

0 Сэтгэгдэл: