Thursday, May 28, 2009

Импортын хүнсний бүтээгдэхүүн гомдол дагуулсаар

Сүүлийн үед Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэрэглэгчдээс хуурамч шоколад, муудсан өргөст хэмх, даршилсан мах, стандартын бус архи, ээддэг сүү, хүүхдийн тэжээл “Меласан-2″, алимны нухшийг хэрэглэсний дараа хүүхдийн гэдэс хямарч, гүйлгэх зовиур илэрч буй зэрэг чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүний талаар гомдол их ирж байгаа аж. Тэрчлэн Чингэлтэй дүүрэг дэх худалдаа, үйлчилгээний газруудын хоол, хүнстэй холбоотой гомдол мэдээлэл нэлээд ирсэн байна.



Шалгалтын явцад энэ нь хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын нөхцөл зөрчигдсөнөөс болсон нь тогтоогдсон аж. Тухайлбал, гэмтэж муудсан “Наса” кимчи, тамга тэмдэггүй, таглаагаараа асгарсан “Мөнхжин-Од” компанийн 033 литрийн савлагаатай “Мөнхжин”, ТТЦ” компанийн 0.5 литрийн “Premium vodka” архи, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй даршилсан ногоо, шошгоны шаардлага хангахгүй утлагат хиам, хугацаа дууссан “Ката” масло зэргийг худалдаж байсныг илрүүлжээ. Дээрх хүнсний бүтээгдэхүүнүүдийг шинжлэхэд нянгийн бохирдолгүй гарч байгаа ч химийн үзүүлэлтээр амт, чанарын өөрчлөлттэй, гэмтэж муудсан, шаардлага хангахгүй байгаа аж. Мөн Хятадаас хувь хүмүүс оруулж ирдэг 250 гр-ын савлагаатай ладны крем, жигнэмэг, үрлэн чихэр, чангаанз, бохь, тоглоомтой чихрүүд, цэлцэгнүүр зэрэг нь чанарын баталгаажилт, аюулгүй байдлын дүгнэлтгүй нийтлэг зөрчилтэй байна. Ерөөс гомдол дагуулж буй бүтээгдэхүүнүүдийн дийлэнх нь импортынх байгаа аж.

Гялгар уутнаас хорт бодис илэрлээ
Нөгөөтэйгүүр тус газраас Чингэлтэй дүүргийн худалдааны газруудад борлуулж буй гялгар уут, нэг удаагийн хоолны саванд хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад 56 газарт борлуулж байсан 5000 уут, торны худалдааг зогсоосон байна. Мөн дэлгүүр, супермаркетэд худалдаж байгаа 0.025 мм-ээс бага зузаантай, хэт нимгэн 12 төрлийн гялгар тор, уутанд шинжилгээ хийхэд хорт бодис формальдегид эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс 1.5 дахин их гарчээ.
Иймээс иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа гялгар тор, уутанд хийхгүй байх хэрэгтэй юм. Мөн хяналтын байгууллагууд Хятадаас оруулж ирж буй 0.025 мм-ээс бага зузаантай гялгар тор, уут худалдахыг таслан зогсоох, гялгар уутыг хэрэглээнээс хасах нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Хятад, солонгос хоолны газрууд шаардлага хангасангүй

Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс хятад, солонгос хоолны газруудад шалгалт хийжээ. Уг шалгалтад арван газар хамрагдсан агаад 80 гаруй зөрчил илрүүлсэн байна. Үүнээс “Ар хорчин”, “Тэнгэрлэг орчин”, “Шин яа”, “Минь хау шин”, “Ганган үйлс” компанийн хоолны газрууд эрүүл ахуйн шаардлага хангахгүй бохир нөхцөлд үйлчилгээ эрхэлж байж. Тиймээс торгууль ногдуулж, арга хэмжээ авчээ. Хоол амтлагч, өндөгний шин-жилгээний бичиг байхгүй, бүтээгдэхүүнийг зохих стандартын дагуу хадгалдаггүй зөрчил ихэнх газраас илэрсэн байна. Тухайлбал, өндгийг 18 хэмээс дээш халуун нөхцөлд хадгалж байсан аж. Шалгалтын явцад 1200 өндгийн борлуулалтыг зогсоож, ялзарч муудсан даршилсан 25 кг байцааг хурааж устгасан байна. Ажиллагсдынх нь хувцас хиртэй, тос утаанд дарагдсан, урагдсан байх энүүхэнд гэнэ. Энэ бүхэн хятад, солонгос хоолны газарт хоол зооглох дуртай хэрэглэгчдэд санамж болох болов уу.

0 Сэтгэгдэл: