Tuesday, May 26, 2009

Архангайд шувууны томуугаар найман хун үхсэн нь тогтоогдлоо



Архангай аймгийн Өгийнуур сумын Дойтын нууранд долоон хун үхсэн тухай бид өнгөрсөн дугаартаа мэдээлсэн. Үхсэн шувуудыг шинжихээр аймгийн Мал эмнэлгийн алба, Онцгой байдлын хэлтэс, БГХӨТГ-ын ажлын хэсэг, УШАЦГЛ-ьн ерөнхийлөгч, халдвар судлаачид энэ сарын 22-23-нд шилжих шөнө уг газарт очжээ. Тэднийг үхээд удсан долоон хунгийн сэг, мөн өвчилсөн бололтой нэг хун нисч чадахгүй байдалтай угтсан байна. Ажлын хэсгийнхэн үхсэн шувуудын сэг, зэмийг цуглуулан булж, ариутгал, халдваргүйжилт хийж, хурдавчилсан тест тавьсан байна. Тестийн хариугаар үхсэн шувуудаас шувууны томуугийн H5N1 вирус илрээгүй бөгөөд төв лабораторид нарийвчилсан шинжилгээ хийхээр дээжийг явуулжээ.
Шинжилгээний хариу өчигдөр гарахад шувуудын зэмээс томуугийн Н5 вирус илэрсэн байна. Тиймээс уг газарт Архангай аймгийн Засаг даргын захирамж гарган хорио цээрийн хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Өгийнуур сумын Дойтын нуур руу аймгийн Онцгой байдлын хэлтсийн зургаан албан хаагч, мал эмнэлгийн тав, гоц халдвартаас нэг, Мэргэжлийн хяналтын газрын хоёр байцаагч, тагнуулын нэг ажилтны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдоод явсан байна.

0 Сэтгэгдэл: