Monday, May 18, 2009

Оюутны хэтэвчийг зузаатгах цагийн ажил нэмэгдсээр байна

Тодорхой хэмжээний орлоготой болж, хэрэглээгээ хангахыг хүсэхгүй хэн байх билээ. Тэгвэл өдөртэй ирээд эсвэл амралтын өдрүүдэд ажил хийчихээд хэдэн төгрөгтэй болох боломж өнөөгийн оюутан залууст байна. Нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга Б.Батбаатартай энэ талаар уулзаж ярилцлаа.
-Оюутнуудыг цагийн ажилд хамруулж байна гэсэн. Тэд хэр идэвхтэй хамрагдаж байна вэ?



-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” дэд хөтөлбөрийг хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг нийслэлд хэрэгжүүлэх ажлыг манай газар зохион байгуулах юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 40 гаруй томоохон байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, оюутан залуусыг цагийн ажилд хамруулах талаар ярилцахад тэд нааштай хүлээн авсан. Ер нь аж ахуйн нэгж, байгууллагууд оюутан залуусыг цагаар ажиллуулах захиалгыг өгдөг болж байна. Одоогийн байдлаар 101 оюутан цагийн ажилд хамрагдлаа. Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд 50 оюутан мод тарих ажилд оролцохоор болж байна.

-Цалин хөлсийн тухайд ямар хэмжээтэй байдаг бол? Тухайн ажиллуулсан байгууллага цалинг нь олгох уу?

-Мэргэжлийн ур чадвар шаардагдахгүй ажлыг оюутан залууст санал болгоно. Найман цагаас дээш ажиллуулахгүй. Цалингийн доод хэмжээ 10000 төгрөг байна. Энэхүү мөнгөний тавин хувийг буюу 5000 төгрөгийг нь “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас гаргах юм. Үлдсэн 5000 төгрөгийг нь тухайн байгууллага, аж ахуйн нэгж байгууллага өгнө. Цагийн ажил болохоор цалин хөлсийг өдөрт нь олгоно. Уг төсөлд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутан залуусыг хамруулна гэсэн байгаа. Гэхдээ хүсэлт гаргах юм бол бусад сургуулийн оюутнуудыг ч мөн хамруулах болно.

-Энэ төсөл хоёр жил хэрэгжээд өнгөрөх хэрэг үү? Оюунтан залуусын хүсч байгаа зүйл чинь энэ шүү дээ?

-Хэрвээ үр дүнтэй байх юм бол цааш нь үргэжлүүлнэ. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжүүлэх журамыг бид боловсруулж байна.
-Оюутан залуучууд ч бус жирийн иргэд ч цагийн ажил хийхийг хүсч байгаа. Энэ тал дээр хэр анхаарч байна вэ?
-Нийтийг хамарсан ажилд нэн ядуу амьдралтай иргэдийг хамруулж байна. Мөн л ажлынх нь хөлсийг өдөрт нь “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас олгох юм. Нэг өдрийн цалин нь 6000-7000 төгрөг байх юм. Нийтийг хамарсан энэхүү ажилд он гарснаас хойш 1505 иргэн хамрагдлаа. Мөн нийтийг хамарсан ажилд одоо ч хамрагдаж байгаа иргэд цөөнгүй бий. Хотын цэвэрлэгээ, тохижилтод эдгээр хүмүүс ажилладаг. Иргэд ч тодорхой хэмжээний орлоготой болж байгаадаа баяртай байдаг. Дээр нь хотын тохижилт, цэвэрлэгээ эрс өөрчлөгдөж байгаа болохоор энэхүү ажил маань нэлээд үр дүнгээ өгч байна

-Үүнээс гадна иргэдийг байнгын ажлаар хангах ажил хэр явагдаж байна вэ? Сүүлийн үед ажлын байрны захиалга эрс буурч байгаа гэж дуулдсан. Энэ үнэн үү?

-Шинээр ажлын байрны захиалга буурч байгаа нь үнэн. Энэ нь эдийн засгийн хямралтай шууд холбоотой. Манай газар дээр сул чөлөөтэй ажлын байрны захиалга 11189 байгаа. 6259 иргэнийг ажилд зуучлаад байна. Ажлын байрны нийт захиалгын 3303 нь шинээр ирсэн. Үүнийг өмнөх оныхтой харьцуулахад тодорхой хэмжээгээр буурсан байгаа л даа. Тийм учраас хямралын энэ үед иргэдээ ажлын байртай болгохын тулд цагийн болон нийтийг хамарсан ажлын хэлбэрийг нэвтрүүлж байна. Энэ нь их үр дүнтэй байгаа. Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад гадна орчноо тохижуулах даалгаврыг өгч байна. Ингэснээр цагийн ажил тодорхой хэмжээгээр нэмэгдэхээр болж байгаа юм.

0 Сэтгэгдэл: