Tuesday, May 26, 2009

Агаарын температур хоёр хэмээр нэмэгдвэл гамшигт хүрнэ


-Энэ зуунд дэлхийн температур 2-4 хэмээр дулаарах төлөвтэй байгаа -

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Байгаль орчны засаглалыг бэхжүүлэх төсөл, Дэлхийн байгаль хамгаалах сан, Хэвлэлийн хүрээлэн, Швейцарийн хөгжлийн агентлаг, Азийн сан, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран "Байгаль орчин-Сэтгүүлч" клубыг "Сэтгүүлчид эх дэлхийгээ хамгаалъя" уриан дор ажиллуулж эхэллээ. Клубын гишүүдийн анхны сургалт "Уур амьсгалын өөрчлөлт" сэдвээр өнгөрсөн баасан гаригт боллоо. Сургалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн талаар БОАЖЯ-ны Мэдээлэл, хяналт, шинжилгээ үнэлгээний газрын дарга, доктор Д.Дагвадоржтой ярилцлаа.


-Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт тулгамдсан асуудал болжээ. Энэ нь юунаас үүдэж байна вэ?
-Дэлхийн уур амьсгалд чухал нөлөө үзүүлдэг агаар мандал дахь хүлэмжийн хий зэрэг хийнүүдийн бүтэц өөрчлөгдсөнөөр дэлхийн уур амьсгал дулаарч байна. Дулаарлыг сааруулах, зогсоохын тулд хүний үйл ажиллагааны улмаас агаарт ялгарч байгаа хүлэмжийн хийг багасгах нь чухал. Дэлхийн уур амьсгалыг хамгаалах талаар улс орнуудад тодорхой үүрэг хүлээлгэсэн олон улсын конвенц, протокол байдаг. Жишээ нь, уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц гэж бий. Энэ нь 1994 оноос хүчин төгөлдөр болсон. Энэ конвенцид уур амьсгалын системийг хамгаалахын тулд улс орнуудын хүлээх үүргийг ерөнхийд нь заасан байдаг. Дээрх конвенцийг хэрэгжүүлэхийн тулд "Киото"-гийн протокол 1997 онд батлагдаад 2005 оноос хүчин төгөлдөр болсон. Энэ протоколын гол зорилго нь дээрх конвенцийн үзэл санааны дагуу агаар мандалд их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг хөгжилтэй улс орнуудад тодорхой үүрэг хүлээлгэсэн явдал юм. Өндөр хөгжилтэй орнууд 2012 он гэхэд 1990 онд байсан хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээгээр дунджаар 5.2 хувиар бууруулах үүрэг хүлээсэн.

-"Киото"-гийн протокол хэдэн он хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх вэ?

-2012 он хүртэл үргэлжилнэ. Харин үүнээс цааш олон улсын хэмжээгээр мөрдөх баримт бичгийг энэ онд Дани улсад болох Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцид оролцогч улсуудын бага хурлаар хэлэлцэж батлах ёстой. Дэлхийн улс орнууд агаарт ялгаруулж байгаа хүлэмжийн хийг яаж бууруулах, хэн ямар үүрэг хүлээх, мөн техник технологи, санхүүгийн зэрэг олон асуудлыг шинэ гэрээгээр зохицуулах болно. Одоогоор хөгжиж байгаа орнууд ямар нэг үүрэг хүлээгээгүй боловч эрчимтэй хөгжиж агаарт их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж байгаа зарим хөгжиж буй Өмнөд Солонгос, Хятад, Энэтхэг, Тайланд, Бразил, Мексик, Индонез зэрэг орон ямар үүрэг хүлээх тухай асуудал маргаантай байна.

-Монгол Улсын хүлээх үүрэг юу байгаа вэ?
-Манай улс хүлэмжийн хийг багасгах тоон үүрэг хүлээгээгүй. Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн конвенцид нэгдэн орсон орны хувьд дотооддоо хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээгээ бууруулах, үйлдвэрлэлийн технологио шинэчлэх, эрчим хүч, дулаан, шатахууны хэрэглээгээ багасгах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь манай орны эдийн засгийн хөгжлийг хангахад давхар нөлөө үзүүлэх болно. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд гадаад улс орнуудаас тусламж дэмжлэг авах эрх нээлттэй байгааг сайтар ашиглах талаар анхаарах хэрэгтэй байгаа.

-Хүлэмжийн хийг бүрдүүлдэг хэдэн төрлийн хий байдаг вэ?
-Ер нь зургаан төрлийн үндсэн хий бий. Тухайлбал, нүүрсхүчлийн болон метан, азотын давхар исэл нь хүлэмжийн хийг бүрдүүлдэг байгалийн гол хий. Гэхдээ эдгээр хий дэлхийн агаар мандалд өчүүхэн бага хэмжээгээр оршиж, дэлхий дээр амьдрал оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлж ирсэн. Хэрэв эдгээр хүлэмжийн хий агаар мандалд байхгүй байсан бол дэлхий маш хүйтэн болж амьд биет байх боломжгүй гэж эрдэмтэд үздэг. Тиймээс эдгээр хийг хортой, огт хэрэггүй гэж ойлгож болохгүй.

Асуудлын гол нь хүний үйл ажиллагааны улмаас эдгээр хийн агаарт байвал зохих хэмжээ алдагдаж, улам бүр нэмэгдсээр байгаа явдал юм. Дээрх хийнүүдээс гадна үйлдвэрлэлийн явцад агаарт хуримтлагдаж байгаа зарим хүлэмжийн хийнүүд бас бий.

-Үйлдвэрлэлийн явцад ямар хийнүүд хуримтлагддаг юм бэ?
-Барууны орнуудад 1760-аад оноос аж үйлдвэр хөгжсөнөөс хойш агаар мандалд хуримтлагдсан хий юм. Үүнд хлорфторт нэгдэл, галлоны төрлийн хий багтдаг. Эдгээр хий үйлдвэр хөгжсөнөөс хойш агаар мандалд шинээр хуримтлагдсан учраас аж үйлдвэрийн хий гэж нэрлэдэг.

-Дээрх хийнүүд ямар хугацаанд алга болох вэ?
-Эдгээр хий агаар мандалд гарсан даруйдаа усталгүй хэдэн арав, зуун жил хадгалагддаг. Нүүрсхүчлийн хий л гэхэд 200 орчим жил хадгалагдана. Өнөөдрийн дэлхийн дулаарлыг одоогоос 200 гаруй жилийн өмнөөс агаарт хуримтлагдсан хийнүүд бий болгож байна гэж ойлгож болно. Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах дорвитой арга хэмжээ авлаа ч үр дүн нь хэдэн арван жилийн дараа л мэдрэгдэнэ.

-Хүлэмжийн хий аль салбарт хамгийн их ялгардаг вэ?
-Хүлэмжийн хий их хэмжээгээр ялгаруулдаг таван үндсэн салбар бий. Голлох салбарт эрчим хүч, дулааны салбар ордог. Эрчим хүч үйлдвэрлэхийн тулд нүүрс маш ихээр шатааж байна. Гэтэл нүүрсний шаталтаас нүүрсхүчлийн хий ихээр ялгардаг. Мөн аж үйлдвэрийн салбар үүнээс дутуугүй хүлэмжийн хий ялгаруулна. Нүүрсний уурхайнууд, цементийн үйлдвэрлэлийн явцад хүлэмжийн хий ялгардаг.

-Малын ялгадасаас хорт хий ялгардаг гэж дуулсан?
-Хүлэмжийн хий болох метан малын амьсгал болон ялгадсаар дамжин агаарт цацагддаг. Өөрөөр хэлбэл, малын хоол боловсруулах буюу хивж байх үед амьсгалаар нь метан ялгарна. Өөр нэг салбар нь хог хаягдал. Манай улсад дахин боловсруулах үйлдвэр байхгүй учраас хөрсөнд хогийг булсаар ирсэн. Энэ нь ялзралынхаа явцад хүлэмжийн хий ялгаруулдаг. Мөн атаршсан талбайгаас карбоны төрлийн хий ялгарч агаар мандалд хуримтлагддаг.

-Хүлэмжийн хийг бууруулах арга бий юу?
-Бууруулах арга замууд байгаа. Гол нь хүний үйл ажиллагаанаас үүсэн бий болж байгаа эх үүсвэрийг багасгах хэрэгтэй. Хүлэмжийн хийн ялгаралтын 60 гаруй хувийг эрчим хүчний салбар эзэлдэг. Тиймээс эхний ээлжинд энэ салбарыг зайлшгүй шинэчлэх хэрэгтэй. Тухайлбал, нар, салхи, усны буюу сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх нь зөв. Үйлдвэр, тээвэр, хог хаягдал, хөдөө аж ахуйн газар ашиглалт зэрэг салбарт ч тодорхой үйл ажиллагаа авч явуулах шаардлагатай.

-Дэлхийн дулаарал ямар нөхцөлд аюултай хэмжээнд хүрэх вэ?
-Дэлхийн агаарын температур хоёр хэмээс дээш дулаарвал экологийн тэнцвэр алдагдаж гамшгийн хэмжээнд хүрнэ гэж үздэг. Гэтэл XX зуунд агаарын температур 0.7 хэмээр дулаарсан байна. Дэлхийн эрдэмтдийн судалгаагаар агаар мандал дахь хүлэмжийн хийгээ бууруулахгүй бол XXI зуунд дэлхийн температур 2-4 хэм хүрч дулаарах төлөвтэй байгаа. Тиймээс дэлхийн дээр экологийн гамшиг бий болгохгүйн тулд улс орнууд дэлхийн дулаарлыг хоёр хэмээс дээш гаргахгүйн төлөө хамтран ажиллах шаардлага тулгараад байна.

-Уур амьсгалын өөрчлөлт манай улсад нөлөөлж байна уу?
-Монгол орны цаг уурын 48 өртөөнд хийсэн хэмжилтийн дүнгээр дунджилсан жил, улирлын агаарын дундаж температур 1940-2007 оны хооронд 2.1 градусаар дулаарсан. Мөн өвлийн хур тунадас нэмэгдэж, зуны хур тунадас буурч байгаа нь ажиглагдсан.

-Хойд мөсөн далайн мөс хайлж эхэлсэн. Энэ нь уур амьсгалын системд нөлөөлөх үү?
-Нөлөөлнө. Дэлхийн дулаарлын улмаас Хойт туйлын мөс ихээр хайлж байна. Хойд мөсөн далайгаас гадна Алтай, Гималайн болон бусад уул нурууны мөнх цас, мөсөн голууд болон мөнх цэвдэг хайлж эхэлсэн. Туйлын мөс хайлж байгаа нь далайн усны урсгал өөрчлөгдөх аюултай. Далайн түвшин нэмэгдсэнээр эргийн ойролцоох нам дор газарт байрлах улс орнууд усан доогуур орно. Далайн түвшин нэмэгдэж байгаа нь цас мөсний хайлалттай холбоотой ч нөгөө талаараа далайн ус халсны улмаас тэлэх процесс явагдаж байна.

-Монголд хүлэмжийн хий ямар хэмжээтэй байна вэ. Үүнийг яаж тооцоолдог вэ?
-Агаар мандал хил хязгааргүй учраас хийнүүд хоорондоо холилдоод ойролцоо агуулгатай болдог. Агаар мандал дахь хүлэмжийн хий ямар агуулгатай хэмжээтэй байгааг тогтоодог. Мөн агаар мандалд ялгаруулж байгаа хүлэмжийн хийн хэмжээг ямар хэмжээний үйлдвэрлэл явуулснаар тооцож гаргадаг. Манайд агаар мандалд байдаг хүлэмжийн хийн хэмжээг тодорхойлдог ганц станцтай. Энэ нь Дорноговь аймгийн Сайншанд хотод 1992 онд байгуулагдсан. Үүнээс хойш ажиглалт хийхэд нүүрсхүчлийн болон метаны хий агаар мандалд нэмэгдсэн судалгаа бий.

-Улс орнууд нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг тогтоосон бай-даг. Манай улсын хувьд?
-Нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээгээр Монгол Улс цөөн хүн амтай учраас дэлхийн дунджаас дээгүүрт ордог. Сүүлийн жилүүдэд улс орнууд дэлхийн дулааралд санаа зовниж Уур амьсгалыг өөрчлөх яамтай болж байгаа. Тухайлбал, Австрали улс Уур амьсгалын өөрчлөл, эрчим хүчний яамтай бол Дани улс Уур амьсгалыг өөрчлөх яамтай.

0 Сэтгэгдэл: