Tuesday, May 26, 2009

Б.Баабар Авилгатай тэмцэх газрын дарга болох уу?



Монгол улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Цахиагийн Элбэгдорж ялалт байгуулсан билээ. Монгол улс хэдийгээр Ерөнхийлөгчийн засаглалтай орон биш ч гэлээ Ерөнхийлөгчийн эрх, үүрэг чамгүй их, ер нь бол Монгол бараг холимог хэлбэрийн засаглалтай гэж болохуйц орон гэж зарим судлаачид үздэг. Үнэхээр ч шүүх, прокурорыг томилох, Авлигатай тэмцэх газар, төрийн албаны зөвлөл, элчин сайдуудыг санал болгож, томилох гээд албан тушаалтай холбоотой эрх л гэхэд маш их. 

Иймээс ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн эхний байдлаар гарч эхэлмэгц л шинэ албан тушаалын томилгооны тухай яриа АН дотор яригдаж эхэлжээ. Үүнээс хамгийн сонирхолтой нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хэсгийн хороонд ажиглагчаар ажиллаж байсан нийтлэлч, “Непко паблишинг” ХХК-ы захирал Б.Баабарыг Монгол улсын Авлигатай Тэмцэх Газрын даргаар томилно хэмээн Ц.Элбэгдорж ярьж байгаа тухай баттай эх сурвалж өгүүллээ. Мөн өөрийн “баруун гар” УИХ-ын гишүүн асан, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаатарыг ч ЕТГ хавиар чухал албанд томилох бололтой. Харин АН-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн PR –ийн бодлогыг үндсэнд нь тодорхойлж ажилласан “NTV” телевиз, “Шинэ зууны радио 107”-гийн захирал асан Габи буюу А.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн албаны даргаар ажиллах зүй ёсны эрхтэй хүн гэж АН-ынхан ярилцаж буй аж.
Б.Саруул

0 Сэтгэгдэл: