Wednesday, June 17, 2009

Ерөнхий сайд С.Баяр: Монгол Улсын үүд хаалга таны хувьд байнга нээлттэй байх болно



Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал ноён Дэвид Долларыг өөр ажилд томилогдсонтой нь холбогдуулан зургадугаар сарын 16-нд Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд С.Баяр ноён Долларыг АНУ-ын Төрийн сангийн БНХАУ дахь Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төлөөлөгчөөр ажиллах болсонд хувиасаа болон Монгол Улсын Засгийн газрын өмнөөс баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.


Дэлхийн банк бол манай томоохон гадаад түнш юм. Монгол Улс, Дэлхийн банкны хамтын ажиллагаа 1991 оноос хойш өргөжин хөгжсөн. Дэлхийн банкнаас Монгол Улсын шилжилтийн үйл явцыг дэмжих, санхүүгийн салбарын шинэчлэл явуулах, дэд бүтэц, хүний нөөцийн бололцоог дээшлүүлэх чиглэлээр дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэнд бид талархаж байдаг. Монгол Улсыг хариуцсан захирлаар таны ажилласан өнгөрсөн 5 жилийн хугацаанд манай улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдэд тогтвортой амьжиргаа-2, засаглалыг дэмжих, эрчим хүчний, уул уурхайн техник туслалцааны, хөдөөгийн боловсролыг дэмжих, хувийн салбарыг хөгжүүлэх, малын индексжүүлсэн даатгалын зэрэг олон томоохон, шинэлэг төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Дэлхийн банкнаас 2009-2011 онд Монгол Улсад үзүүлэх зээл, тусламжийн дунд хугацааны стратегийн баримт бичгийг батлуулахад Та ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Үүний үр дүнд Монгол Улсад нийтдээ 90 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, тэр дундаа улсын төсвийн хүндрэлийг даван туулахад 60.0 сая ам.долларын “Хөгжлийн бодлогын санхүүжилт”-ийн хөтөлбөрийг тохиролцсон явдалд сэтгэл ханамжтай байна гэж Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
ОУВС-тай тохиролцсон хөтөлбөрийн дагуу 2009 оны хоёрдугаар хагас жил нь Монгол Улсын Засгийн газрын хувьд ОУВС-гийн Стэнд-бай хөтөлбөр болон Дэлхийн банкны Дунд хугацааны стратегийн баримт бичиг, тэр дундаа удахгүй эхлэх Хөгжлийн бодлогын зээлийн нөхцлүүдийг ханган ажиллаж, эдгээр үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг Дэлхийн банкны Захирлуудын зөвлөл болон хоёр талын хамтын ажиллагааны гол түншүүддээ нотлон харуулах маш чухал цаг үе гэдгийг сайтар ойлгож байна. Монгол Улсын өмнө тулгараад байгаа санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас маш яаралтай шийдвэр гарган үзүүлж байгаа санхүүгийн тусламж, хөнгөлөлттэй зээл, бодлогын зөвлөмж нь илүү хүндээр тусч болох байсан хямралын сөрөг үр дагаварыг багасгах, улмаар хүндрэлээс харьцангуй бага хохиролтой гарахад ихээхэн ач холбогдолтой болж байна гэж манай Засгийн газар үздэг. Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаар Дэлхийн банкнаас саяхан гаргасан тоймд дурьдсан цаашид анхаарал хандуулбал зохих асуудлууд, үүний дотор арилжааны банкны тогтолцоонд учирч байгаа эрсдэл, хүндрэлийг багасгах, эрсдэлийг зохистой удирдах асуудалд Засгийн газар, Төв банкнаас онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.
Монгол Улсад учраад буй эдийн засгийн хямралыг даван туулах, ирээдүйн хөгжлийн суурь болох уул уурхайн салбарыг дэмжих, үүнээс Говийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын зүгээс Дэлхийн банкнаас олгох хөнгөлөлттэй зээл, тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид улам нягт хамтран ажиллахыг хүсч байна. Хэдийгээр та Дэлхийн банкны үйл ажиллагаанд цаашид оролцохгүй болж байгаа боловч АНУ-ын Төрийн сангийн төлөөлөгчийн хувьд АНУ-ын болон Монгол Улсын Засгийн газар хоорондын цаашдын хамтын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар байх болно гэж бид бүрэн итгэж байна.
Уламжлалт нүүдлийн соёл иргэншил бүхий монгол гэрийн үүд хаалга цоожгүй байдгийн адилаар Монгол Улсын үүд хаалга таны хувьд байнга нээлттэй байх болно. Таныг тааламжтай цагтаа Монгол улсад айлчилж байхыг урьж байна хэмээн Ерөнхий сайд С.Баяр хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл: