Wednesday, June 17, 2009

М.Ахмадинежадыг эсэргүүцэгчдийн жагсаал цуглаан долоон хүний аминд хүрэв




-Саналын хуудсыг дахин тоолохоор боллоо-
Ираны улстөр, нийгэмд онцгой нөлөөтэй Үндсэн хуулийг Сахигч зөвлөл буюу Дээд шүүх өнгөрөгч баасан гарагт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг дахин тоолохыг албаныханд даалгажээ. Шинэчлэгч гэгддэг Ерөнхий сайд асан Мир Хуссейн Мусави болон түүний дэмжигчид сонгуулийн дүнг эсэргүүцэж, санал хураалт будлиантай болсон гэж үзсэн тул улиран сонгогдсоны баяраа тэмдэглэж буй Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг зсэргүүцэн гурав дахь өдрөө жагсаал цуглаан зохион байгуулжээ.

Ираны радиогийн мэдээлснээр Тегеран хотод дэгдсэн үймээний үеэр долоон хүн амь үрэгдсэн байна. Гэхдээ үймээний хохирогсод үүнээс ч олон гэж ажиглагчид таамаглаж буй бөгөөд цагдаа нар гадаадын сэтгүүлчдийг барьж, заримыг нь нутаг буцахыг шаардсан гэх мэдээ ч цацагджээ. Будлиантай тойргуудад саналын хуудсыг дахин тоолох тухай Сахигч зөвлөлийн шийдвэр үймээн самууныг намжаана гэж ажиглагчид найдаж буй ч сонгуулийг хүчингүйд тооцохыг шаардаж буй М.Мусави тэргүүтэй М.Ахмадинежадын өрсөлдөгчид зөвлөлийн шийдвэрийг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна. Сөрөг хүчнийхэн саналын сая сая хуудас хүчингүй болсон юм уу алга болсон гэж үзэж буй. М.Ахмадинежадыг эсэргүүцэгчид жагсаал цуглааныхаа хүрээг тэлэхтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийг дэмжигчид ч гудамж талбайд цуглаж эхэлжээ. Сөргөлдөгч талууд Тегеран хотын төвд орших Вали Аср талбайд олныг хамарсан жагсаал зохион байгуулахаа мэдэгдээд байна. Гурав дахь өдрөө үргэлжилсэн жагсаал цуглаан 30 жилийн тэртээх исламын хувьсгалаас хойш Ираны нутагт болж буй хамгийн олон хүнийг хамарсан улстөрийн үйл ажиллагаа юм.
Эмх замбараагүй байдал газар авч, байдал тогтворгүйжихтэй зэрэгцэн Ираны нөлөө бүхий хэд хэдэн улстөрч, нийгмийн зүтгэлтэн баригдсан гэх албан бус мэдээ цацагджээ. Тэдний дунд дэд ерөнхийлөгч асан Мухаммед Али Абтахи, М.Мусавигийн хамтрагч Саед Хажариан байгаа гэх мэдээ байна. Үймээн самуун газар авснаас Орос дахь айлчлалаа цуцлах тухай ярьж байсан М.Ахмадинежад бүс нутгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Оросыг зорьсон бөгөөд эзэнт гүрнүүдийн үе төгссөн гэж мэдэгдсэн ч өөрийг нь эсэргүүцэгчдийн жагсаал цуглааны тухай дурьдаагүй байна.
М.Мусавигийн дэмжигчид жагсаж эхлэхэд буюу өнгөрөгч амралтын өдөр тэрбээр эсэргүүцэгчдийн цуглааныг хөлбөмбөгийн тоглолтын дараахь хөөрсөн олны цугларалттай зүйрлэсэн юм.

0 Сэтгэгдэл: