This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Sunday, March 1, 2009

Монголын Нууц Товчооны Талаарх Ард Нийтийн Гурван Ташаа Ойлголт


“Монголын Нууц Товчоо” нь Монголчуудын хувьд түүхийн үнэт дурсгал, утга зохиол хэмээн тооцогдох хэмжээнээс аль хэдийн даван оджээ. Ерөнхийлөгчийн зарлигаар МНТ-г айл өрх, албан газар бүхэн, мөн төрийн ордон залах болж, хэвлэлийн компаниуд янз бүрийн дезайнаар, үнэт эрдэнэ, торго дурдан, тэр бүү хэл ясан дээр лазериар хүртэл сийлэн хийж, нэг ёсондоо тахин шүтэж байна. Нухацтайхан түүхчид маань МНТ-г тухайн үеийн түүхийн хамгийн гол эх сурвалж хэмээн зүй ёсоор үзэж байгаа бол түүх сонирхогчид цорын ганц эх сурвалжаа болгож байна. Ард иргэд харин МНТ-г Чингис хааны бидэнд үлдээсэн гэрээслэл, дагах ёстой хууль хэмээн ойлгодог тул тахин шүтэх нь бас аргагүй юм. Гэтэл ийм чухал бүтээлийнхээ хамгийн энгийн зүйлүүд дээр ард иргэд одоог хүртэл эндүүрсээр яваад бяцхан тайлбар хийх нь зүйтэй болов уу хэмээн хэрэг болгон үзэг цаас холболоо.


Монголын Нууц Товчооны хэлийг орчуулгаар нь төсөөлдөг анхдугаар алдаа

Найман зуу гаруй жилийн өмнө бичигдсэн МНТ нь тухайн үеийн хэлнийхээ онцлогийг хадгалан үлдсэн тул одоогийн Монголчуудад зориулсан орчуулга хэд хэд байдгаас Ц.Дамдинсүрэн гуайнх хамгийн алдартай нь. Одоог хүртэл олон хүн МНТ-ний хэлийг Ц. Дамдинсүрэн гуайн орчуулгын хэлээр төсөөлөн боддогийг хоёр өөр төвшний нэжгээд жишээгээр харуулъя.

Жишээ 1
2000 онд байна уу даа, УБИС-ийн “Монгол хэлшинжлэлийн тэнхим” дээр Архангай аймгийн нэг хүн ирсэн юм. Манай эрхлэгч байсан Ж.Санжаа багш тэр хүнийг над дээр авчраад “Энэ хүн нэг сонин юм яриад байх юм. Чи нягтлаад өгөөч” гэж байна. Ингээд ажилтай нь танилцлаа. МНТ бол нууц код юм гэнэ. Кодыг нь тайлбал Чингис хааныг хаа оршуулсныг хэлсэн байгаа аж. Тэгээд мань хүн алгоритм гээчээр тайлжээ. Алгоритм гэдгийг нь хэл шинжлэлд хэрэглэдэг утгаар арай өөрөөр яриад байхыг нь ойлгохгүй байтал мань эр намайг математикч биш учраас ойлгохгүй нь аргагүй гэж тайвшруулаад 7, 13, 15, 23 гэхчлэн тооны дараалал үзүүлэн, тэр гайхамшигт дэс дарааллыг хонон өнжин сууж нээснийхээ ачаар МНТ-ны цаадах утгыг мэдсэн хэмээв. Ингээд Да багшийн Нууц Товчоог гаргаж ирээд нэгдүгээр бүлгээс нь эхлэн тухайн дугаар бүр дэх үсгийг түүж гарав. Гэтэл тэр нь өнөөгийн бидний хэлээр янз бүрийн өгүүлбэр, захиас болж эхлэх нь ээ. За тэр тоо гайхамшигтай байг, хамаагүй, би хэлний хүн болохоор математикийн тодорхой давтамж ойлгодоггүй байж хамаагүй, хамгийн гол нь Да багш МНТ-г орчуулахдаа бидэнд тодорхой болгох үүднээс үг нэмж, хасаж, орчин цагийн хэллэгээр сольж, зарим өгүүлбэрийг нэгтгэж, заримыг нь дэлгэрүүлж, маш их янзалсан байгаа шүү дээ. … гэргий Гуа маралын хамт… гэж эхний өгүүлбэрт хэлэлгүй … Гэргий Ухаа Маралтайгаа… гээд л буулгачихсан бол нөгөө алгоритм!!! ёсоор нь арын бүх үсэг өөрчлөгдөөд огт утгагүй текст болчихно оо доо. Үүнийг тайлбарлаад өгсөн чинь “судлаач” маань жаахан гайхаад “Тийм үү, тэгээд жинхэнэ МНТ ямархуу байдаг юм бэ?” гэж байна. Гарын дор Дашцэдэн багшийн галиг байсныг жишээ болгон үзүүлбэл, би нэг өдөр харчхаад өгье гээд авч одов. Маргааш нь харин шал өөр “алгоритм” гаргачихсан, нөгөө Дашцэдэн гуайн галигаас тэр давтамжаараа түүсэн латин үсэгнүүд нь аанай л өчигдрийн гэрээслэл маягаар, хачирхалтай нь өнөөгийн монгол хэлээр цуварч өгөх аж. (Тодорхой давтамжаар цуврах тоон дарааллыг юу гэдэг юм бэ гэж энэ өгүүллийг бичиж байхдаа хүүгээсээ асуусан англиар лав pattern гэдэг гэнэ. Алгоритм гэдэг нь тухайн шат бүрд зөв шийдлийг сонгон үргэлжлэх гэдэг утгаараа бол хэл шинжлэлийнхтэй дүйх л юм билээ, одоо бодоход)

Сэдвээсээ халихуй: Ам нээсэн дээр уушиг нээ гэж, Монголоор дүүрэн ид шид судалдаг, англи хэлийг хоёр долоо хоногт сургадаг, бөөлдөг, хараадаг эрдэмтэд, академичид бий боллоо. Баабараас өөр энэ талаар дуугарах, хэлж өгөх хүн байна уу? Ард түмэн маань ерөнхий боловсролоор хир доор байгааг тэдний сургаал ном хир өргөн тархаж байгаагаас харж болж байна. Энэ тал дээр Орос манай хоёр адил бололтой юм. Долоо хоногийн өмнө Брүүклин дэх орос номын дэлгүүрээс хэдэн сайхан ном олж авах санаатай орлоо. Гэтэл хамгийн сайхан хэвлэгдсэн, хамгийн гүйлгээтэй номууд нь хэрхэн баяжих вэ, яаж амархан, хурдан хэл сурах вэ, за тэгээд шинжлэх ухаантай холбоотой гэхээр юмс нь элдэв хачин үзэгдэл, газраас ялгардаг энерги, сүнс, сүг, бүх төрлийн зурхай, сэтгэл санааны болон йогийн зөвлөгөөнүүд, нөхрөө гэртээ тогтоох арга чарга, гэртээ тавилгаа яаж тавибал их мөнгө олохыг хэлсэн номнууд байх аж.
Энэ ертөнц дээр элдэв оньсого, шинжлэх ухаанаар тайлж чадахгүй үзэгдлүүд байгаа гэдгийг хэн бүхэн зөвшөөрнө. Гэвч эхлээд ядаж бүх ертөнцийн таталцлын хуулиа мэддэг болж байж, дараа нь тэр таталцаж өгдөггүй элдэв юмсыгсонирхвол дээргүй сэн биш үү?
Монголын их сургуулийн багш нар, хүрээлэнгийн эрдэмтэд муудаа ийм байдалд хүрчхээд байгаа юм биш, харин ч тэд маань хэтэрхий сайндаад байгаа санагддаг юм. Ухаан нь манай чиглэлээр л гэхэд нэг гаж донтой, харваас галзуу нөхөр гарч ирээд Монгол үгийн язгуур энэ тэр гээд яриад унавал УБИС, МУИС-ийн багш нар, том хэл шинжээчид тэрийг нь үгүй биш ээ хэмээн шүүмжилж “доош орохгүй” шүү дээ. Бараг л тэрэнтэй нэг түвшинд ороод мэтгэлцэж байгаа мэт болно. (мань мэт нь л угаасаа газарт, доошоо унах боломжгүй болохоороо ингээд үглээд суух) Гэтэл ийм байдлаар академичид маань “доошоо орохгүй”, тайлбар өгөхгүй яваад л байвал ард түмний боловсрол гэж хөөрхий болох нь ээ? Өөрийнхөө судалдаг ухааныг өмгөөлөх цаг хэн хүнд ирсэн биш үү? Энэ бүхэн дунд сургуульд бид хэтэрхий академик зүйл заасаар байгаад харин ч юу ч ойлгуулахгүй, баахан мухар сүсэг дүүрэн улсыг төгсгөөд байгаагийн илрэл биш гэж үү?

Жишээ 2
Өмнө татсан нэгдүгээр жишээг өдгөө улам олон болоод байгаа үзмэрч, ид шидтэн эрдэмтдийн нэг юм гээд хайхралгүй өнгөрч болох юм. Тэгвэл “Монгол хэл шинжлэл” хэмээх эрдмийн тулхтай сэтгүүлийн 2001 оны дугаарт хэвлэгдсэн нэр бүхий авторын “МНТ-ны хэл найруулгын тэгш хэмд хийсэн ажиглалт” хэмээх өгүүллийг аваад үзье. Тус сэтгүүлийн 122-р талд өгүүлсэн нь: “…тэр цагийн нэгэн үеийг 254-р зүйлд:
“Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгүй
Олзлон булаалдаж байв:
Хөрст дэлхий хөрвөж
Хөвчин улс хямралдаж
Хөнжилдөө унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэж байв… хэмээн 8 мөр шүлгээр утгыг давтан эрчимжүүлсэн…

“Одтой тэнгэр орчиж - Хөрст дэлхий хөрвөж” хэмээн “тэнгэр” – “дэлхий” гэсэн хоёр үгийг оновчтой сонгон зэрэгцүүлсэн…” гэх мэтчилэн тайлбарлажээ.

Юуны өмнө уг эх дээрээ дээрх шүлэг ямархуу байдалтай байгааг үзье.

hодутай тэнгэри
hорчижу бүлэ’э
олон улс булха бүлээ
орун-дурияан үлү орон
олжалулдан бүлээ

көрисүтэй этүгэн
көрбэжү бүлээ
гүр улус булха бүлээ
көнжилэ-дээн үл кэбтэн
гөрүлүлдэн бүлээ…

Үүнээс харахад нэгд найман мөр биш арван мөр, хоёрт гэвэл “дэлхий” гэсэн үг ер байхгүй, “этүгэн” гэж байгаа, тийм учраас “дэлхий” гэдэг үгийг маш оновчтой сонгожээ гэж магтах хэрэгтэй бол МНТ-ны зохиогчийг бус чухам тийн сонгосон Да багшийг магтсан нь зүйд нийцэх юм.

Лу “Алтан Товч”-ийн оруулгыг МНТ-ных хэмээн андуурдаг дэд алдаа

Да багш орчуулгаа хийхдээ бидэнд аль болох ойлгомжтой болгохыг хичээсэн тухай өмнө хэлсэн буй. Нийтэд зориулсан орчуулга учраас улам тодорхой болох үүднээс МНТ-д байхгүй боловч Лу Алтн товч, Чингисийн цэдиг, Рашид ад Дин-д байгаа зарим нэмэлт мэдээ, үг зэргийг дөрвөлжин хаалтанд хийж оруулаад [А. То] [Чи. Цэ] гэх мэтээр тодорхой заас өгсөн байдаг. Гэвч Алтан товчийн оруулбар заримдаа маш урт, ялангуяа “Гурван зуун тайчуудыг дарсан домог” бол 149-р зүйлийн эхэнд хэдэн хуудас дараалан хөврөх бөгөөд хар ухаанаар бодоход хэн нэг нь МНТ-г зүгээр шүүрч аваад дурын хуудсаа нээн унштал мөнөөх домог таарсан тохиолдолд хэдэн хуудсын ард буй жижиг дөрвөлжин хаалт хийгээд А. То гэсэн тэмдэглэгээ харагдахгүй юм. Монголын Нууц Товчооноос тодорхой утга бүхий үг түүгээд ир гэж даалгасан оюутнууд маань заримдаа Алтан Товчийн үг бариад ирдэг байсны учир тэр.

МНТ дахь баримтыг хөдөлшгүй үнэн хэмээн хүлээн авдаг гутгаар алдаа

МНТ-д он дарааллын алдаа олон байдаг гэж бичихээр хүмүүс намайг хоёр янзаар хүлээн авна байх. Мэргэжлийн түүхчид бол ийм энгийн, амархан юмыг юунд бичдэг байна аа, угаасаа ямар ч түүхэн судар, баримттай харьцахдаа… гэх мэтээр нэг их тоохгүй бол энгийн хүмүүсийн зарим нь МНТ-ны алдааг залруулдаг, чи чинь хэн гээч вэ, үүх түүх рүү маань дайрах нь уу гэхчлэн загнаж эхэлнэ. Гээд яах вэ дээ, ямар МНТ-г тэнгэр бурхан бүтээсэн биш, усан нүдтэй цусан зүрхтэй нэгэн л бичсэн хойно алдаа байх нь аргагүй юм. Харин түүнийг нь ярьж бичиж болохгүй гээд дараад нуугаад байх нь хэнд ашигтай байх вэ? Түүхийн бусад дурсгалтай харьцуулан МНТ-ны зарим ташаарсан он дарааллаас үзүүлье. Дашрамд дурдахад миний бие түүхч огтхон ч биш, харин гадаад дотоодын тулхтайхан түүхч нарын ном бүтээлээс уншиж, мэдсэнээсээ л танд толилуулж буйг болгоогоорой.

МНТ-ны 198, 199 –р зүйлд Сүбээдэй Мэргидийг нэхэн, сөнөөснийг үхэр жил буюу 1205 онд тохиосон хэмээсэн бол Рашид Ад Динээс авхуулаад бусад сурвалжууд 1217 онд болсон явдал гэдгийг баталж байна. (Эрдэм шинжилгээний өгүүлэл биш учраас зүүлт, номзүй зэргийг хийх хэрэггүй гэж үзэв)

Мухулайд Гоо ван цол өгснийг МНТ-ны 206-р зүйлд 1206 онд болсон явдал хэмээн бичсэн бол угтаа нэлээн хожуу болсныг, тухайлбал, перс, хятад дурсгалуудад 1217, Мухулайн намтар, Юань-Ши зэрэгт 1218 он хэмээн бичсэн байдаг нь үзүүлж байна.

Бүр хол зөрж буй (даруй хориод жил) нэг он бол Шихихутагт “Улсын заргач” цолыг олгож буй явдал. МНТ-д Шихихутаг нь 1195-1196 оны үед бяцхан өнчин хүү олдож байснаа ердөө аравхан жилийн дараа, 1206 онд, өөрөөр хэлбэл арав гаруйхан насандаа Чингис хааны хамгийн итгэлт зөвлөх болж байгаа нь нягтлууштай. Шихихутагийг бусад олон сурвалжид 1234-1235 онд “заргач” цолтой болсон тухай тэмдэглэсэн байдаг. Бас нэг анхаармаар зүйл бол МНТ-д Шихихутагийг Өэлүн эх өргөмөл хүүгээ болгож байгаа, өөрөөр хэлбэл Чингис хааны дүү болж байгаа бол Рашид ад Дин түүнийг Бөртэгийн өргөмөл хүү, Чингис хааны хувьд бол хүү шиг нь байсан хэмээдэг. Насны хувьд бодвол сүүлийнх нь илүү үнэмшилтэй байж болох талтай. Юань Ши-д Чингис хааны үед Бэлгүтэйг “заргач” байсан хэмээнэ.

Энэ мэтчилэн олон жишээ байгаагаас дахин ганцыг татахад, МНТ-ны 260-р зүйлд Чингис хаан Чормаганыг Багдад руу 1221 онд довтлуулж байгаа гардаг бол Жувейни, Рашид ад Дин болон Хятадын бүх бичигт Чормаган Чингисийн бус Өгөдэйн дор 1228, эсвэл 1229 онд Багдадын халифыг унагаасныг ижилхэн батлан өгүүлдэг.

Аливаа зүйлийг хөдөлшгүй үнэн гэж ойлгох нь дараа нь өөр баримт, үзэл бодол гарч ирэхэд хүлээж авч чадахгүйд хүрч, хямралд орох гэмтэй. Ялангуяа бид дунд сургуулийн хүүхдүүдэд мэдээллийг байнга ганцхан шийдлээр, туйлын үнэн мэтээр өгдөг нь тэднийхээ сэтгэлгээг улам нэг хэвэнд цутгаж байх шиг санагддаг юм.

Эцэст нь өгүүлэхэд

Монголын Нууц Товчоог бид Монголын түүх, хэл, утга зохиол, соёлын гайхамшигт дурсгал болохынх нь хувьд шүтэх, бишрэх, бахархах учиртай нь тодорхой. Гэвч үүний зэрэгцээ бас түүнийгээ уншиж, нягталж, харьцуулж, судалж байх нь бас чухал юм гэсэн л санааг хэлэх гэсэндээ үүнийг бичив.

М. Саруул-Эрдэнэ ( saruulerdene@yahoo.com)

Монгол Орны Ан Амьтдын тухай...


Манай улс нь байгаль цаг агаар, газарзүйн олон янз нөхцөлтэй учир дэлхийн амьтаны аймгийн олонх төлөөлөгчид нутаглан амьдрах нөхцөл нь бүрджээ. Монгол орны амьтаны аймаг хөхтөн 138, шувууд 434, загас 75, хоёр нутагтан 6, мөлхөгчид 22 зүйл, дэд зүйл бүртгэгдээд байна. Нугламгүйтэнээс 13000 зүйл шавьж, бусад зөөлөн биетэн, хорхой, эгэл биетэн амьтад 516 зүйл бүртгэгдээд байна.


Арьс мах болон бусад бүтээгдэхүүнийг нь авч ашигладаг зэрлэг хөхтөн амьтан, шувуу загасыг ан гэнэ. Монголын нутагт агнуурын холбогдолтой 60 шахам зүйл хөхтөн, 50 гаруй зүйл загас, 90 орчим зүйл шувуу байдаг байна. Анг ашиглах, үндсэн бүтээгдэхүүнээр нь махны, арьсны, үслэг гэж ангилна.

Монгол угсааны өвөг дээдэс дунд чулуун зэвсгийн үеэс зэрлэг хонь ямааг гаршуулан мал адуулж амьдарч байжээ. Улмаар адуу, үхэр, тэмээг гаршуулан тэжээж таван хошуу мал бий болсон. Өнөө үед таван хошуу малаас гадна тахиа, гахайг гэрийн нөхцөлд тэжээж ашиг шимийг нь амьдрал ахуйдаа хүртэж байна.

Б.Ганбат Сар шинийн барилдаанд түрүүллээ.


Энэ жилийн сар шинийн барилдаан үнэхээр олны таамаглал, тааврыг зөрүүлсэн барилдаан олон гарсан гэж билээ. Тэр тусмаа Заан Б.Ганбатыг түрүүлнэ гэж таавар ирүүлсэн хүн тун ховор байсан гэдэгт итгэлтэй байна.

Сэнгүр Лигийн хоёрдугаар тойрог үргэлжилж байна.

“Бухнууд” дөрөв дараалан хожлоо

“Сэнгүр” лигийн АШТ-ий хоёрдугаар тойрог энэ долоо хоногт өндөрлөх гэж байна. Өнгөрөгч баасан гаригийн эхний тоглолтод долоо дараалан хожил авсан “Хасын хүлгүүд”, “Баянзүрх буллз”-ыг барсангүй, улирлын хоёр дахь хожигдлоо хүлээв. Уг тоглолтод “Хүлгүүд”-ийн Ц.Мэргэн тоглосонгүй. “Бухнууд”-ын дөрөв дараалж хожсоноор “Хүлгүүд”-ээс ердөө ганцхан хожлоор хоцорч эхэллээ.

Уг тоглолтод М.Цогтбаатар (Баянзүрх буллз) багаасаа хамгийн өндөр оноог авсан. Бие биенээсээ ялгарах лидер тоглогчгүй “Баянзүрх буллз”-ийнхэн багийн тоглолтыг сайтар харуулж байна. “Буллз”-ийн тоглогчид бүгд жигд тоглон багаа хожилд хүргэж буй. “Сэнгүр” лигийн АШТ-ийг 11-12 тоглолтын дараах байдлаар “Хасын хүлгүүд”, “Баянзүрх буллз” багууд плей-оффт үлдэх зураглал ажиглагдаж байна. Тэдний араас ямар ч баг гараад ирж мэднэ.

Бусад зургаан багаас хамгийн боломжтойд нь “Ёлууд” тооцогдож буй. Гэхдээ “Ёлууд”-ын төвийн тоглогч Б.Мөнхболд шагайгаа гэмтээн хоёр долоо хоног талбайд гарахгүй болсон. Энэ нь “Ёлууд”-ын амжилтыг доош татах магадлалтай. Учир нь түүнийг орлох тоглогч “Ёлууд”-ын сэлгээнд ч харагдахгүй байгаа. Түүнийг сүүлийн хоёр тоглолтод Э.Ананд орлосон боловч дорвитой тоглосонгүй. “Лидер”-ийн эсрэг хийсэн тоглолтод Ц.Пүрэвдорж, Т.Санчир нар гойд сайн тоглож, багаа хожилд хүргэсэн. Харин өндөрөгч баасан гарагийн үдэш ”Халлелуяа”-гийн эсрэг ганц Ц.Пүрэвдорж хичнээн зүтгээд ч багийнх нь нөхөд түүнд тус хүргэж чадсангүй. Түүнийг энэ өдөр ”Халлелуяа”-гаас Ш.Сэдбазар хамгаалан тоглосон бөгөөд 32 оноо авахад нь саад болсонгүй. Бид өмнөх дугаарууддаа ”Сэнгүр” лигийн дэд аварга ”Шаркс”-ын гол тоглогчид болох Б.Ариунболд Б.Ганхөлөг, Б.Нэмэхбаяр нар ”Хараагийн Харцага”-д очсоныг мэдээлсэн билээ. Гэтэл шилдэг залуу тоглогчдоор хүчээ зузаатгасан ”Харцага”-ынхан лигийн тэмцээн дундаа орж байхад нэг баг болж чадаагүй байгаа бололтой. Мөн тус багийн гол тоглогчдийн нэг О.Ууганбаяр шагайндаа гэмтэл авснаар гурван тоглолт өнжөөд байна. Өнгөрсөн онд ”Шаркс” -ыг оргил амжилтаа үзүүлэхэд хүчин зүтгэсэн дээрх гурван тоглогч хуучин багтаа (нөөц тоглогчиддоо) хожигдов. Тэдэнтэй адил хоёрдугаар тойрог эхэлснээс хойш гурав дараалан бүдэрсэн МУИС, ”Hi B Oil’ компанийн ”MBM” багийнхан ”Халлелуяа”-г хожсоноор хожигдлынхоо хар цувралд цэг тавилаа.

2.18
—————–1 2 3 4
Харцага 19 10 24 18 71
Буллз 15 25 17 27 84

Хараагийн Харцага : Ү.Давхарбаяр 21+9 самбар, Б.Ганхөлөг 13+8 самбар, Б.Ариунболд 13
Баянзүрх Буллз : А.Даваадаш 16+7 самбар, Л.Эрдэнэ-билэг 17, М.Цогтбаатар 13, Ц.Шаравжамц 13+10 самбар

————-1 2 3 4
Ёлууд 20 22 27 25 94
Лидер 14 14 24 13 75

—————-1 2 3 4
MBM 22 23 14 35 94
Халлелуяа 15 24 20 23 82

MBM : Э.Дөлгөөн 21, Н.Золжаргал 19+10 самбар, Г.Ихбаяр 13, С.Батнаран 13
Халлелуяа : Б.Очир-Эрдэнэ 18+8 самбар, З.Доржсүрэн 18, С.Пүрэвцэрэн 10

2.20

————–1 2 3 4
Буллз 17 26 20 28 91
Хүлгүүд 29 17 14 15 75

Баянзүрх Буллз : М.Цогтбаатар 29, Ц.Шаравжамц 15+8 самбар, Д.Бат-Орших 13, Ч.Отгонбаатар 13
Хасын Хүлгүүд : А.Од 24, О.Сайнбаяр 20+11 самбар

—————-1 2 3 4
Харцага 17 11 20 23 71
Шаркс 22 20 15 18 75

Хараагийн Харцага : Ү.Давхарбаяр 18+9 самбар, Б.Ганхөлөг 10
Шаркс : А.Чойдорж 21, Ч.Хүрэлбаатар 17+10 самбар, Ц.Ганболд 13, Д.Дэлгэрням 12+8 самбар

——————1 2 3 4
Ёлууд 19 18 13 20 70
Халлелуяа 24 17 19 13 73

Ёлууд : Ц.Пүрэвдорж 32, Т.Санчир 16+9 самбар, Ц.Мөнхтүвшин 14
Халлелуяа : Ш.Сэдбазар 22+10 самбар, С.Пүрэвцэрэн 16, Б.Түмэнжаргал 16+9 самбар


Tuesday, February 24, 2009

"Та бүхэн Хотлоорой Сайхан Шинэлээрэй"



XVII Жарны ХАРШЛАЛТ хэмээх Шарагчин үхэр жилийн өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлэхийн ялдамд Хотол олноороо сайхан битүүрч, Хөгжилдөн наадан Сар Шинэдээ Сайхан Шинэлээрэй.

Хүндэтгэсэн : Мөнхбат, Амгалан


Saturday, February 21, 2009

Шинэ мэдээ Тайван амгалан идээ, будаа элбэг үхэр жил айсуй


Шороон үхэр жилийн өнгө ямар байх бол гэсэн асуултад олон хүн хариулт хайж байгаа биз ээ. Тэгвэл энэ асуултад хариулт өгөх үүднээс дараах хүмүүст хандлаа.

Гишүүд төрийн албан хаагчдын цалинг бууруулахыг дэмжсэнгүй



УИХ-ын чуулган өчигдрийн хуралдаанаар Улсын төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр энэ оны төсвийн тодотголын төслийг УИХ-д танилцуулсан юм.

Нутагтаа харих цаг болжээ.../02.21/



Гэртээ харих цаг болжээ. Хүн бүхэнд төрсөн гэр нь сайхан байдаг гэж боддог шүү. Би гэртээ хариагүй нилээн уджээ. Энэ удаад нэг нутаг буцаж ийжийдээ Сарын юм бэлдэхэд нь тусладаг юм билүү. Өчигдөр найз охиноо гэрт нь үдэж өгсөн харин өнөөдөр би удахгүй нутагийн зүг жолоо мушгих гэж байна.

Нэг л нутаг явна гэсэн чинь гоё байна шүү. Харин жаахан удаан явах нь л онцгүй байна. Бас найз охинтойгоо хамт биш болохоор муухай л байна. Найз охин минь амьдралын гэрэл гэгээ шүү дээ. Түүнгүйгээр би яаж амьдрах байсан болоо. Түүнийгээ олсондоо маш их аз жаргалтай байгаа.Өдөр бүр л түүнтэйгээ хамт байж түүнийхээ хөөрхөн сайхан царайг харж аз жаргалыг мэдэрдэг. Хүн бүхэн л сайхан хайр сайхан амьдрал, аз жаргалтай төгсгөлд дуртай байдаг шиг би тийм хүмүүсийн нэг болсондоо туйлын их аз жаргалтай байна.

Амгаа найз нь чамдаа хязгааргүй их хайртай.

Friday, February 20, 2009

Монгол Улсад ДОХ-ын 52 дахь тохиолдол илэрчээ



Монгол Улсын ДОХ-ын тохиолдол хамгийн сүүлд 50 гаруй настай эрэгтэй хүн илэрсэн байсан бол түүнээс хойш сая 2 сард 2 тохиолдол шинээр нэмэгдлээ.
Энэ тохиолдол нь өөрсдөө зүгээр л сайн дураараа очиж шинжилгээ өгч байсан хоёр хүнээс илэрсэн байна. Тэдний хувьд өөрсөддөө итгэлтэй байсан бөгөөд ийм зүйл илэрсэндээ одоо ч хүртэл итгэж чадахгүй байгаа гэнэ. Энэ юу болоод байна даа Монголчууд минь 2,8 сая хүн амтай Монгол оронд минь ийм тохиолдлууд ээлж дараалан илрээд байвал хэн нь хэндээ итгэх болж байна даа. Энэ тохиолдлуудыг он дарааллаар харвал :
1. 1992-2004 оны хооронд 5
2. 2005-2008 оны хооронд 45
3. 2009 оны 2 сард 2 тохиолдол илрээд байна.Энэ мэтээр сүүлдээ илрэх хугацаа нь улам богино болоод л байхад энэ бие үнэлэгчид тэдний худалдаж авч байгаа хүмүүс болих цаг нь болоогүй л юм байхдаа. Өөр нэг сонирхолтой мэдээ хэлэхэд Нийт тохиолдлын 75% нь эрэгтэйчүүд бөгөөд тэдний 55% нь ижил хүйстэнтэй явалдагч эрэгтэйчүүд байсан мэдээ байна.

Тиймээс залуусаа охид бүсгүйчүүдээ үнэнч бэлгийн хавьтагчтай байж үр хүүхэд хойч үеийнхээ төлөө санаа тавьцгаая.

Thursday, February 19, 2009

Ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлж байна

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар байгаль орчныг хамгаалах асуудал дээр голлон анхаарах болж, уламжлалт эрчим хүч гэхээсээ илүү байгалийн эрчим хүчнийн үйлдвэрлэлийг шинээр байгуулах болжээ.
Тайвань нь эрчим хүчний нөөцөөр бага, дээр нь олон улсын зах зээл дээрх нефтийн үнэ ихээхэн тогтворгүй байгаа тул Засгийн газраас нь нөхөн сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг судлан бүтээхийг өргөнөөр дэмжих болсон байна. Нарны эрчим хүч үүсгүүр болон LED гэрэлтүүлэг, салхин цахилгаан үүсгүүр зэрэг цоо шинэ үйлдвэрлэл нь Тайванийн шинэхэн Niche үйлдвэрлэл болоод байна. Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-аас гаргасан мэдээлэлд 1990-2006 оны хооронд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээ жилд дунджаар 1,8 хувиар өссөн бөгөөд үүнээс нарны эрчим хүч, салхин эрчим хүч, газрын дулаан болон далай тэнгисийн зэрэг дахин сэргээгдэх эрчим хүчний өсөлт хамгийн их буюу дунджаар 3.9 хувьд хүрсэн байна. Ирээдүйд улс бүхэн эрчим хүчээ хэмнэн, нүүрстөрөгчийг багасгахад шийдэмгий арга хэмжээ авч хэрэгжүүлэх учраас, дахин сэргээгдэх эрчим хүчний эрэлт хэрэгцээ болон цахилгааны хэмжээ цаашдаа улам ч их нэмэгдэх аж.

Урьдчилсан байдлаар, Тайванийн нарны энергийн үүсгүүр, салхин эрчим хүч үүсгүүр, LED, экологийн зэрэг байгалийн ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 2007онд 5,6 тэрбум доллар байсан бол 2012 он гэхэд энэ үзүүлэлт 17,8 тэрбум доллар болж өсөх гэнэ. Өөрөөр хэлбэл, дундаж өсөлт нь 26,1 хувьд хүрсэнээр Тайвань нь шинэхэн Niche үйлдвэрлэлтэй улс болох юм байна.
Сүүлийн үед улс бүхэн цаг агаарын өөрчлөлтөнд нийцсэн, байгаль орчинг хамгаалах олон улын хэлэлцээрийн шаардлагыг нэмэгдүүлэх, олон улсын зах зээл дээрх нефтийн үнийн хэлбэлзэл зэрэг хүчин зүйлүүдийн улмаас эрчим хүчийг орлуулан хэрэглэхийг идэвхтэй хөгжүүлж байна. Энэхүү байгалийн эрчим хүчийг ашиглаж Тайвань нь байгалийн цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлсэнээр эрчим хүч нийлүүлэлтийн аюулгүй байдлыг хамгаалахаас гадна дэлхий нийтийн экологийн үйлдвэрлэлийн хөгжлийн үндэс суурийг тавьж чадах аж.

Тэглэх хувилбарын тухай тэрслүү үг

Монголчууд юмыг өсгөхдөө гаргуун. “Амны билгээс ашдын билэг” гээд л өсгөөд эхэлнэ шүү дээ. Өсгөсөн юмаа буцааж бууруулна гэж байхгүй. ” Дээшээ, дээшээ, бүр дээшээ” гэж дуулаад л дэгдээд өгнө шүү дээ. Хямралын үед энэ араншин бүр илүү үзэгдэх боллоо. Хямралын үед хөгжингүй орнууд юм юмаа хямдруулж, үнэ өртгөө багасгаж байхад манайд бүх юм эсрэгээрээ. 
Зарим улс орон эдийн засагтаа “Тэглэх хувилбар”-ыг ашигладаг гэдэг. Энэ “тэглэх” гэдэг нь эдийн засагчдийн мэргэжлийн үг хэллэг боловч, юм бүхнийг “Тэг”-тэй тэнцүүлэх ч гэсэн үг бас биш. Хатуу бодлогыг зөөлрүүлэх, татварын бодлогыг эерэгээр шийдвэрлэхэд хэрэглэдэг шиг байгаа юм.
Харин монголчууд “Тэг”-ийн тоонд их дургүй. Тэнэг, мулгуу маягийн хүнээ “Ноолийн ногоон тэг” гээд доош нь жийчихнэ. “Нооль” гэдэг нь Оросуудыг дуурайж байхдаа сурсан ‘Тэг” гэсэн үг.


2010 он гэхэд хямралаас гарна гэж үзжээ

Энэ сарын эхээр Наран улсад дэлхийн санхүүгийн хямралын талаар өргөн хүрээний санал асуулга явагджээ. Тус улсын 100 томоохон компаниудын дунд телевизийн NHK компаниас явуулсан энэ санал асуулгын дүнгээр 2010 он гэхэд л хямралаас гарна гэсэн хариултыг дийлэнх нь өгсөн байна.
Харин гурван компанийн захирлууд хямралаас энэ оны эхний хагас жилд гарна гэж үзжээ. Тэгвэл 15 компани сүүлийн хагаст гарна гэж тооцоолсон бол ирэх жилийн эхний хагаст 24 компани, харин 33 нь 2010 онд хямралыг давах болно гэж хариулсан байна. Үлдсэн 11 компани 2011 онд гэжээ. Түүнээс гадна 44 компани энэ онд байдал улам ширүүснэ, 23 нь арай нааштай эргэнэ гэж үзсэн байна.