Thursday, January 6, 2011

Мэргэн далны домог


Эрт цагт нэг хүн эзэн хааны Алтан гүнжийг яаж авах билээ гэж боджээ. Ингээд Дөрвөдийн хошууны ойт мэргэн Тэвнэ гэж байдаг байжээ. Түүгээр гүнжийг авхуулахаар шийдээд :



- Чи надад эзэн хааны Алтан гүнжийг авч өгч чадах уу? гэхэд “Чадна” гэжээ. Эзэн хааны Алтан гүнжийг авахаар ойт мэргэн Тэвнэ одвоо. Эзэн хааны гүнжийг энд тэндхийн эрчүүл авах гэдэг боловч ив ижилхэн, нов ногоон торгон дээлтэй наян бүсгүй байдаг, үүн дундаас ялгаж таньж чаддаггүй байжээ. Мэргэн Тэвнэ арга учрыг нь хайж, эзний Алтан гүнжийг асарч өсгөсөн самган эхийг нь олж уулзаад “Алтан гүнжийг таних тэмдгийг хэлж өгөөч” гэсэнд тэр самган ингэж хэлэв.
- Алтан гүнжийг хэлж болохгүй. Хэлсэн хүмүүн тэр дороо баригдана. Эзний шр бичиг татахад хэн хэлснийг хэлээд өгдөг чадалтай. Би хэлшгүй ээ гэв. Ингэхэд нь Мэргэн Тэвнэ : “Үүний арга учрыг би олъё Эзний шар бичигт хэн хэлсэн гэж тэмдэггүй төлөг буулгаж болно оо” гээд газарт нүх малтаж, самганыг оруулаад дээр нь гал түлж тогоо тавиад ус хийж, дотуур нь төмөр гуурс шургуулж, гуурсныхаа амыг хөвөнгөөр ороогоод түүгээрээ самганыг “Эзний Алтан гүнж ямар тэмдэг юм бэ хэл” гэжээ. Самган “Эзний Алтан гүнжийг инээлгэж чадаж гэмээн шүднээс нь алтан туяа гэрэлтдэг юм билээ” гэж хэлжээ.
- Мэргэн Тэвнэ үүнийг хэлүүлж аваад эзний ордонд хүрч, аргалж чаргалж байгаад бүсгүйчүүдийн байранд орж алиалж, наргиулж байгаад инээлгэсэнд нэг бүсгүйнх нь шүднээс үнэхээр алтан туяа цацарсанд түүнд сэлмээр тэмдэг хийгээд явж одов. Маргааш нь “Эзний Алтан гүнжийг авна” гэж Хаанд бараалхсанд “Тун ижилхэн хувцас, зүс царайтай наян хүүхэн өмнүүр чинь алхуулна. Үүнээс таниад авч чадвал ав” гэжээ. Мэргэн Тэвнэ тэмдэг тавьсан хүүхнээ гараас нь хөтөлж “Энэ Эзэн хааны Алтан гүнж мөн” гэв. Эзэн хаан, түшмэд ихэд гайхаж “Энэ яагаад ийм амархан олов? Хүн хэлж өгөв үү?” гэлцээд эзний шар бичиг татуулсанд :
- “Шороо бөгстэй, гал махбодьтой, усан цээжтэй, төмөр голтой, хөвөн толгойтой хүн хэлсэн байна” гэж буужээ. Хаан мэргэд, сайчуулаа цуглуулж “Энэ юу гэсэн үг вэ?” гэсэнд “Ийм хүн хаанаас байх вэ!” гэлцэн Хаан ч хилэгнэж “Энэ муу чинь юу ч мэдэхээ больж” гээд галд хийгээд шатаачихжээ. Шар бичгийн шатсан үнсийг нь хонь долоож ингэснээрээ хонины дал их мэргэн болсон юм гэнэ билээ.

Related Posts:

  • Монгол цээрлэх ёсон Монголчууд эртнээс бичигдээгүй аман хууль буюу уламжлалаа ёсчилон сахиж, түүнийг үр, хоч үедээ өвлүүлэн үлдээх арвин баялагтай, ёс жудагтай улс юм. Тиймдээ ч цээр ёс нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хүлээн зөвшөөрөгдөж ба… Read More
  • Битүүлэх ёсон Битүүлэх ёсон Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн гучинд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Эн… Read More
  • Шинийн нэгний өдөр цээрлэх зан үйл Шинийн нэгний өдөр цээрлэх зан үйл Энэ өдөр гол, горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ. Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой. Үйл мэтгэх оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэ. Шинээр оёдог. Энэ нь с… Read More
  • Аялгуу сайхан "Монгол хэл" минь хаана байнаа... Монгол улс орчин үетэй хөл нийлүүлэн алхаж байна л гэнэ, тэр нь яг хаана байгаан бэ? Бид өвгөд дээдсийн минь ярьж, бичиж дадсан энэхүү сайхан "монгол хэл" маань одоо түүх болон үлдэж дээ. Монгол хэлээрээ зөв ярьж, зөв бичиж… Read More
  • Мэргэн далны домог Эрт цагт нэг хүн эзэн хааны Алтан гүнжийг яаж авах билээ гэж боджээ. Ингээд Дөрвөдийн хошууны ойт мэргэн Тэвнэ гэж байдаг байжээ. Түүгээр гүнжийг авхуулахаар шийдээд : - Чи надад эзэн хааны Алтан гүнжийг авч өгч чадах уу?… Read More

0 Сэтгэгдэл: