Удаан хугацаагаар суугаа ажилладаг хүмүүс хүзүү хөших, хөөрөх өвчинд өртөмхий байдаг. Учир нь хүзүүний мөгөөрс, хүзүүний булчин нь удаан хугацаагаар суугаа ажиллахад сунаж татагдан улмаар ядаргаа бий болгодог.
Удаан хугацаагаар сууж, бөхийж ажилладаг хүмүүс юуны өмнө толгойгоо ялимгүй урагш бөхийлгэн чөлөөтэй, тэгш сууж, толгой, хүзүү, цээжээ хэвийн байдалд байлгах шаардлагатай. Ширээ сандлынхаа өндөр намыг биеийнхээ хэмжээнд яв цав тохируулах бөгөөд дэндүү бөхийж, бас хэтэрхий гэдийхээс зайлсхийх нь чухал. Байнгын суугаа ажилтай хүмүүс 1-2 цаг болоод шилэн хүзүүгээ зүүн, баруун тийш нь олонтаа хөдөлгөж байвал сайн. Хөдөлгөхдөө зүүн баруун тийм нь зөөлөн зөөлөн, алгуур аажмаар аль болохоор гүйцэд сайтар хөдөлгөх хэрэгтэй. Үүний зэрэгцээ хоёр мөрөө хөдөлгөх дасгал хийнэ. Юуны өмнө хоёр мөрөө алгуур аажмаар доош нь хумьж 3-5 секунд, дараа нь дээш нь өргөөд 3-5 секунд болно. Энэ хөдөлгөөнөө 6-8 удаа давтана.
Мөн ойрын зайнаас толгойгоо бөхийлгөн юмыг удаан хугацаагаар харах нь шилэн хүзүүд муугаар нөлөөлдөг төдийгүй харааг чилээж, нүдийг харалган болгох аюултай. Иймээс удаан цагаар бөхийж ажиллахдаа зохих цаг өнгөрвөл толгойгоо өргөөд алсын барааг 30 минут хэртэй харж бараалах хэрэгтэй. Ингэх нь ядаргааг тайлдаг бөгөөд шилэн хүзүүний эрүүл мэндэд ач тустай.
Компьютерийн ард зөв суух зураг :