Wednesday, March 4, 2009

Их хэмжээний мөнгөн ус хилээр оруулсан иргэдийг баривчиллаа.

-Тэд мөнгөн усаа уул уурхайн компаниудад худалдах гэж байжээ-

Сэлэнгэ аймгийн харьяат Н.Мандалбаяр гэгч Хятадын иргэнтэй үгсэн тохирч урд хөршөөс их хэмжээний мөнгөн усыг Монгол Улсын хилээр оруулсан байна. Тэд Замын-Үүдийн хилийн боомтоор уг зүйлээ хууль бусаар нэвтрүүлсэн аж.
Уг хэрэг өнгөрсөн сарын 10-ны үеэр болсон бөгөөд гэмт этгээдүүдийг үйлдэл дээр нь эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан илрүүлсэн байна. Дээрх хэргийн талаар цагдаагийн ерөнхий газрын ОНХА-ны дарга Т.Сайнжаргалаас тодрууллаа.

-Хятадаас их хэмжээний мөнгөн ус оруулж ирсэн иргэдийг шалгаж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Сэлэнгэ аймгийн харьяат Н.Мандалбаяр гэгч 55 настай эрэгтэй Хятад улсын иргэн Яо Ми Зу гэгчтэй үгсэн тохирч уг хэргийг үйлдсэн. Н.Мандалбаяр нь 1992-2006 он хүртэл Сэлэнгэ аймгийн Мандал сумын алтны уурхайд ажиллаж байсан бөгөөд одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй юм байна. Тэрбээр Хятадын иргэн Яо Ми Зутай тус уурхайд хамт ажиллаж байхдаа сайн танилууд болсон.
Тэр үедээ Яо Ми Зу нь манайд хууль бусаар оршин сууж байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, тэр 2006 онд Монгол Улсын хилээр нэвтрэх эрхээ хасуулсан. Улмаар манай улсад ажиллаж амьдрах эрхгүй болж хар тамга даруулан албадан нутаг буцсан нэгэн.

-Тэд хичнээн хэмжзэний мөнгөн усыг ямар зориулалтаар ашиглах гэж хил давуулсан юм бол?

-Монгол талаасаа Н.Мандалбаяр Хятадын талаас Яо Ми Зу уг хэргийг хариуцаж хамтран үйлдсэн нь тогтоогдсон. Хятад иргэн нь Эрээн хотын Бугатад оршин суудаг байсан бөгөөд Н.Мандалбаяртай Эрээн хотод өнгөрөгч нэгдүгээр сарын 23-ны өдөр уулзсан байсан. Энэ үеэр хятад иргэн Яо Ми Зу Мандалбаяртай Юу Юнхаа гэгч хятад эмэгтэйг танилцуулсан юм байна.
Тэгээд л Н.Мандалбаяр дээрх эмэгтэйтэй хоёр сарын 10-нд Эрээнээс нийслэлд мөнгөн ус нэвтрүүлж орж ирсэн байгаа юм. Ингээд Мандалбаяр нь 500 мг-аар савласан таван килограмм мөнгөн усыг зарахаар такси хөлөглөж яваад саатуулагдсан байна.
Тэд нийт 61,5 килограмм мөнгөн ус улсын хилээр оруулж ирснийг хураасан байгаа. Энэ мөнгөн усаа Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад худалдан борлуулах санаатай байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон.

-Манайд мөнгөн усыг галт тэргээр болоод бусад газраар ч оруулж ирэхийг хуулиар хориглосон шүү дээ. Тэд мөнгөн усыг яаж хилээр оруулсан юм бол?

-Тэд цэргийн зориулалттай жижиг төмөр саванд савлаад авто машинаар хил давуулсан байна билээ. Мөн мөнгөн усыг 2008 оны 12 дугаар сарын 26-нд иргэн
Б-гийн эзэмшлийн Сонато II ДГА 39-50 маркийн авто машинаар хилээр нэвтрүүлсэн нь тогтоогдсон.

-Мөнгөн усыг буруу тээвэрлэж хадгалалтын горим алдвал аюултай. Тэд мөнгөн усыг аюулгүй тээвэрлэж явсан болов уу?

-Мэдээж хулгайгаар оруулж ирж байгаа юм чинь яаж аюулгүй байдлыг хангах билээ. Иргэд галт тэргээр тээвэрлэхийг хориглосноос хойш хувийн жижиг оврын эсвэл ачааны машинд их хэмжээний ачаа тээшин дор нууж оруулдаг болж. Тэгэхдээ мөнгөн усаа төмөр сав мөн гялгар уут зэрэгт савлаад зөөж байгаа. Энэ нь аюулгүй байдлын хувьд туйлын хангалтгүй байдаг.

-Тэднийг хаанаас барьсан бэ. Хорьж шалгаж байгаа юу?

-Монгол иргэнийг хоёр сарын 10-нд мөнгөн усаа борлуулах гэж байхад нь барьсан. Тэрбээр хятад эмэгтэйтэй гар утсаар холбогдож байсан юм билээ. Хятад эмэгтэйг нь хоёр сарын 18-нд Замын-Үүдийн хилийн боомтоор хил давах гэж байхад нь баривчилсан.
Тэднийг Ганцхудагт хорьж эрүү үүсгэн шалгаж байгаа. Уг хэрэг гарсантай холбоотойгоор Дорноговь аймагт шалгалт хийхэд иргэн Б-гийн гэрээс хоёр ширхэг цэргийн зориулалттай төмөр савтай 17,5 кг мөнгөн ус хадгалж байсныг хураан, авсан байна билээ.

0 Сэтгэгдэл: