Wednesday, March 25, 2009

68 настай эрэгтэй өөрийгөө шатаан амиа егүүтгэлээ


Нийгмийн бухимдал өөрөөр хэлбэл дэлхий дахинд нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал нь ард иргэдийн сэтгэл зүйд багагүй нөлөөлөөд байгаа нь нууцгүй юм. Хүн ч гэсэн ялгаагүй бусад амьд амьтны адил байгалийн шалгарлыг даван туулж байж сая амьдрана. Мэдээж байгалийн гамшиг зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас хүн амь нас эрүүл мэндээ алдах нь бий.


Сүүлийн үед иргэдийн дунд амиа хорлох гэсэн оролдлогууд гарсаар байгааг хууль хяналтынхан нуудаггүй. Бид өмнө нь энэ сэдвээр хөндөж бичиж байсан. Хэн нэгнийг ийм алхам хийхээс татгалзаасай , ийм байдалд хүргэх шалтгааныг холбогдох газрууд олоосой, бас арга замыг хайгаасай гэсэндээ үг эвлүүлэн баримт дурдан өгүүлж байсан нь саяхан.
Амьд хүн аргатай гэдэг үг зүгээр ч нэг гараагүй нь ойлгомжтой. Энэ үгийн утгыг дунд сургуулийн бага ангийн хүүхэд ч ойлгоно. Харамсалтай нь хэсэгхэн зуурын зовлон бэрхшээлийг зарим нэгэн нь давж чадалгүй алтан амиа егүүтгэж байгаа эмгэнэлтэй хэрэг гарсаар байна. Бүр хүний санаанд багтамгүй үйлдлээр амиа егүүтгэж байгаа нь аймшигтай. Энэ тухай баримтыг дор өгүүлье.
Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг “Барс” худалдааны төвийн зүүн талын явган хүний төмөр гүүрний доор өөрийгөө шатаасан хэрэг уржигдар гарчээ.
Талийгаач нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 68 дугаар байранд оршин суудаг байсан бөгөөд 68 настай Ж гэгч болохыг төмөр замын цагдаагийнхан тогтоожээ.
Тэрбээр тухайн өдрийн 10.00 цагийн орчим гүүрэн дээр очиж бие рүүгээ шатахуун цацаж галдсан байна. Тэрбээр энэ үеэр гүүрнээс унаж хоёр хөл нь хугарч нуруу, бүсэлхийнээс доошоогоо нэлэнхүйдээ шатсан байжээ. Гүүрэн доор хүн шатаж байна гэх дуудлагын дагуу төмөр замын цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газар очиж хагас ухаантай амьсгалж байхад нь түүнийг түлэнхийн төвд хүргэсэн байна.
68 настай Ж нь түлэнхийн төвд хүргэгдэж эмчлүүлсэн ч шархаа даалгүй нас барсан аж. Талийгаачийг ямар шалтгаан ийн амиа егүүтгэхэд хүргэсэн нь тодорхойгүй байна. 60 гараад жаргаж суух насандаа зүй бус үхлийг сонгосны цаана ямар нэгэн учиг бий. Одоо энэ хэргийг Төмөр замын цагдаагийнхан шалгаж байгаа. Магадгүй түүний үхэлд эдийн засгийн хямрал нөлөөснийг үгүйсгэх аргагүй.
Дэлхийг түгшээж байгаа эдийн засгийн хямрал хэдхэн сарын өмнө АНУ-ын нэгэн гэр бүлийнхнийг үхэлд хүргэх шалтгаан болсон тухай хүн төрөлхтөн шуугиж байсан. Амиа хорлохыг завдсан, хүсч байгаа тухайгаа хэлсэн хүмүүсийн дийлэнх нь амьдралынхаа ядуу зүдүү байдлаас ийм замыг сонгодог гэсэн судалгааг сэтгэл зүйчид гаргасан байдаг.
Энэ байдлаараа бол амиа хорлолтоороо дэлхийд дээгүүрт ордог Япон улстай манайхан удахгүй “зуузай” холбох нь ээ. Энэ бол гайхуулаад бахархаад байх зүйл биш ээ. Хоёр сая 600 мянга гаруйхан хүн амтай манай улсын хувьд энэ үндэсний эмгэнэл биш гэж үү.

0 Сэтгэгдэл: