Monday, January 25, 2010

Утаатай тэмцэх талаар Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийв


УИХ-ын Төсөв, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод 2010 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр хамтран хуралдаж нийслэлийн утаатай тэмцэх талаар хэлэлцлээ.

Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар мэдээлэл хийж, УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.
Мэдээлэл хийсэн, саналаа хэлсэн хүмүүс нийслэлийн утаа, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг тэмдэглэллээ. Улаанбаатарт 0-16 насны хүүхдийн дунд гарсан нийт өвчлөлийн 56 хувь нь тоосжилтоос үүссэн гэсэн судалгаа гарчээ. Жирэмсэн эхчүүдийн 10 хувь нь дутуу төрдөг болсон байна. Гаж хөгжилтэй хүүхдийн төрөлт нэмэгджээ. Хавдраар өвчилсөн 4200 тохиолдлын 8,2 хувийг уушигны хавдар эзэлжээ. Ингэж утаа, агаарын бохирдол монгол хүний эрүүл мэндэд гамшгийн хэмжээнд нөлөөлж буйг хуралдаанд оролцогчид ярьцгаалаа. Гэр хорооллыг орон сууцжуулах, гэрийг цахилгаанаар халаах гэх мэт саналуудыг тэд хэлж байсан юм. Утаатай тэмцэх ажлыг Ерөнхий сайд толгойлох ёстой, чадахгүй бол огцордог байя гэсэн байр суурийг зарим гишүүн илэрхийлэв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх утаатай дайны стратегиар богино хугацаанд шуурхай тэмцэх хэрэгтэй гэж байв. Хуралдаанаас Засгийн газар хоёрдугаар сарын 1-ний дотор утаатай хэрхэн тэмцэх тухай санал боловсруулж УИХ-д ирүүлэх, зэсийн үнийн зөрүүгээс орох мөнгөнөөс энэ ажилд зарцуулах талаар байнгын хорооны тогтоол гаргахаар боллоо. Хуралдааны үед албаны хүмүүсийн дурдсан тоо баримтаас тоймлон дурдвал манай улсад жилд дунджаар 90.7 мянган хүн амьсгалын замын өвчнөөр өвчилж, тэдний эмчилгээнд нь 4.8 тэрбум орчим төгрөг зарцуулж байгаа ажээ. Нийт 36.4 мянган өвчтөнийг эмчлэхэд 2.4 тэрбум төгрөг зарцуулсан гэнэ. Эрүүл мэндийн сайдын хэлснээр дорвитой арга хэмжээ авахгүй бол 2015 онд агаарын бохирдлын улмаас 42 орчим мянган хүн өвчилж, таван тэрбум төгрөгийн зардал гарах тооцоо байгаа гэнэ. Нийслэлд амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалгын дундаж агууламж ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс илүү байгааг судалгааны дүн харуулжээ. Нийслэлд 2005-2008 оны байдлаар төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд 1000 амьд төрөлтөд 3.78 болж өссөн үзүүлэлт гарчээ. Зүрх судас, хоол боловсруулах, төв мэдрэлийн тогтолцооны төрөлхийн гажиг илүүтэй байгаа гэнэ.Хамтарсан хуралдаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр мэдээлэл хийж Улаанбаатарын агаарын бохирдлын өнөөгийн байдлын тухай гишүүдэд мэдээлэн гэр хорооллыг барилгажуулах болон цэвэр түлшний асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ танилцуулав. Агаарын бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын 154.6 мянга гаруй айл өрхийн хэрэглэдэг зуух, нийслэлийн гурван цахилгаан станц, 137 мянган авто тээврийн хэрэгсэл, 1.4 мянган бага, дунд оврын нам даралтын уурын зуух бусад хүчин зүйл аж. Эдгээр нь жилд зургаан сая тонн орчим түүхий нүүрс, 240 мянга гаруй метр куб мод шатааж, агаарт 260.0 мянга гаруй тонн хорт бодис цацдаг гэнэ. Нийслэлийн нэг иргэнд 243.6 кг хорт бодис ногдож байгааг тогтоожээ. Мөн жилд 98.5 мянган тонн тоосонцор агаарт ялгарч буй аж. Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн тоо жил бүр өсч, тэдгээрийн эзлэх талбай өмнөх оноос 1165 га буюу 17.9 хувиар нэмэгдсэн тоо байна. Жил болгон ашиглалтад шинээр орсон орон сууцны тоо нэмэгдсээр байгаа ч хөдөөнөөс хотод шилжин ирсэн өрхийн тоо түүнээс давж байгаа юм байна. Нийслэлд 2004-2009 онд 40.1 мянган айлын орон сууц ашиглалтад орсон ч хөдөөнөөс 221.1 мянган хүн буюу 52.6 мянган айл нүүн ирж, гэр хороололд суурьшжээ. Хотын дарга гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр 100 мянган орон сууц хөтөлбөрийн дагуу 2010-2015 онд нийслэлд 75 мянган айлын орон сууцны барилга барихаар төлөвлөж байгаа гээд энэ төслийг хэрэгжүүлэхэд 1.4 орчим их наяд төгрөг шаардлагатай байгааг хэллээ. Хагас коксжуулсан түлшний үйлдвэр байгуулахаар тооцоо судалгааг хийж энэ жил таван тэрбум төгрөг төсөвт суулгажээ. Жилд нэг сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийг Багануурт байгуулбал Улаанбаатарт түүхий нүүрс оруулахыг 2011 оноос хориглох боломжтой юм байна. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин гэрийг цахилгаанаар халаах туршилт амжилттай болж байгааг хэлсэн юм. Хуралдааны үеэр дурдсан тоо баримтаас үзвэл гэр хорооллынхны амьдрал тарчиг ч орон сууцанд амьдрагчдаас илүү зардлаар өвөлжиж, бүр байранд суугчдын дулааны мөнгөнөөс төлдөг юм байна. Гэр хорооллны нэг өрх өвлийн нүүрс, түлээнд 700 мянга орчим төгрөг зардаг байхад нэг өрөө байранд суугчид 120 мянга, хоёр өрөө байртай бол 180 орчим мянган төгрөг дулаанд зарцуулдаг байна. Байранд суугчдын нэг литр усны өртөг 10 мөнгө байхад нэр хорооллынхны худгаас зөөдөг литр ус нэгээс хоёр төгрөг. Цахилгаан станцууд дулааныг өөрийн өртгөөс нь хоёр дахин хямд, цахилгаанаа хоёр дахин өндөр үнээр зарж баланс барьдаг тул гэр хорооллынхон орон сууцны халаалтын зардлаас цахилгаанаараа дамжуулан төлөлцдөг аж. Утаанаас гадна гэр хорооллын бие засах газрууд хөрсийг ихээр бохирдуулж буйг хуралдаанд оролцогсод тэмдэглээд иймээс гэр хорооллыг барилгажуулах ажлыг шуурхайлах нь зүйтэй гэж үзлээ.

0 Сэтгэгдэл: