Tuesday, June 2, 2009

Шинэ Ерөнхийлөгч наадмын өмнө тангараг өргөнө

Монголын ард түмэн сонголтоо хийж, Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч болсон билээ. Өрсөлдөгчөө хол хаяж, барианд орсон тэрбээр Улсын баяр наадмын өмнөхөн тангарагаа өргөх аж.
Түүний ялалтыг баталгаажуулж Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн нар өнгөрсөн баасан гарагийн орой УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн өргөн барьжээ.


Сонгуулийн тухай хуульд Сонгуулийн ерөнхий хороо нь улсын хэмжээнд сонгууль зохион байгуулснаас хойш 30 хоногийн дотор сонгогчдын санал хураалтын нэгдсэн дүнг УИХ-д өргөн мэдүүлэхээр заасан байдаг. Тэгэхдээ ямар нэгэн будилаан гараагүй тохиолдолд санал хураалтын нэгдсэн дүнг УИХ-д тав хоногийн дотор өргөх барих үүрэгтэй аж. Үүний дагуу СЕХ-ны удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн дүнг спикерт өргөн барьсан байна. Албаны эх сурвалжийн мэдээллээр сонгогчдын санал хураалтын нэгдсэн дүнд бараг өөрчлөлт ороогүй. Харин аймгуудаас урьдчилан утсаар авсан мэдээллүүд тамга, тэмдэгтэй ирсэн албан ёсны дүнгээс 0,03 хувиар л буурсан аж.
Энэ удаагийн Монгол Улсын Еренхийлөгчийн сонгуульд нэг сая, 97 мянган сонгогч санал өгснөөс Ардчилсан намаас нэр дэвшин, ялалт байгуулсан Ц.Элбэгдорж нийт сонгогчдын 51.21, МАХН-аас нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр 47.41 хувийн санал авсан байна.

0 Сэтгэгдэл: