Sunday, June 21, 2009

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж багаа бүрдүүлж эхэллээ

Монгол улсын дөрөв дэхь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Бүрэн эрхээ хүлээн авсан Ерөнхийлөгч анхныхаа зарлигыг гаргаж, өөрийн багт ажиллах хүмүүсийг тодруулж эхэлжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЕТГ-ын даргаар Д.Дорлигжавыг томилсон байна. Мөн Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөхөөр н.Отгочулуу, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр Г.Ганзориг, Ерөнхийлөгчийн аюулгvй байдлын зөвлөхөөр М.Батчимэг , Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчөөр С.Батзаяа нар томилогджээ.
Д.Дорлигжав нь МУИС төгссөн. Хуульч мэргэжилтэй. МоАХ, АН-ыг үүсгэн байгуулалцаж, МУ-ын шадар сайд, БХЯ-ны сайд, УБЭҮ-ийн ерөнхий захирал, АН-ын дарга, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, АН-ын е.н.б-ийн даргаар ажиллаж байсан улс төрч билээ. Харин н. Отгочулуу нь Германд эдийн засгийн боловсрол эзэмшиж, эдийн засгийн загварчлал буюу эконометриксоор мэргэшсэн залуу судлаач бөгөөд “Хас” банкинд газрын даргаар ажиллаж байсан байна. Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Г. Ганзориг ЗХУ-ын Краснадор хотын Губаны их сургууль, АНУ-ын Калифорнийн их сургууль төгссөн хуульч мэргэжилтэй. Энэ албанд томилогдохоосоо өмнө “Ганзориг консальтинг” компанийн захирлаар ажиллаж байжээ. Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөхөөр томилогдсон М.Батчимэг стратеги судлаач мэргэжилтэй. Тайвань дахь Монгол улсын төлөөлөгчийн газрын захирал, “МCS” групп, “Энержи Ресурс” компаний зөвлөхөөр ажиллаж байсан. Монгол улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Батзаяа сэтгүүлч мэргэжилтэй. “МН-25 р суваг “, Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч, “NTV” телевизийн мэдээллийн албаны даргаар ажиллаж байжээ. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажилдаа шуурхайлан орж, юуны түрүүнд тамгын газрынхаа томилгоог яаралтай шийдэж буй бололтой.


0 Сэтгэгдэл: