Tuesday, June 2, 2009

Монгол охин гиннесийн дээд амжилт тогтоолоо

Лувсандоржийн Оюунаа /Иона/ хэмээх нугараач охин Marinelli-ийн байрлалд буюу биеийнхээ бүх жинг аман дээрээ тогтоон нугарч, 33 секунд тогтсоноор, өмнөх дэлхийн амжилтыг 11 секундээр ахиулжээ. Иона охин Монголд төрж өссөн бөгөөд 19 жил нугарч байгаа аж. Тэрбээр нийт 16 оронд гала үдэшлэг, театр, кабаре болон телевизийн шоунд нугарч байжээ. Охин бүр таван настай байхдаа л зурагтаар уран нугаралт харснаасаа хойш нугарахыг мөрөөддөг болж хожим нь мөрөөдлөө биелүүлжээ.


Иона охины аав нь цагдаагийн ажилтан, ээж нь эмнэлгийн сувилагч бөгөөд тэднийх долоон хүүхэдтэй жирийн нэгэн гэр бүл гэнэ. Иона Лондоны Их сургуулийн Бирбек коллежид хууль эрх зүйн чиглэлээр суралцаж байгаа аж. Мөн тэрбээр Гиннесийн амжилт тогтоосон нугаралтынхаа тухайд “Огт өвдөх зүйл байгаагүй. Тийм байсан бол би энд ирэхгүй байх байсан. Гэхдээ үүнийг хийж чадах хүн цөөн” гэжээ. Түүнийг Гиннесийн амжилтыг эвдэн нугарсны дараа хөтлөгч “Та бүхэн үүнд итгэхгүй дээ. Энэ бол гайхамшигтай” хэмээн дуу алдсан байна. Монгол бүсгүйн амжилт тогтоосон нугаралтыг Их Британийн “Sky 1″ телевизийн сувгаар тавдугаар сарын 31-ний өдөр “Гиннесийн амжилтыг эвдлээ” нэвтрүүлгээр гаргажээ. Монгол охин өнгөрсөн оны дөрөвдүгээр сард мөн ITV1 телевизээр гардаг “Britian’s Got Talent” нэвтрүүлэгт оролцож байжээ.

0 Сэтгэгдэл: