Tuesday, April 14, 2009

Спортын мэдээ

Спорт холбоод өнөөдөр өрсөлдөнө

“Мөнгөн цагариг” клубээс зохион байгуулах Монголын спорт холбоодын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өнөөдөр эхэлнэ. Угтэмцээн гурван өдөр үргэлжилж аваргаа тодруулах юм, Спортын шилдгүүд хуран цуглах энэ тэмцээнд 40 орчим баг оролцохоор мэдэгджээ.
Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар тэргүүтэй чөлөөт бөхийн холбоо, олимпийн аварга Э.Бадар-Ууган, мөнгөн медальт П.Сэрдамба, ОУХМ З.Энхзориг нарын тэргүүтэй олимпийн боксын холбооны тамирчид гээд өмнөх сагсан бөмбөгийн шоу тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан олон баг энэ удаагийн тэмцээнд өрсөлдөх юм.
Мөн далай аварга Г.Өсөхбаяр, аварга Д.Сумъяабазар, улсын арслан До.Ганхуяг гээд өндөр чацтай тоглогчид энэ удаа МҮБХ-ны нэрийн өмнөөс оролцох аж.

Боксчид азийн аваргад оролцоно

Монголын чөлөөт бөхийн тамирчид ирэх сард ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх бол боксчдыг ч мөн хоёр сарын дараа болох тивийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна. Монголын олимпийн боксын холбооны тамирчдын өрсөлдөх тивийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-д ирэх зургадугаар сард болох бөгөөд манай шигшээ баг 11 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ базааж байна.

Дашрамд сонирхуулахад, Монголын олимпийн боксын холбооны Удирдах зөвлөлийн хурал энэ сарын эхээр болж, уг хурлаар үндэсний шигшээ багт хамруулах тамирчдын талаар санал солилцсон бөгөөд энэ сарын 20-нд дуусах үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалтад боксын төрлөөс 34 тамирчныг нэр дэвшүүлэхээр болжээ.

Мөн тус холбооны хэд хэдэн дасгалжуулагч шигшээ багийн сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлсэн бөгөөд Биеийн тамир спортын газрын зөвлөлийн хурлаар тус төрлийн ерөнхий дасгалжуулагчийг сонгон шалгаруулах юм.

Б.Мөнгөнтуул улсын аваргад зүтгэлээ

Монголын эмэгтэй шатарчдаас анх удаа их мастер цол хүртсэн Б.Мөнгөнтуул эх орондоо ирлээ. Тэрбээр саяхан болсон Москва хотын аварга шалгаруулах эрэгтэй шатарчдын хагас шигшээ тоглолтод хүч сорьж дэд аварга болсон юм. Улмаар үргэлжлүүлэн шигшээ тэмцээнд тоглох эрхтэй байсан хэдий ч эх орныхоо
улсын аварга шалгаруулах тэмцээнийг сонгосон аж.

0 Сэтгэгдэл: