Tuesday, April 21, 2009

Их аваргууд Д. Хишигт хүүд тусламжийн гараа сунгалаа



Зургийн тайлбар: Баруун талаас, Их аварга Асашёорюу (Д. Дагвадорж), Хишигт хүү, “Олны үйлс” ТББ-ын Д. Бүрэнжаргал, Токиод амьдардаг Д. Баярсайхан хурц хэлбэрийн цусны хорт хавдар хэмээх хүнд аюултай өвчин тусаад одоо Япон улсын Нагано мужид эмчилгээ хийлгэж эхлээд байгаа Д. Хишигт хүүгийн тухай мэдэллийг та бүхэн сонин болон бусад мэдэллийн хэрэгсэл, интернет сайтуудаас олж уншсан байхаа. Эмчилгээний зардалд хэрэгцээтэй мөнгөний хэмжээ нь ойролцоогоор 200 мянган доллар бөгөөд, хүү, хүүгийн аав ээж нь эмчилгээний зардлыг бүрдүүлэх зорилготойгоор хандивын аян зохион байгуулж байна.




Дэлгэрэнгүй мэдэллийг http://www.boroldoi.mn/nadad-nas-hairlaach/ вэб хуудаснаас үзнэ үү.
Япон улсад зохион байгуулж байгаа хандивын аяны үйл ажиллагаанд Д. Бүрэнжаргал (“Олны үйлс” ТББ), Д. Баярсайхан нар биечлэн оролцож байгаагийн зэрэгцээ Японд амьдардаг нутаг нэгт монгол ахан дүүс, мөн энд сурдаг оюутнууд сэтгэлийн дэм өгч, тусалж дэмжин хандив өргөсөөр байна. Ингээд бид бүхэн 4-р сарын 18-нд Нагано мужид зохион байгуулсан Сумо бөхийн үзүүлэх тоглолтын үеэр хандивын аяны анхны үйл ажиллагаагаа зохион байгууллаа.

Их аварга Асашёорюу хандивын аянд маань оролцлоо

Японы сумо бөхийн их аварга Асашёорюу маань Хишигт хүү болон түүний аав ээжтэй уулзаж, урмын сахан үгээ хайрлан сэтгэлийн дэм өгөхийн зэрэгцээ цаг заваа гаргаж хүүгийн хандивын аянд биечлэн оролцож өглөө.

10 гаруй минут хүүгийн дэргэд хандивын хайрцаг барьж зогсоод, сумо үзэх гэж ирсэн хүмүүст хандаж хүүгийн эмчилгээний зардалд шаардлагатай байгаа мөнгийг бүрдүүлэх хандивын аянд оролцохыг уриалж байв.

Их аваргууд болон бусад бөхчүүд маань 1 сая иений хандив өргөлөө


Зургийн тайлбар: Баруун гар талаас, Озэки Харумафужи (Д. Бямбадорж), их аварга Асашёорюу (Д. Дагвадорж), Хишигт хүүгийн аав Р. Доржсүрэн, “Олны үйлс” төрийн бус байгууллагын тэргүүн Д. Бүрэнжаргал, их аварга Хакухо (М. Даваажаргал), Д. Баярсайхан, макуноүчигийн бөх Какурюү (М. Ананд)

Хишигт хүүгийн хандивын аянд их аварга Хакухо, их аварга Асашёорюу, озэки Харумафүжи, мөн Какурюү болон бусад бөхчүүд маань 1 сая иений хандив өргөлөө. Их наран улсад амжилт бүтээлээрээ Монголынхоо нэр алдрыг гаргаж яваа энэ алдартнууд маань өвчин зовлонд шаналж бу нэгэн монгол хүүд ийнхүү тусалж байгаа явдал нь бөхчүүдийн маань ямар агуу уужим сэтгэлтэй, холч ухаантай хүмүүс болохыг илэрхийлж буй хэрэг билээ.
Аваргууд маань хандивын мөнгийг хүүгийн аавд өгөхдөө: “Сэтгэлийн их эрч хүчтэй байж, хүүгээ хурдан эдгээгээрэй. Ийм хүнд хэцүү үед сэтгэлийн тэнхээ их чухал шүү”, гэдгийг дахин дахин захиж хэлж байлаа.

Хүүгийн аав Р Доржсүрэн, ээж С. Жавзандулам нарын талархлын үгс

Хэдийгээр миний хүү хүнд өвчтэй байгаа ч биднийг гэсэн Монгол ахан дүүс дэлхийн өнцөг булан бүрт байгаа юм байна гэдгийг бид их аварга Асашёорюу, их аварга Хакухо, хүчит Озэки Харумафүжи, мөн Какурюү зэрэг нутаг нэгт монгол алдартнуудтайгаа уулзаж байхдаа мэдэрч байлаа. 4-р сарын 18-ны өдөр Нагано мужид болж өнгөрсөн сумо бөхийн үзүүлэх барилдааны үеэр бид хүүгийн эмчилгээний зардалд нэмэр болгох зорилготой хандивын аян өрнүүлсэн юм. Энэ үйл ажиллагааны үеэр бид бүхний хайрлаж хүндэлж явдаг их аварга Асашёорюу Дагвадорж маань өөрийн биеэр хүрэлцэн ирж хандивын хайрцгийг тэврэн зогсоод япон ард иргэдийг хандив өргөхийг уриалж байгаа нь аргагүй л Монгол иргэн бүрээ гэсэн, Монголоо гэсэн сэтгэлтэй их аварга мөн юм даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж билээ. Энэ өдөр өөрийнхөө их ажлын хажуугаар цаг зав, сэтгэл гаргаж ирсэн их аварга маань байн байн хүүгийн маань толгойг илж, “Энэ хүү юм шүү дээ, хүмүүс минь туслаарай” гэж чанга дуугаар уриалан дуудаж зогсох их аваргыгаа хараад сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй сайхан үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Хүү минь өөрийнхөө хамгийн ихээр хүндэлж явдаг Асашёорюу аварга болон сумо бөхийн аваргуудаа хараад маш их сэтгэл хөдөлж, өвчнөө мартан, бас аваргад үнсүүлсэндээ маш их баяртай байлаа гэв. Бидний хувьд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болсон ийм хүнд хэцүү үед аваргын маань хэлсэн урмын сайхан үгс биднийг дахин хөл дээр минь зогсоох шиг болсон. Хүчит аваргуудтайгаа уулзаж байхдаа би хий дэмий л сандраад олигтой ганц хоёр талархлын үг ч хэлж чадсангүй ээ. Гэхдээ та нар маань миний хэлж чадаагүй үгс болон бидний зүрх сэтгэлийг сонсож чаддаг, ёстой л Монгол улсын босоо аваргууд юм даа. Ийм сайхан зовхи нь өөдөө монгол аваргуудтайгаа уулзаж, хийморио сэргээсэн минйи хүү эдгэнэ ээ. Та нартаа маш их баярлалаа.
Хүүгийн минь хандивын үйл ажиллагааг зохион байгуулахад Япон улс дахь “Олны үйлс” төрийн бус байгууллагын тэргүүн Дамчий Бүрэнжаргал, Токиод оршин суугч Баярсайхан болон бидэнд байнга тусалж дэмжиж байдаг Үмеки Томоко, Тамура Кейко болон түүний хүү нар оролцлоо. Дашрамд хэлэхэд энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулах зөвшөөрлийг олгож, бидэнд туслалцаа үзүүлсэн бүх байгууллага, хувь хүмүүс, Асашёорюу сангийн хамт олон та нартаа маш их баярлаж байнаа.

Хишигт хүүгийн хандивыг аян үргэлжилсээр байна.

Хандивын аян эхэлснээс хойш ийнхүү бидний хүүгээ гэсэн сэтгэлийн эрч хүчээр жигүүрлэсэн үйл ажиллагаа маань үргэлжилсээр байна. Хэдийгээр хандивын дансанд эхнээсээ эмчилгээний зардлын мөнгө цугларч байгаа ч бидэнд шаардлагатай байгаа мөнгөний хэмжээ их болохоор бидний энэ үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилсээр байх болно. Мөн биднийг гэсэн монгол ахан дүүс та бүгдийн минь тусламж дэмжлэг ч гэсэн үргэлжилсээр байх болно гэдэгт итгэж найдан хүлээсээр байна. Бид хандивын үйл ажиллагаагаа “Дуслыг хураавал далай болно” гэсэн уриан дор явуулж байгаа билээ. Тиймээ энэ хүү таны ч, миний ч өөрт нь зориулж явуулсан тэр дусал бүхнээс баяр жаргалыг мэдэрч, ирээдүй рүүгээ итгэлтэйгээр алхах эрч хүчийг олж авна гэдэгт бид итгэж байна. Иймээс дэлхийн орон бүрт амьдарч буй Монгол ахан дүүс та нартаа Хишигт хүүд тусламжийн гараа сунгахыг чин сэтгэлээсээ хүсч, уриалж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай !

0 Сэтгэгдэл: