Tuesday, January 25, 2011

Та хайр сэтгэлтэйгээ ямар улиралд учирсан бэ?


Эргэх 4 улирал өөр өөрийн онцлог басхүү нууцтай. Эдгээр нь хүн бүрт харилцан адилгүй үйлчилдэг. Хүний мэдрэмж, сэтгэл зүй улиралаа даган өөрчлөгдөж хувирдаг хэмээн сэтгэл зүйчид үзжээ. Тэдний үзэж байгаагаар хайр сэтгэлийн хүрээ, хувирал, үе шат ч мөн улиралтай холбоотой гэнэ.



Намар : Өвлийн дохио айсуу үе. Шарчигнан унах гунигт шар навчисын адил хүний сэтгэл ч гэгэлзэж, өнгөрсөн дурсамжинд автана. Намрын шиврээ бороо орох нь хүнд уйтгар гуниг авчирах нь бий. Амралт аяллын тааламжтай үе өнгөрч, өдөр тутмын саарал өдрүүд хүлээх болно гэдэг мэдрэмж нь хүнийг стресст оруулдаг аж. Чухам энэ үеэр, намрын цагт амиа егүүтгэх явдал ихэсдэг болохыг судлаачид тогтоосон байна. Намар цагийн хайрын учрал их романтик байдгаараа онцлогтой. Монголчууд айраг цагаа элбэгшсэн намрын цагт хурим найраа бэлддэг бол Европынхон хайрын хөнгөн гунигт автанхан намрыг үддэг байна. Намар цагийн хайр сэтгэл тэр бүр бүтээд байдаггүй гэнэ.
Өвөл : Идэр ес тачигнасан өвлийн улиралд хайрттайгаа учирсан бол гэр бүл бат бэх болох нигууртай аж. Цаг агаарын тийм ч тааламжтай биш байдал, хоол хүнс, хувцас хунараа базааж бэлтгэх зэрэг олон даваа, сорилтууд биднийг хүлээж байдаг. Энэ үеэр подхийтэл өөрийгөө базаасан хүн хайр сэтгэлийн хувьд ч тууштай, бэлтгэлтэй байж чадна. Мөн ирж болох хүндрэл бэрхшээлүүдийг хайр сэтгэлээ хохироолгүйгээр давж чаддаг онцлогтой гэнэ.
Хавар : Амьд бүхэн сэргэдэг энэ үед хүний сэтгэл ч хөвсөлзөж догдолж эхэлдэг. Хаврын цагт хүн дурламтгай болдог байна. Гэхдээ энэ сэтгэл хөдлөл нь унтрахдаа амархан аж. Хавар өрнөсөн хайр сэтгэлийн романс тогтвор муутай, удаан үргэлжилдэггүй гэж сэтгэлзүйчид үзэх нь бий. Оросууд хаврын саруудад хуримлахыг таашаадаггүй. Хавар шигээ хувирамтгай, баталгаа муутай гэр бүл болно гэж үздэгээс тэр. Энэ тухай дуу шүлэг, онигоо яриа ч элбэг байдаг аж. Аливааг дүгнэх тухайн улс үндэстний нэгэн онцлог. Монголчууд ч хурим найрыг хавар хийгээд байдаггүй. Харин энэ нь хайр сэтгэлтэй бус мөчлөг, тарчиг цагтай холбон үздэгийнх юм. Хавар гэдэг үг нь эртний Ховор гэх утгатай үгнээс гаралтай гэж түүх судлаачид тайлбарладаг.
Зун : Зуны дэлгэр цагт хүний сэтгэл ч нялхамсаж, илүү тайван, стресс багатай байдаг. Хайр сэтгэлийн хувьд тун тааламжтай улирал юм. Цэцэг навч болсон энэ улиралд хосууд уулзаж учрах нь олширч, бие биенээ харилцан ойлгоход илүү дөхөм болдог. Мөн энэ улиралд амралт, зугаа цэнгэлийн “богино хэмжээний” романс, сээтэгнэл илүүтэй байдаг тул сонор сэрэмжээ алдуузай. Зуны налгар улиралд гэр бүл болсон хосууд хоорондоо эвтэй, дулаан бүлээн уур амьсгалыг бүрдүүлж чаддаг гэж сэтгэл судлаачид үздэг.

0 Сэтгэгдэл: