Tuesday, October 27, 2009

Цай үүссэн түүхээс...

Цай үүссэн түүхээс
Хүн төрөлхтөн цайг 600 мянган жилийн тэртээгээс мэддэг болсон бөгөөд ном сударт хамгийн анх МЭӨ 2700 оны үед тэмдэглэгджээ. Анх Хятадууд цайны ургамлыг олж эмчилгээний журмаар (амьдралын гал) гэж нэрлэн хэрэглэж эхэлсэн. 6 зууны үеэс Хятадын хаад ноёд дээдсийн хүрээнд тансаг хэрэглээнд зориулан ашиглаж байсан. Үүнээс хойш гурван зууны дараагаар Хятадын хүн амын дунд дэлгэрч хүмүүсийн үндсэн ундааны хэрэглээнд орж иржээ. Цайны ургамлыг Хятадад 2500 жилийн тэртээгээс тариалан ашиглаж эхэлсэн. 9 зууны үеэс Японд хэрэглэж эхэлсэн бөгөөд бүр сүүлд 18 зууны үед Японы эзэн хааны эмч цайны ургамлын цус шингэлэх, элэг дэлүүг цэвэрлэх, ядаргаа сульдааг багасгах нөлөөг олж ирүүлсэн байна. Харин Европод 1517 онд Протугалчууд цайны ургамлыг авчирсан. Голландын худалдаачид Хятадаас цайны ургамлын бутыг нууцаар авчирч Индонезод тариалан 1610 оноос Голландад оруулж 1664 оноос Англид нэвтрүүлсэн байна.

Англичууд цайг халуун дотноор хүлээн авч цай уух, цайны ёслолыг анх бий болгож цайг өргөн хүрээтэй хэрэглэх болсон. Оросод 1638 онд Оросын элчин Василий Старков, Монголоос (Алтайн Улсын Хааны бэлгийг 64 кг цай) авчирснаас хойш Оросын хаад, ноёдуудын дунд өргөн хэрэглээ болж цаашид дэлгэрсэн. 1814 оноос Никитины батоникийн цэцэрлэгт хүрээлэнд эхлэн тариалан ашиглах болжээ. Ингээд цай нь 18-р зуунаас Европын орнуудад ихэд дэлгэрэн кофетэй өрсөлдөхүйц ундаа болж Франц, Испани, Герман зэрэг орнуудын хүмүүсийн дунд дуртай ундааны хэрэглээ болж эхэлсэн. Тухайн үед цайны ургамлын түүхий эдээс болж АНУ (кофег хэрэглэдэг) Англи (цайг хэрэглэдэг) хоёр орон өрсөлдөж кофе цай хоёрыг өнөө хүртэл өрсөлдүүлэн хэрэглэж байна. Монгол оронд эхлээд Алтан хааны үед Хятадаас дамжуулан авч хэрэглэж байсан боловч сүүлдээ Оросоос цай авч өргөн хэрэглэдэг болжээ. Жишээ нь : Дэлхийн 2 дайны үед Оросоос цай орж ирэхээ больсон учраас нутгийн зэрэг ургамлаар цай хийж бэлтгэх ажлыг өргөн хүрээтэй явуулж байсан бөгөөд 165 тн ургамлын ногоон цай (Хөвөн оройт, Мягсансанжаа) бэлтгэн хэрэглэж байсан мэдээ байдаг. Одоо манай улс өргөн хэрэглээний цайг Хятад, Энэтхэг, Цейлон, Орос зэрэг дэлхийн олон орнуудаас авч хэрэглэхээс гадна өөрийн орны ургамлын баялагаас (Их тайга, Энхжин, Мөнхжин гэх мэт) олон төрлийн цайг бэлтгэн хүнсний болон эмчилгээний чиглэлээр өргөн хэрэглэх боллоо. Дэлхийд цайны ургамлыг тариалан ашигладаг 4 том улс байна. Эдгээр улсууд нийтдээ 1.5 сая га талбайд цайны ургамлыг тариалж жилдээ 2 сая орчим тн хуурай цай үйлдвэрлэн гаргадаг. Жишээ нь : Энэтхэг 500 мянган тн, Шриланк 210 мянган тн, Хятад 200 мянган тн, Орос 100 гаад мянган тн цай тус тус үйлдвэрлэн гаргаж байна. Цайны ургамалд танина 12%, уураг 16%, сахар 1.5%, кофейн 4%, теофлеин, теобромид зэрэг алкалоидууд байхаас гадна витамин Р, РР болон эфирийн тос зэрэг биологийн идэвхт бодис зонхилон агуулагддаг. Эдгээр биологийн идэвхт бодисын биологийн шинж чанар нь хүний биеийн алжаал япаргааг тайлах, зүрх, тархины судсыг тэлэх, оюуны болон биеийн хөдөлмөрийн чадварыг дээшлүүлэх цайны үйлдлийг хадгалж байдаг. Жинхэнэ цайны ургамлуудаас гадна эмийн шинж чанар нь бүхий зарим ургамлуудыг дээр үеэс эхлэн Европ, Дорно дахины ардын эмнэлэгт цай байдлаар чанаж ундаанд хэрэглэж иржээ. Тусгай боловсруулалт хийгээгүй ургамлын хатаасан навчийг “ногоон цай ” гэж нэрлэн хэрэглэдэг. Манай оронд Хөвөн оройтыг (уулын цай, шонхор цай, өндөр улаан цай), нохонй хошууны навчийг (ногоон цай) гэж нэрлэн өдгөөг хүртэл уламжлан хэрэглэсээр байна. Түүнчилэн хус, гүйлс, монос, тавилгана, даль зэрэг мод бутны навчийг гүлзээлгэнэ, бадаан, инж, буурлын навч, цээнэ, туйпланцар, сөд өвсний үндэс шимтэглэйн навч цэцгийг цайнд өргөн хэрэглэж байжээ. Энэ мэтчилэн ургамлаар цай хийж ундаанд хэрэглэж байсан уламжлал олон улс үндэстэнд түгээмэл тохиолддог.
Ургамлаас бэлдсэн цайны тухай
Урагмлаас бэлдсэн цай гэдэг нь аятайхан үнэр, амттай, цайны төрөлд байдаг шүлтлэг урвалттай өвс, навч, цэцэг, үндэс эсвэл тэдгээрийн холимогоос бэлдсэн халуун ханд юм. Ургамлаас бэлдсэн цай нь өөрийн өвөрмөц шинж чанартай байдаг. Тухайлбал ходоод шархтай өвчтөнд өвдөлтийн үед нь жинхэнэ цай хэрэглэхэд цочроон өвдөлтийг улам ихэсгэдэг бол Нарийн навчит хөвөн оройт, Нугын шимтэглэйн (мягмансанжаа) навч, цэцгээр ижил хэмжээтэй (1:1) цайны зэхмэл хийж чанаж уухад толгой өвдөх, нойр муудахад сайнаар нөлөөлж алаал, ядаргааг амархан тайлж ажиллах чадварыг нэмэгдүүлдэг байна. Эдгээр ургамлыг манай ард түмэн дээр үеэс цай орлуулан хэрэглэж ирсэн уламжлалтайгаас гадна уг ургамлуудын цэцэг, навч нь витамин С, танин, катехины төрлийн бодисууд бага хэмжээний алколоид, микро элементүүд, сахар, пектин зэрэг биологийн идэвхт бодисууд агуулдагаараа хүний биеийн алжаал ядаргааг тайлах, хоолны шингэцийг сайжруулах үйлдэлтэй гэж үздэг байна. Ургамлын гаралтай эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн цайг өдөр тутам эсвэл удаан тогтмол хэрэглэж болохгүй бөгөөд тодорхой хугацаанд эмчийн хяналтын дор тогтоосон тун хэмжээгээр хэрэглэх нь зохимжтой юм. Сүүлийн үед Европын болон Азийн олон орнууд янз бүрийн үйлчилгээтэй эрүүлжүүлэх эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн шинж чанартай цайг хийж өргөн ашиглаж байна. Манай ард түмэн хүнсний болон эмчилгээний зориулалтаар уламжлан хэрэглэж ирсэн тодорхой шинж чанар бүхий олон ургамлуудаас цай бэлтгэж ундаанд хэрэглэж байсан бөгөөд Ардын эмнэлгийн хүрээлэнгээс Батрашийн навчаар хийсэн хоолны шингэц, ходоод гэдэсний үйл ажиллааг сайжруулах, тайвшруулах, хөлөргөх үйлчилгээтэй “Анхилуун цай”, Адамсын Тэрэлжийн (цагаан даль) цэцгээр хийсэн биеийн тамир тэнхээ сайжруулах, төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг сэргээх үйлчилгээ бүхий “Далийн цай” зэрэг эрүүлжүүлэх чанартай цайг өргөн хэрэглэж ирлээ.
Цайны ханд бэлтгэх арга, ажиллагаа
Жижиглэсэн ургамлыг шил буюу шаазан саванд, эсвэл данх, халуун саванд хийж дээрээс нь шаардагдах хэмжээгээр буцлам халуун ус хийнэ. Хуурай ургамалд шингэхийг тооцоолж усыг 10-15% илүү хэмжээгээр авна. Дараа нь хандлах савырг сайн таглаад буцалж байгаа устай саванд хийж 15-20 минут байлгана. Хугацаа дуусмагц хандыг гаргаж 45 минут хөргөсний дараа 4-5 давхар самбай буюу өөр төрлийн шүүх даавуу ашиглан шүүж, дахин хөвөнгөөр шүүнэ. Шүүсний дараа хэрэглэсэн самбай, хөвөнгөө базаж, ханд хэмжээндээ хүрэхгүй бол усаар хөвөн самбайг норгож шахаад хандаа хэмжээнд нь хүргэнэ. Бэлтгэсэн ханд нь дулаан газар хадгалахад гашлах, хөгцрөх, ялзрах зэргээр амархан мууддаг тул хандыг зөвхөн 1-2 өдөрт багтаан хэрэглэх хэмжээгээр бэлтгэж гэрэлгүй, сэрүүн газар хадгалж хэрэглэнэ. Цайны энгийн хандыг цайны ба хоолны халбагаар эсвэл бусад хэмжүүртэй саваар хэмжиж хэрэглэнэ.

0 Сэтгэгдэл: