Monday, July 15, 2013

1921 ОНЫ ХУВЬСГАЛЫГ БАРУУНЫ ТЭЖЭЭВРҮҮД БИШ, ЖИНХЭНЭ ЭХ ОРОНЧИД ХИЙСЭН ЮМ САН

Миний өмнө нэг урилга байна. Гадна өнгөн дээрээ “Тулгар төр- 2222” “Их Монгол Улс- 807” “Ерөнхийлөгчийн тангараг-2013” гэсэн гурван тамгатай. Дотор талдаа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан төрийн хүндэтгэлийн ёслолын ажиллагаанд морилон ирэхийг урьж байна” гэж... Уул нь энэ баяр наадам чинь “Ардын хувьсгалын яруу алдарт 92 жилийн ойн баяр наадам” юм сан. Андуураа юм болов уу гээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн баяр наадмын ажиллагаа нээж хэлэх үгийг хүлээж байлаа. 

Ардын хувьсгалын 92 жилийн ойг бас л хасчихаж. Ойлголоо ойлголоо. Энэ хэдэн хүн гарч ирэнгүүтээ “Бүгд найрамдах Монгол ард улс”-ыг устгасан юм. “Бүгд найрамдах”, “Ард” гэдэг үгнүүдээс айгаад аваад хаячихсан. Уул нь энэ үгс дэлхийн аль ч улс орны нэр томьёонд байсаар ирсэн, одоо ч байж л байгаа. “Бүгд найрамдах Хятад ард улс” “ Бүгд найрамдах Солонгос улс” “Америкийн нэгдсэн улсын Бүгд найрамдах нам”... гээд одоо хэрнээ байж байгаа биз дээ. Түүгээр буруудсан, муухай болсон юм хаана байна?! Өнөөдрийн эрх баригчид “ардын” гэдэг үгнээс үхтлээ айж байгаа. “Ардын” гэдгийн оронд “олигархиудын” ч гэдэг юм уу, “баячуудын”, “барууны эздийн” гэх үгнүүд чихэнд нь илүү тааламжтай сонсогдож байгаа байх л даа. “БНМАУ”-ыг устгасны дараах ээлжит бодлого нь “Ардын хувьсгалын ойн их баяр наадам” гэдгийг устгах явдал байж л дээ.
Би гайхаад байсан юм. Гэнэт л Тулгар төрийн 2222 жил, Их Монгол Улсын 807 жил, Ардчилсан хувьсгалын 23 жил гээд өчнөөн нэр томьёо гаргаад ирсэн. Энэ ойнууд бүгдээрээ төрсөн, тэмдэглэдэг өдөр сартай том ойнууд л даа. Эд энэ их ойнууд дунд уусгаж “Ардын хувьсгалын яруу алдарт 92 жилийн ой”-г дарж авах л гэсэн далд санаа байж шүү дээ. 1921 оны Ардын хувьсгалыг хаа нэг газрын захиа даалгавраар, тэдний гар хөл бологчид хийгээгүй, Монголын жинхэнэ эх орончид цусаараа, хөлсөөрөө, сэтгэл зүрхээрээ байлдаж авчирсан юм. Энэ хувьсгалчдыг яаж ч харлуулах гээд түүхийн шарласан хуудсуудыг үгүй хийж чадахгүй. Тэр хувьсгалын үед төрж мэндэлсэн, хүүхэд байсан, нүдээрээ үзэж, чихээрээ сонссон хүмүүс одоо амьд байгаа.
Тэдний үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд олон мянган хүн амьд сэрүүн байгаа. Тэдний нүдэн дээр, өвөг дээдсийнх нь баатарлаг гавьяаг үгүйсгэж, 91 жил тэмдэглэсэн баяр наадмыг нь цэргийн сүр хүч үзүүлэн устгаж байхад гомдохгүй байхын арга байна уу?! Зарим ахмадууд бухимдаж, уйлж явна билээ. Ардын хувьсгалын яруу алдарт ойн их баяр наадмыг минь устгачихлаа гэж. Ардын хувьсгалынхаа ойн их баяр наадмыг устгасан үйл ажиллагаанд би очоогүй ээ. Жинхэнэ монгол наадмаа олон арван жил үзэж, сурвалжилж, оролцож явлаа. Одоо болоо. Баячуудын тэжээлийн эрлийз адуу уралдахыг биш, жинхэнэ монгол морьдын тоосон дунд наадаж явлаа. Их мөнгөөр бие биедээ тал засч бууж өгдөг бөхийг биш, жинхэнэ хүчээ сорьж барилддаг шударга бөхчүүдтэй наадмыг биширч дээдэлж явлаа. Махгүй шахам түлэгдсэн хар хуушуурыг биш, хонь үхрийн мах чихэж хийсэн тос нь гоожсон хуушуур идэн наадаж явлаа. Жорлондоо хүртэл хэдэн цаг дугаарласан, зол хийморьгүй баярыг биш, зон олны инээд хөөр бялхсан тэнүүн жаргалтай наадмуудыг сурвалжилж явлаа. Сайд нь хүртэл савчиж дэвхэцсэн ёслолыг биш, сайхан дуу хуур үндэсний бүжгэн дунд умбаж явлаа.
Одоо болсон. Миний хувьд бол Ардын хувьсгалын их ойнуудаа тэмдэглэж, сурвалжилж, бичиж үлдээж явсан гэгээн цагаан ул мөр бий. Бидний үе ч ингээд л дуусах биз. Хойч үеийн хүүхэд, дүү нар маань 91 жил тэмдэглэсэн энэ баяр наадмыг жинхэнэ утгаар нь, жинхэнэ төрхөөр нь, үндэсний ёс заншлаар нь, номын хуудаснаас л унших болж байх шиг байна. Хүмүүсийн ярих нь “Ардын хувьсгалын ойн их баяр наадмыг яваандаа “Ардчиллын баяр” гэгч болгон барууныхантайгаа бахаа ханатал тэмдэглэх юм байх. Баяр тэмдэглэж болно оо! Монголд баяргүй өдөр бараг үгүй болсон. Нэг баяр дуусахад нөгөөх нь эхэлж л байдаг болсон. Бидний татварын хэдэн төгрөг, Чингис хааныхаа нэрийг барин гадаадаас гуйж ирсэн өрийн их мөнгө бараг л бүгдээрээ дээдсийн зугаа цэнгэл, найр наадамд зориулагдаж байна хэмээн хүмүүс хардах болсон. Хардахаас яахав. Саяны наадмаар л гэхэд хөлгүй хөдөллөө шүү дээ. Хэчнээн тэрбумыг зарсан юм, бүү мэд. Одоо бол хяналтгүй болсон. Баяр наадамд сайндаа л зуун мянган хүн бялхаж цалиган наадаа биз дээ. Цаана нь Монголын өлөн зэлмэн хоёр сая есөн зуун мянган хүн байгаа. Тэд бүх юмны үнэ тэнгэрт хадсан, цалин, тэтгэвэр тэтгэмжийг нь хатуу барьчихсан, энэ гуйлгын орчлонд ямар хөөрхийлөлтэй амьдарч байна гээ. Хотын захад хонины хуйхалсан толгойгоор хоёр хонож байгаа айл байна. Улаанчулуутын хогийн цэгээс яс түүж шөл гарган, шар будаа орхиж амь зуудаг бүлэг хүмүүс байна. Шил сав цуглуулж гэдсээ тэжээдэг мянга мянган хүн байна. Орон гэргүй, орц хонгилоор хоног төөрүүлж яваа өдий төдий ядуус байна. Монголчууд ийм хөөрхийлөлтэй амьдарч байхад цөөн хэдэн хүн эцэс төгсгөлгүй наадаад, Монголын мөнгийг харийн банкинд аваачиж чихээд сууж байгаа нь шударга явдал мөн үү. Гуравхан сая хүрэхгүй хүн амыг ийм гутамшигтай амьдруулж байгаа эрх баригчдад бид хэлэх ярих, бичих шаардах эрхтэй гэж бодож байна.
Би хуучин тогтолцооны үеийн сэтгүүлч хүн. Тэр үед Монголын гашуун үнэнийг нуучихаад бүх юм сайхан байна гэж рекламддаг байлаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээдсийн хүрээлэнгийн тансаг амьдралыг гаргаж харуулаад “Монгол Улс ингэж хөгжиж байна. Монголчууд ингэж жаргаж байна” гэж олон улсад рекламддаг байлаа. Өнөөдөр эрх баригчид түүнээс ч илүү башир арга хэрэглэдэг болсон. Барууны дуулгавартай нөхдөө байн байн дуудаж ирүүлэн “Монгол ардчиллын замаар хөгжиж байна” “Ардчиллын жишиг орон боллоо” “Нийслэл Улаанбаатар хот нь Нью-Йоркийн жишигт хүрч хөгжинө” гэхчилэн ер нь амандаа багтсан бүхнийг дэлхийгээр цацах боллоо. Хотын төвийн хэдэн зам талбайг “гурилдсан”, улаан шар хэдэн цэцэг суулгасан, замын нэгдүгээр эгнээг чөлөөлсөн, захгүй дээл өмсгөсөн, өөр юу байгаа юм бэ? Би л хувьд олж харахгүй байна. Цаасан дээр зурсан зураг макет, ухаад орхичихсон нүх, улаан шугам татаад мартчихсан газрууд бол байна аа. Одоо чинь ард түмэн эрхэм дээдсийн ийм тархи угаалтад итгэхээ больсон байна. Би эрх баригчдад нэг л зүйл хэлээд байгаа. Та нар яахав ээ, бидний тархийг яаж ч угааж болно. Улстөрчид ухаантай юм бол улс орныхоо нийгэм, улстөрийн амьдралд байнга бодит дүгнэлт хийж бай гэж...! Сүүлийн хэдэн сонгуулийн ирц байнга буурч байгаа нь төр засагтаа итгэх итгэл алдарч байгаа нь тэр. Монголын төр, Монголын мөнгө хоёроор “зодоод” ч дүнгэн данган хэдэн санал авч байгаа нь та нарын үйл ажиллагаа буруу байна гэсэн үг. Монголоо гэсэн сэтгэлийг умартаж, ард түмнийхээ эрх ашгаас урвах юм бол Чингисийн үр сад уучлахгүй цаг ирэх л байх.

Г.ЖАМЪЯН
(Монгол Улсын Соёлын
гавьяат зүтгэлтэн)

0 Сэтгэгдэл: