Saturday, April 16, 2011

Дэлхий Ертөнцийг бус өөрийгөө өөрчил



Эрт дээр цагт хөгжин цэцэглэж буй улсыг удирдан залдаг нэгэн хаан байжээ. Нэг өдөр тэрээр газар нутгийнхаа алслагдсан хэсгээр аялж үзэхээр шийдэв. Гэхдээ тэрээр ихэс дээдэс шиг аялахыг хүссэнгүй зүгээр л энгийн ард шиг байхыг хүссэн учраас ганцаархнаа явжээ.


Аян замаас эргэн ирэх үед хаан алхсаар байгаад хөлийнх нь ул аймшигтай ихээр өвдөж байлаа. Энэ аялал нь түүний анхны холын аялал байсан бөгөөд түүний явсан зам бартаатай, дов сондуул, чулуу ихтэй газар байжээ. Тиймээс хаан албатууддаа зарлиг буулгав. Хааны эзэмшил нутгийг тэр чигт нь ширэн дэвсгэрээр бүрэх хэрэгтэй гэсэн энэхүү зарлигийг ард түмэн сонсоод алмайрч, дор дороо гайхацгааж байлаа. Мэдээж ийм зүйлийг хийхэд маш их зардал гарч, олон мянган үхрийн арьс хэрэг болох нь ойлгомжтой хэрэг байв. Хааны туслахаар ухаан хурц, бэлэг цэцэн нэгэн түшмэл ажилладаг байжээ. Тэрээр хаанд хандан : Хаантан минь бид ийм зүйлд хаант улсынхаа хөрөнгийг дэмий үрэх хэрэг байна уу? Бүх газар нутаг дээр шир дэвсэхийн оронд та аяллаар гадуур явах үедээ хөлөө багахан ширээр бүрэхэд л хангалттай биш үү гэж гэнэ. Хаан түшмэлийнхээ үгийг сонсоод эхэндээ гайхсан боловч байж болох л зүйл байна гээд хүлээн зөвшөөрчээ. Ингээд хаан газар нутгаа ширээр бүрэхийн оронд өөрийн хөлөндөө "Ширэн гутал" хийлгэжээ. Ингэж хамгийн анхны гутал үүссэн байх нь.

Энэ энгшийн боловч сургамжтай түүхийг бид амьдралдаа байнга хэрэгжүүлэх хэрэгтэй. Дэлхий Ертөнцийг аз жаргалаар дүүрэн газар болгохын тулд таны хийж чадах цорын ганц зүйл бол өөрийгөө, өөрийнхөө зүрх сэтгэлийг л аз жаргалаар дүүргэх явдал юм шүү.

0 Сэтгэгдэл: