Friday, July 3, 2009

18 улсын 1771 иргэнийг албадан гаргажээ

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар энэ оны эхний хагас жилд 82 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын 389 иргэний бичиг баримтад шалгалт хийж, 33 аж ахуйн нэгж, байгууллагын гадаадын 91 иргэний гаргасан зөрчилд зохих арга хэмжээг авсан байна.
Мөн Монгол улсад оршин суугаа байнга оршин суугч, цагаач, харьяалалгүй нийт 460 иргэнд оршин сууж буй хаягаар шалгалт хийжээ. Шалгалтын явцад 318 иргэн хаягандаа байхгүй, нэг иргэн нас барсан, тухайн хороондоо бүртгэлгүй, хаяг тодорхойгүй 140 иргэнийг илрүүлсэн байна. Монгол улсад оршин суух, дамжин өнгөрөх, бүртгэл, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн болон визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан гадаадын 40 орны 919 иргэн, харьяалалгүй нэг хүнд 162 сая 150 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.


Гадаад орнуудаас урьсан иргэнээ зохих хугацаанд бүртгүүлээгүй, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн, визийн хугацааг хэтрүүлсэн, нуун далдалсан зэрэг зөрчлийн улмаас 169 байгууллага, аж ахуйн нэгж, 1337 иргэн хоёр уригчид 126 сая 900 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.
Түүнчлэн Монгол улсад оршин суух хугацааг хэтрүүлэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон 18 улсын 1771 иргэнийг Монгол улсаас албадан гаргасан бол гурван орны 10 иргэнийг “Монгол улсад орохыг үл зөвшөөрөх”, гурван орны 15 иргэнийг Монгол улсаас гарахыг түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргасан байна.

0 Сэтгэгдэл: